Categories
мэдээ нийгэм

Г.Жалбуу: Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид, эрх бүхий албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулдаг


Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай Цагдаагийн ёс зүйн талаар ярилцлаа.


-Олон нийтийн амгалан тайван байдлыг сахиулж байгаа цагдаа хүн энгийн иргэдтэй яаж харилцах ёстой вэ?

-2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” хэмээн тодорхойлсон байдаг. “Тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ” гэж заасан.

Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн хамгаалахаас гадна ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэлийг хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлан жилладаг. Мөн Цагдаагийн алба хаагч нь дээрх хуулиас гадна тусгай дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрддөг бөгөөд хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хандах эрхэм үүргийг удирдлага болгон иргэд олон нийттэй харилцан ажиллах үүрэгтэй.

-Цагдаагийн ёс зүйн дүрмийн заалтууд байдаг шүү дээ. Түүнд юу гэсэн заалтууд бий вэ?

-Хамгийн сүүлийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны зургадугаар сарын 28-ны өдрийн А-201 дугаартай тушаалын дагуу Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг баталж, даган мөрдөж байгаа.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр алба хаагчийн ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ шаардлагыг тодорхойлон, түүнийг хангуулах үйл ажиллагааны зохион байгуулалт, журмыг тогтоож, ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулж өгсөн. Дээрх дүрмээр цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаандаа баримталж ажиллах үүрэг, шаардлагаас гадна сахилга хариуцлага алдвал хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг тусгасан байдаг тул албан хаагчдын чанд сахих хэм хэмжээ болдог. Тухайлбал, алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэнтэй эелдэг, хүлээцтэй тэвчээртэй, ажил хэрэгч, зарчимч, даруу төлөв харьцах ёстой бөгөөд бүдүүлэг, хүйтэн цэвдэг, дээрэнгүй, балмад согтуу хөлчүү харьцаж, хүнийг айлган сүрдүүлэх, дарамтлах, хясан боогдуулах, эрхшээлдээ оруулах, хувийн харьцаа тогтоохоос зайлсхийх ба басамжлан доромжлохгүй байх. Мөн олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албаны мэдээ, мэдээлэл оруулахгүй, ажлын цагаар хувийн асуудлаар цахим сүлжээнд орохгүй байх зэрэг хязгаарлалтуудыг тогтоосон байдаг.

-Олон нийтийн сүлжээнд дайныг эсэргүүцэж жагссан иргэдийн бичлэг доор цагдаагийн нэгэн алба хаагч “Хорь цагд, байя аа, больё оо гэтэл нь шээс баастай нь холь” гэх мэтээр бичсэн байсан. Цагдаа хүний эрхэд тэгж халдаж болох уу?

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тавигдсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд нийтээрээ санал шүүмжлэлтэй хандаж тэрийгээ дагаад бодит баримттай зүйлд бус хэн нэгний үзэл бодлоо илэрхийлсэн мэдээлэлд хэт ач холбогдол өгөх хандлага нийгэмд их байна.

Учир нь техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед иргэд мэдээллийг цаг алдалгүй авч байгаа нь сайшаалтай боловч өөрсдийн үзсэн, уншсан зүйлд хэт нэг талыг барьж хандаж байгаа нь харагддаг. Хэрэв цагдаагийн алба хаагч олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж бусдыг “Хорь цагд, байя аа, больё оо гэтэл нь шээс баастай нь холь” гэх мэтээр бичсэн асуудал байгаа бол холбогдох дотоод хяналт шалгалтын байгууллага нь шалгаад буруутай гэж үзвэл ёс зүйн дүрмэндээ заасан тодорхой арга хэмжээг авах ёстой. Гэтэл дээрх иргэнийг цагдаагийн байгууллагад ажилладаг үгүйг тогтоолгүйгээр түүний цагдаа хувцастай гэрэл зургийг ашиглан нийт цагдаагийн нэр хүндийг унагах үйлдэл гаргах нь зохимжгүй юм. Тухайн иргэнийг цагдаагийн алба хаагч үнэхээр мөн үү, одоо цагдаагийн албанд ажиллаж байгаа юу гэдгийг огт тогтоогоогүй байж шууд цагдаагийн алба хаагч олон нийтийн сүлжээгээр хүний эрхэд халдсан гэж үзэх нь учир дутагдалтай гэж харж байна. Үүнд шалгах ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагч мөн эсэхийг хянаж, шалгах тогтоох нь зүйн хэрэг байх.

-Цагдаа шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй иргэнээс мэдүүлэг байцаалт авахдаа яаж харьцах ёстой вэ?

-Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхдээ гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авдаг. 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар байцаалт гэх ойлголт байхгүй болсон. Гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах гэж хуульчилж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан байдаг. Мөн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглодог. Тиймээс цагдаагийн алба хаагч нь иргэдээс мэдүүлэг авахаар дуудахдаа түүнийг утсаар, нэг бол прокурорын дуудан ирүүлэх хуудсаар дуудаж болдог ба ямар хэрэгт мэдүүлэг авах гэж байгаагаа тайлбарлан тухайн мэдүүлэг өгөх хүнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч өөрт нь уншуулсаны дараа мэдүүлэг авах ёстой. Иргэд өөрсдийн зүгээс “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн үндсэн эрхээ мэдэж байх шаардлагатай.

-Цагдаагийн эрх үүргээ хэтрүүлэн ёс зүйн дүрмээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид ямар шийтгэл ногдуулдаг вэ?

-Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулахаар заасан байдаг. Үүнд сануулах, албан тушаалын сарын үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах, албан тушаал бууруулах, цагдаагийн цолыг бууруулах, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэлүүдээс тухайн албан тушаалтны гаргасан зөрчлийн хэр хэмжээнд тааруулан эрх бүхий албан тушаалтан оногдуулдаг.

-Хууль биелүүлэгч, хуулийг биелүүлэхийг шаарддаг гол субъект нь цагдаа. Тэгвэл цагдаа өөрөө хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн Эрүүгийн шинжтэй үйлдэл гаргасан бол түүнд хариуцлага үүрүүлэх дараагийн субъект нь хэн бэ?

-Бид хууль засагладаг нийгэмд амьдарч байгаа тиймээс хууль биелүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч цагдаагийн үйл ажиллагаа ч гэсэн хууль тогтоомжийн хүрээнд нарийн дэг журамтайгаар явагддаг болохыг өмнө нь дурдсан. Тухайн албан хаагч хуульд заасан эрхээ хэтрүүлбэл Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хуульд сахилгын шийтгэлийг оногдуулах эрх бүхий байгууллага нь дээд шатны эрх бүхий албан тушаалтан нь байна. Өөрөөр хэлбэл, тухайн албан хаагчийн шууд харьяалах албаны даргад гомдол гаргаж болно. Харин зөрчлийн болон эрүүгийн хэргийн шинжтэй

йлдэлд шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэнэ.

-Энгийн иргэний хуулиар олгогдсон хэм хэмжүүрийг зөрчин, ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж мэдүүлэг, байцаалт авсан алба хаагчийн тухай мэдээллийг энгийн иргэд хаана хандаж, гомдол мэдээллээ гаргах ёстой вэ?

-Цагдаагийн алба хаагчийн хууль зөрчсөн үйлдлийн талаарх санал гомдлоо иргэд тухайн цагдаагийн байгууллагын даргад амаар болон бичгээр гаргаж болно. Мөн 126, 70191000 гэсэн дугаарын утсаар холбогдож цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудлын талаар гомдол гаргаж холбогдох мэдээллийг өгөх боломжтой.

С.ОТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *