Categories
мэдээ нийгэм

Г.Гонгоржав: Удахгүй хүмүүс чулуутай ярьдаг болно

Үндэсний түүхийн музейд чулуу судлаач Гомбожавын Гонгоржавын “Чулууны хээ” тав дахь үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. “Чулууны хээ” үзэсгэлэнгийн “Мөсөн уул” зургийг харахад Америкийн алдарт зураач Рокуэль Кант, “Алман саран” зургаас абстракт зургийг үндэслэгчдийн нэг, оросын зураач К.Малевичийн “Чёрный Квадрат”, “Говь”, “Говийн өнгө” зэрэг зургуудаас монголын байгалийн уянгын дуучид Л.Гаваа, М.Цэмбэлдорж нарын зураач уран бүтээлчдийн уянгын зургууд цогцлон байх шиг ер бусын сэтгэгдэл төрөх буй за хэмээн танилцуулга дээрээ онцлон дурджээ.

Ингээд Г.Гонгоржав гуайтай “Чулууны хээ” үзэсгэлэнгийнх нь талаар хөөөрөлдсөнөө хүргэе.

Та ямар мэргэжилтэй хүн бэ, энэ таны хэд дэхь үзэсгэлэн бэ?

-Чулууны сэдвээр гаргаж байгаа миний тав дахь үзэсгэлэн юм. Монголчуудын өв соёл гэж юм хийх гэж байсан юм. Гэхдээ одоо ийм үзэсгэлэн боллоо. 1960-д оноос чулуу цуглуулах ажлаа эхэлсэн. Ийм чулуутай нөхөрлөсөн хүн геологи мэдэхгүйгээр явахгүй. Би өөрөө геологич, эрдэс судлалын инженер хүн. Мөн химийн талын хүн. Тэгээд дараа нь сэтгүүлч болоод “Үнэн” сонинд ажиллаж байсан. Дараа нь “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гэж цуврал гарч байсан. Түүний ахлах редактороор ажилласан. Мэргэжил солигдсон гэхэд болно.

Байгалийн чулуунуудаа хаанаас олсон бэ?

-Хаанаас олсноо хэлэхээр хүмүүс очоод сүйрүүлээд хаячих учир тэр аймаг, сум л гэж хэлж болох юм.

-Та өөрөө олж цуглуулсан уу?

-Би нэг ч цэг зураас тавиагүй. Бүгд байгалиараа байгаа чулуунууд юм. “Сувдан сондор” хөтөлбөрт хамрагдан орон нутгаар явах нь надад энэ чулуунуудаа түүх далим болдог.

-“Даяанч” гээд чулуу байна. Энэ дотор нь байгаа бурхан яг ийм хэлбэрээрээ олдсон юм уу?

-Тийм. Дотор нь байгаа энэ саран чулуун бурхан яг энэ хэвээрээ байгалиас олдсон. Энэ хоёрыг ингэж зохиомжилсон юм. Бусдыг нь ерөөсөө зохиомжлоогүй.

-Үзэсгэлэн хэдэн хэсгээс бүрдэж байна вэ, гол зорилго нь юу вэ?

-Гурван хэсгээс бүрдэж байгаа. Чулууны гоо сайхны хүмүүжлийг залуу үеийнхэндээ олгох зорилго байгаа. Чулууны сайхан чанарыг мэдэхгүй гадагшаа гаргачихдаг, эсвэл хөөрөг хийгээд дуусгачихдаг байж болохгүй. ОХУ-д сайхан хаштай газар байж байгаад үнсний сав хийгээд дуусгачихсан түүх бий. Бид тэгж болохгүй. Чулуунд шүлэг, яруу найраг, уран зураг гээд бүх юм шингээстэй байдаг. Уран зургийн анхны хэлбэр нь чулуунд хадгалагдаж байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон.

Чингис хааны түүхэнд хажууд нь цагаан чулуу хагарч хасбуу тамга гарав аа гэсэн байдаг. Тэгэхээр одоогийн шинжлэх ухаан хөгжсөн үед бол өөрөөр тайлбарлах болж байна л даа. Бид нар бол тэнгэрийн л хүмүүс. Тэнгэрээс харахад бид тэгж л харагдана.

Чулуу амьтай гэдэгтэй та санал нийлэх үү?

-Чулуу амьтай гэдэгт би үнэмшинэ. Би тэр байтугай ойрын үед хүмүүс чулуутай ярьдаг болно гэж бодож байгаа. Олон жил чулуутай харьцсаны хувьд тийм сэтгэгдэл төрж байгаа юм. Хээр явж байхдаа би чулуутай ярина. Сайхан дүрс тодроод ирвэл надад л бэлэглэж байгаа юм шиг санагддаг. Энэ бүх санааг надад байгалиас өгч байна гэж боддог доо.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *