Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Иргэдэд богино хугацаанд мөнгөн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, гэхдээ түүнийгээ онилж хийх нь зөв

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-“Covid-19” цар тахал гарсан энэ үед дэлхийн улс орнууд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд яг ямар арга хэмжээнүүд авч байна вэ?

-Цар тахлын үед улс бүр хүндхэн байдалд орсон нь үнэн. Мэдээж бодлого боловсруулагчдын хувьд энэ цаг үеийг хэрхэн хохирол багатай даван гарах вэ гэдэг том асуулт ирээд буй. Улс, орнуудын нийт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үндсэн гурван бүлэгт хуваан харж болно. Үүнд сангийн бодлогын дэмжлэг, мөнгөний бодлогын дэмжлэг,валютын ханш ба төлбөрийн тэнцэл орно. Улс бүр өөрийн эдийн засгийн онцлогоосоо хамаараад эдгээр гурван төрлийн арга хэмжээнүүдийг авсаар байна. Дийлэнх улс зах зээл дээрх хүүг буулгасан буюу зөөлөн мөнгөний бодлого баримталж байна. Түүнчлэн засгийн газар тодорхой татваруудыг хойшлуулсан бөгөөд шууд мөнгөн дэмжлэг ч үзүүлсээр байна. Гадаад худалдаанаас хэт хараат, валютын ханш нь хэврэг зарим нэг улсуудын хувьд төлбөрийн тэнцэл, валютын ханш дээрээ тодорхой бодлогууд гарган ажиллаж байна. Гэсэн ч байдал сайнгүй л байна. Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2020 онд гурван хувиар агшина гэсэн тооцоо гаргасан. Харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд тахалд хүчтэй нэрвэгдсэн гэдэг утгаараа дэлхийн дунджаас даруй хоёр дахин их агшихаар байгааг дурдсан. Мэдээж саарын хажуугаар сайн ч мэдээ байна. Тархалт саарч буйтай холбоотойгоор тавдугаар сараас хойш хэд хэдэн улс карантиныг зогсоож эдийн засгийн нөхцөл байдлаа хэвийн болгохоор зорин ажиллаж байна.

-Англи улс эдийн засгаа сэргээхийн тулд иргэддээ 2500 фунт стерлинг өгч байгаа. Хэрэв энэ нь амжилттай болбол 5000 фунт стерлинг болгоно гэнэ. Монголд ийм арга хэрэглэж болох уу?

-Англи улс болон Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтэц, хөгжил зэрэг нь шал ондоо л доо. Английн Фунт стерлинг бол хамгийн үнэтэй валют. Түүнчлэн үйлдвэрлэл хүчтэй хөгжсөн орон. Харин манай валют маш хэврэг, жаахан л байдал эвгүйтэхэд 20-30 хувиар ч сулардаг эд. Тэгэхээр манайд хамаагүй мөнгө тараах нь илүү том асуудлыг дагуулж мэднэ. Ер нь эцсийн дүндээ мөнгөн дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн эргэлтийг зогсоохгүй байх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Тэгэхээр манай эдийн засагт бүх хүнд жигд тараах гэхээсээ илүүтэйгээр тодорхой бүлгүүдийг онилон дэмжлэг үзүүлбэл зохилтой. Английн энэхүү хөтөлбөр ч бас зорилтот бүлэгт өгч байгаа дэмжлэг шүү. Түүнчлэн зах зээлд мөнгө нийлүүлэхдээ бас нөгөө талдаа төлбөрийн тэнцэлд тодорхой бодлогууд гарган ажиллах хэрэгтэй. Ийнхүү валютын ханшаа хамгаална шүү дээ.

-Цар тахал бидний эдийн засагт хүндээр тусч, тэр нь үргэлжилж байгаа. Эдийн засаг талаас нь харвал онцгой нөхцөл байдлыг сулруулах нь зүйтэй юү?

-Энэ бол миний хариулах асуулт гэхээсээ эрүүл мэндийн чиглэлийн хүмүүсийн ярих ёстой зүйл байх. Хэрэв би хариулбал шат дараалалтайгаар, хяналттайгаар сулруулах нь зүйтэй л гэж харж байна. Эс бөгөөд маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьсаар л байх болов уу. Өмнө нь хэлж байсанчлан тавдугаар сараас хойш маш олон улсууд шат дараатайгаар эдийн засгаа нээхээр ажиллаж байна. Тэдгээрээс ч гэсэн суралцах л ёстой болов уу.

-Иргэдийн амьжиргааг халамжийн бодлого, зээл төлөлтийг хойшлуулах аргаар удаан барьж чадах уу. Тийм хэмжээний нөөц, хуримтлал бий юү?

-Эдийн засаг гэдэг нэг талдаа бүтээмж, бодит үйлдвэрлэл, нөгөө талдаа түүнтэй зэрэгцэн орших мөнгө, санхүү байдаг. Нэгэнт өнөө цаг үед хүнийг хүчээр ажил хийлгэж, бүтээмжийг нь нэмэгдүүлдэггүй болсон тул удирдах байгууллагууд бүтээмжийг сайжруулах зорилгыг мөнгө, санхүүгээр нь л дамжуулж хийдэг болсон. Үүнийг дамжиж буй сувгаар нь ялган мөнгөний, сангийн бодлого гэх зэргээр нэрлэдэг. Аль ч утгаараа бай хамаагүй ийнхүү мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, богино хугацааны хүндрэлийг даван туулахад зориулсан мөнгөний дэмжлэг зэрэг нь урт үргэлжлээд байх боломжгүй зүйл. Эцсийн дүндээ бүтээмж, бодит үйлдвэрлэл нь өөрчлөгдөхгүй бол тэгээд хямрал л болно. Удаан хугацаанд мөнгөн дэмжлэг үзүүлсээр байвал сүүлдээ мөнгө үнэгүй болж, үйлдвэрлэл зогсож утгаа алдана. Бүтээмжид бүр сөрөг нөлөөг үзүүлнэ. Эцэст нь дүгнээд хэлэхэд богино хугацаанд мөнгөн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, гэхдээ түүнийгээ онилж хийх нь зөв. Үүнтэйгээ зэрэгцүүлэн валютын урсгалаа удирдах, шаардлагагүй валютын гадагшлах урсгалыг бууруулах, тариф нэмэгдүүлэх, зарим валют олж ирж буй бүтээгдэхүүнээ дэмжих нь зүй. Ингэж үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдэхээс хамгаална. Харин урт хугацаанд энэ байдлаар удаан тэсэхгүй, шат дараалан онцгой нөхцөл байдлыг сулруулах нь зүй. Манайх ч биш бүх улс л эдийн засгийн бүтцээсээ шалтгаалаад эдгээр арга хэмжээг авч байна шүү дээ.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *