Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Үс, нүүр хоёр маань телевизийн өмч

“Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г.Хонгорзултай ярилцлаа.

-Өглөө бүр цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо мэндлэх сайхан хэрэг. “Өнөө өглөө” хөтөлбөртэй хэрхэн холбогдсон тухайгаа ярихгүй юу?

-Би 2013 онд СУИС-ийн Радио, телевизийн сургуулийн хөтлөгч, сэтгүүлчийн ангийг төгссөн юм. Уг нь сургуулиа 2009 онд төгсөх ёстой байсан ч хэсэг хугацаанд охиноо эмчлүүлэх хэрэг гараад дөрвөн жилийн чөлөө авсан. Харин төгссөнийхөө дараахан “Монгол ТВ”-ийнхээ үүдийг татсан даа. Гэхдээ хөтлөгчөөр биш. Танил ахтайгаа хамтраад хоёр төрлийн танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг хийж, шинэ контент төрүүлэх санал тавьж байлаа. Удирдлагуудад шинэ нэвтрүүлгийн санаагаа танилцуулахаар очсон. Тэр үед манайхан нэг их анзаарахгүй байгаа юм шиг санагдаж байлаа. Харин маргааш нь “Өнөө өглөө” хөтөлбөрийн продюссер Саруул эгч маань залгасан. Нэвтрүүлэг маань дэмжигдэж гээд бөөн баяр очтол “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаач гэх санал тавьсан юм. Сүүлд бодох нь ээ, шинэ нэвтрүүлгээс илүүтэй намайг сонирхож байсан юм болов уу. Телевизтэйгээ холбогдсон түүх гэвэл ийм.

-Шалгалтгүй орсон хэрэг үү?

-Яалаа гэж. Пробонд ороод үзээрэй гэсэн. Хэлснийх нь дагуу пробонд ортол болж байна, авъя гэлээ. Шууд нэвтрүүлгийн хөтлөгч амаргүй шүү дээ. Тиймээс эмээж л байлаа. Гэртээ хариад нөхөр болон аав, ээжтэйгээ нэлээн сайн ярилцсан. Өмнө нь өглөө босоод нөхөртөө өглөөний цай бэлдэж өгөөд ажилд нь явуулна, хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд ажил ихтэй байсан болохоор зөв шийдвэр гаргах ёстой байсан юм. Тэгсэн чинь манай нөхөр “Залуу байна, хийгээд үзэх хэрэгтэй” гэж зөвлөлөө. Уг нь би хэзээ ч телевизийн хүн болно гэж байгаагүй. Радиогийн нэвтрүүлэгч болно гэж мөрөөддөг байлаа. Өөрийнхөө хоолойг тодорхой хэмжээгээр радиод тохирно гэж боддог байсан. Яг шийдээ гаргах үедээ аавдаа хэлтэл “Миний охинд том боломж гарч ирж байна. Маш гоё телевизийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллана гэдэг сайхан шүү дээ” гэсэн. Ингээд л “Өнөө өглөө” хөтөлбөртэйгөө холбогдсон доо.

-Дөнгөж телевизэд ороод шууд нэвтрүүлэг хөтөлнө гэдэг тийм амар биш байлгүй?

-Тэгэлгүй яахав. Манай “Өнөө өглөө” хөтөл­бөрт ажиллаж байгаа хүмүүст зориулан гадны мэргэжилтнүүд ирж сургалт явуулдаг. Яг намайг ажилд орох үед Д.Бум-Очир нэвтрүүлгээ ганцаараа хөтөлдөг байлаа. Хоёр долоо хоногийн турш дагалдаж байгаад эфирт гарсан. Тэгсэн Д.Бум-Очир маань хоёрхон өдөр надтай хамт ажиллаад Англи руу яваад өгсөн. Тэнд доктор хамгаалаад ирсэн юм. Ингээд ганцаараа нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн дээ. Юм болгоныг эхлэхэд амаргүй байдаг шүү дээ. Яг л тийм байсан. Эфирт сандарна, шинэ орчинд дасахгүй. Гэхдээ хамт олондоо маш хурдан дассан шүү. Одоо бол Д.Бум-Очирыг эрдмийн ажлаар гадагшаа явсан хойгуур ганцаараа л эфирт гарна. Анх хөтлөгч болж байсан үетэйгээ харьцуулбал багагүй туршлагажсан байна. Ирэх арванхоёрдугаар сард “Өнөө өглөө” хөтөлбөртөө ирсний хоёр жилийн ой болно. Энэ хугацаанд 1000 гаруй сэдвийн дагуу ийм тооны хүмүүстэй уулзаж ярилцжээ.

-Өглөө хэдэн цагт босдог вэ. Ажлын цагийн хуваарь хэдээс хэдэн цаг хүртэл үргэлжлэх үү?

-Манай байгууллагын зүгээс ажилчдаа өглөө эрт унаагаар авдаг юм. Баруун талаасаа эхэлж авсаар манай гэрийн гадаа 05 цагт ирнэ. Тэгэхээр би 04 цаг өнгөрөөгөөд босдог гэсэн үг. Нэвтрүүлэг маань 06.30 цагт эхлээд 09.30-д дуусна. Бямба гаригт амардаг. Орой харин 23 цагт унтчихсан байдаг. Заримдаа найз нөхөдтэйгөө уулзах, гадуур гарах үе байна. Шөнө 01, 02 цаг хүртэл явж байгаад харьчихаад нүдээ амраагаад буцаад гардаг.

-Эрт босоод эфирт гарахад өөрийгөө бэлдэх хэцүү юу. Нүүрээ будах, үсээ янзлахаас эхлээд ажил ихтэй шүү дээ?

-Өглөө ирэхэд нүүр хувиргагч маань ирчихсэн байдаг. Өглөө гэрээсээ шууд гараад ирчихэж байгаа болохоор нүүрээ будуулаад, үсээ янзлуулна. Гэхдээ айхтар хүнд будаж болохгүй. Ерөнхийдөө цэвэрхэн харагдахаар тооцоолж нүүрээ будуулдаг.

-Телевизийн зүгээс үсээ ингэж тайруул, нүүрээ ингэж буд гэх зэргээр шаардлага тавьдаг уу?

-Эфирийн соёл гэж том зүйл байна. Үгүй ядаж л үсээ шараар будаж болохгүй. Хүний анхаарлыг татахуйц том ээмэг, зүүлт зүүхгүй гэхчлэн зарчмууд байдаг. Хөтлөгчид нүүрээ хэрхэн будах, ямар хувцас өмсөх вэ гэдэг дээр телевизийнхэн маань маш сайн анхаарч зөвлөгөө өгнө. Ер нь үс, нүүр хоёр телевизийн өмч. Үсээ тайруулмаар байвал албаныхаа даргад мэдэгдэх ёстой. Барагтай л зөвшөөрөхгүй дээ. Дээрээс нь нүүр хувиргагч нартайгаа зөвлөнө. Тэд нар маань “Хонгор оо, үсээ жаахан тайруулъя. Чёлкоо жаахан богиносгоё” гээд үсчин рүү дагуулж явдаг. Арьс арчилгааны тал дээр ч гэсэн сайхан амраарай, арьсаа гоё байлгаарай гээд маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өгнө. Гэхдээ би айхтар ач холбогдол өгөөд хэдэн цагаар нүүрээ илээд суугаад байдаггүй юмаа. Ерөнхийдөө цаанаасаа ивээгээд байх шиг байдаг юм.

-Хувцас яадаг вэ. Танай телевизийнхэн “Хөтлөгчийн хувцсыг тэр дэлгүүр ивээн тэтгэв” гэж харагддаггүй юм?

-Хувцсыг бас л телевизээс маань өгнө. Албаны маш олон хувцас өгсөн. Долоо хоногийн зургаан өдөр эфирт гарч байгаа. Тэгэхээр хувцас олон байх хэрэгтэй. Үүн дээр манай телевиз маш сайн анхаардаг. Зөвхөн надад зориулаад, миний хэмжээг аваад захиалгаар хийлгэнэ.

-Хэдэн ээлжийн хувцастай бол?

-Шүүгээ дүүрэн хувцастай. Телевизээс авч өгсөн зөвхөн эфирт өмсөх хувцас гэхэд 60, 70 гаруй байгаа байх шүү. Дээрээс нь миний хувийн хувцас тусдаа. Тэгэхээр нэлээн олон ээлжийн хувцастай болчихдог.

-Эрт босох залуу хүний хувьд амархан биш. Нойроо харамлах үе байдаг уу?

-Яг үнэнийг хэлэхэд өмнө нь нойрондоо их харам байсан. Гэхдээ энэ ажил миний хувьд албан ёсоор хөдөлмөрийн гэрээ хийсэн анхны ажил. Тиймээс өөрөө өөртөө “Надад үүрэг хариуцлага оногдож байна. Би хоцрох эрхгүй” гэсэн шаардлага тавьчихсан. Дээрээс нь шууд эфир гэх ойлголтыг толгойндоо бат суулгачихсан. Тэнд нэг л хүн байхгүй бол яах билээ гэдгийг ухамсарладаг болохоор эрт босох хэцүү санагдахаа больсон. Тэгээд ч олон давуу талтай шүү дээ. Өглөө эрт ажлаа хийгээд 11 цагт гэртээ харьчихсан байдаг. Өдрийн цагаар завтай болчихоор гэр бүлдээ хангалттай цаг гаргаж байна. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлнэ. Би морин хуур тоглох дуртай. Тэрийгээ давтана. Мөн англи хэлээ сайжруулна гээд олон зүйлийг амжуулдаг юм.

-Гэрээсээ гарахдаа цай чанаж амжих уу?

-Шууд босоод л гардаг юм. Цай чанах, нөхрийн өглөөний хоолыг бэлдэж өгөх, хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх гэх зэрэг ажилд хадам ээж маань тусална. Ерөнхийдөө манай гэрийн арыг даадаг гэж хэлж болно. Сайн хадам ээжийн ачаар ямар ч зүйлд санаа зовохгүйгээр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг юм.

-Ажлаа хийж байхдаа өлсдөг үү?

-Гайгүй ээ. Ажил дээрээ ирэхэд өглөөний цай бэлдчих­сэн байдаг юм. Тэрийгээ уугаад ажилдаа гарна.

-Дуучид өглөөгүүр хоолой сэрдэггүй гэж ярь­даг юм байна лээ. Та нарын хувьд яадаг вэ?

-Үнэн шүү. Хоолой сэрэхгүй байна гэж байдаг. Миний хувьд ажил дээрээ ирээд нүүрээ будуулж байхдаа дуулчихдаг юм. Хэд сайн чангахан шиг дуулчихад хоолой сэргэчихнэ.

-Шууд нэвтрүүлгийн үеэр янз бүрийн зүйл тохиолддог байх. Эфирт тохиолдож байсан хөгжилтэй зүйлээсээ ярихгүй юу?

-Янз бүрийн хөгжилтэй зүйл их гарна. Анх пробонд орж байх үедээ сандраад “Сайн байцгаана уу, өглөө өнөө хөтөлбөр эхэлж байна” гээд хэлчих жишээтэй. Хөндлөнгөөс харахад амархан санагддаг байж мэднэ. Хөгжилтэй зүйл олон тохиолдож байсан ч яг одоо санаанд орж ирэхгүй байна.

-Эфирт гарсан хойно гэнэт найтаах ч юмуу өөрөөс тань хамаарахгүй зүйл тохиолдвол яадаг вэ?

-Найтаана. Үзэгчдээсээ уучлал гуйгаад өнгөрнө. Боломж байвал найруулагч руугаа сэмхэн дохьчихно. Тэгэхээр камер өөр тийшээ шилжчихдэг юм. Тэр үед дууны найруулагч миний микрофоныг хаачихдаг. Энэ хооронд нь гялс амжуулж аваад юу ч болоогүй юм шиг сууж байх жишээтэй.

-Уригдсан зочин хоцрох тохиолдол гарах уу?

-Гаралгүй яахав. Хүндэтгэх шалтгаан хэлэхгүйгээр утсаа салгаад алга болсон тохиолдолд эфирээрээ шууд хэлчихдэг юм. Ийм зочин урьсан юм, харамсалтай нь ирсэнгүй гэнэ. Ирэхгүй гэдгээ ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдсэн тохиолдолд тэр дор нь арга хэмжээ аваад явчихдаг юм. Дээрээс нь чөлөөт нэвтрүүлэг учраас хөтлөгчид хоорондоо ярьж болно. Тэгэхээр цаг яах бол гэж санаа зовдоггүй. Манай сэтгүүлч, продюссерууд үнэхээр мундаг. Ажлаа сайн хийнэ. Тиймээс санаа зовох зүйл бараг гарахгүй дээ.

-Телевизийн хөтлөгч нарыг сайхан царайнаас цаашгүй гэж шүүмжлэх нь бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ёстой хатуу шүүмжилмээр байдаг. Хүнийг сайн ч, муу ч зүйл хийсэн шүүмжилдэг нь манайхны зан юм шиг байгаа юм. Уг нь айлын охин хүүхдийг тэгж хэлээд байж болохгүй л дээ. Нэг их хөөрхөндөө, царайлагтаа очоод суучихдаг гэвэл эндүүрэл. Албан байгууллага нь тодорхой хэмжээгээр шалгаж авна. Сурна, сургуулилна. Шаардлага биелүүлнэ. Тэнд зүв зүгээр очоод суучихдаггүй болохоор өмөөрмөөр санагддаг юм. Яахав мэр сэр алдаа гаргаж байгаа хөтлөгч байдаг л байх.

-Гэр бүлээ танилцуулах­гүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай нөхрийг Б.Эрдэнэ­бат гэдэг. Уг нь Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. Харин сүүлийн үед урлагт орчихоод байгаа. Анх “Оюутны нууц амраг” гэж киноны туслах дүрд тоглож байсан. Тэрнээс хойш хэд хэдэн клип, сурталчилгаанд тоглосон. Сүүлд МҮОНТ-ийн “Нарны жим” олон ангит уран сайхны кинонд тоглолоо. Одоо харин “Улаанбаатар, би чамд хайртай” гээд 20 ангит киноны продюссероор ажиллаж байна. Манайх нэг хүүхэдтэй. Номин гэж таван настай охин бий. Намайг ажилд ороод удаагүй байхад “Өнөө өглөө” хөтөлбөрийн давталтыг үзэж байгаа охин маань их гайхдаг байсан. Давталт гарч байх үед би гэртээ байж байдаг. Тэгэхээр зурагт руу нэг хараад л, гэртээ байгаа ээжийгээ нэг хараад л. Юу болоод байна вэ гэсэн шинжтэй. Одоо бол тоохоо больсон.

-Ээж шигээ телевизийн хөтлөгч болно гэж ярих уу?

-Гурван настайгаасаа л хүүхэд барьдаг эмч болно гэж ярьдаг байсан юм. Одоо хэр нь хэвээрээ. Харин намайг харчихаад “Чиний үс ямар гоё юм бэ. Минийхийг бас ингээд буржийлгаад өг” гэх юмуу “Нүдээ ямар гоё будсан юм бэ, одоо минийхийг будаарай” гэдэг болсон.

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд юунд зорьдог вэ?

-Жүжигчин болохыг хүсдэг. 30, 40, 50 настай болсон ч хамаагүй жүжигчин болно гэж мөрөөддөг юм.

-Удамд тань урлагийн хүн бий юу?

-Манай аав Ганхуяг гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин. Аав маань эхээс наймуул. Бүгдээрээ урлагийн авьяастай. Бага байхдаа наймуулаа тайзан дээр гарч тоглолт хийдэг байсан гэсэн. Тэднээс манай аав л жүжигчин болж урлагтай амьдралаа холбосон ч гэлээ бусад нь бас л урлагт элэгтэй хүмүүс шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *