Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа.
Ингэснээр тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.
Харин -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:
- -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
- -54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй аравдугаар сарын 31-ний орой тулалдана.
- -71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д ОХУ-ын Вадим Мусаевтай аравдугаар сарын 31-ний шөнө тулалдана.
Тэмцээнээ дуусгасан тамирчид:
- -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
- -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
- -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.