Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Эрдэнэбат: С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нэхэн сэргээж шалгах сэжүүр гарсан

Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбатаас олны анхаарлыг татаж буй хэргүүдийн талаар тодруулснаа хүргэж байна.

-УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх, сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг прокурорын байгууллагын хяналтад байгаа. Удахгүй тус эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл шүүхэд шилжүүлэх үү гэдгийг прокуророос шийднэ. Харин Улсын их хурлын даргын зөвлөх асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татсан, гадагш явах эрхийг түдгэлзүүлсэн. Үүнээс илүү тодорхой хариулт өгөх боломжгүй.

-С.Зориг агсны хэргийн тухайд?

-Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Б.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэгтэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээж шалгах сэжүүр гарсан. Эрүүгийн хэрэгт холбогдуулан хүн шалгаж байгаа тохиолдолд бид тэр хүний нэр хүндэд халдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь дээр байх. Тиймээс энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-С.Зориг агсны гэргий Б.Булганыг цагдан хориод удаж байна. Нууцын зэрэглэлтэй гээд мэдээлэл өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Эрүүгийн хэрэгтэй холбогдуулан сэргээн шалгах үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна.

-Б.Булганы эрхийг зөрчиж буй асуудал гарсан уу. Энэ тухай хэвлэлүүд мэдээлж байгаа?

-Прокурор хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрвээ хоригдож байхад гаргасан зөрчил байвал хяналт тавьж байгаа прокурор нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Тэр хүний эрхийг хангаж ажиллаж байгаа. Өмгөөлөгч, ар гэрийнхэн нь хэрвээ хүсэлт гаргасан бол түүнийгээ прокурорын байгууллагад хандаж гаргасан байх ёстой.

-С.Зоригийн хэрэгт холбогдуулан хэдэн хүнийг хорьж шалгаад байгаа юм бэ?

-Эрүүгийн хэрэгт холбогдуулан хүн шалгаж байгаа. Иймд бид тэр хүний нэр хүндэд халдах хэрэггүй байх. Тиймээс энэ хэргийн талаар ярих боломжгүй.

-УИХ-ын гишүүн холбогдсон хэрэг шалгагдаж байгаа юу?

-УИХ-ын гишүүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хариуцлагад татсан тохиолдолд энэ асуудлыг Ерөнхий прокурор УИХ-д хүсэлт тавиад бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгадаг. Өнөөдрийн байдлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгаж байгаа гишүүн байхгүй. Харин зарим нэг төрийн өндөр албан тушаалтнуудыг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

-Нэрийг нь хэлж болох уу, хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтан бэ. Зам тээврийн сайд асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг шалгаж байгаа гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хэрэг учраас мөрдөн байцаалтын нууцтай холбоотой. Нөгөө талаас хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад бусдын нэр төрд халдаж олон нийтэд мэдээлэх боломж алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *