Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батсүх: Барилгын материалын үнийн өсөлт, бууралт орон сууцны үнийн өсөлтөд бага нөлөөлдөг DNN.mn

Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” өчигдөр болов. Тус чуулганаар барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудал, гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан юм. Энэхүү чуулганд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Сангийн яам, ШУТИС Материал судлалын төв, Монголын логистикийн холбоо болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчид, ханган нийлүүлэгчид, салбарын Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Барилга МН-ийн захирал Г.Батсүхтэй ярилцлаа.


-“Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болж өндөрлөлөө. Барилгын салбарын чуулганы үр дүнг юу гэж харж байна вэ?

-Өнөөдрийн (өчигдөр) “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023”-д бид бүхэн салбарын судалгаа, мэдээлэл, төрийн худалдан авалт, санхүүжилтийн тухай болоод ханган нийлүүлэлтийн орчин үеийн чиг хандлага, логистикийн үйл ажиллагааны талаар оролцогчдодоо мэдээлэл өгч барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцуудыг олохоор хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж шийдлийг зохих төрийн байгууллагуудад саналаа тавьж хэрэгжүүлэхээр бид бүхэн чууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс барилгын материалынхаа 70 гаруй хувийг импортоор авч, 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дотоодын зарим үйлдвэрүүд ч 100 хувь түүхий эдээ гадаадаас импортолж байгаа. Ихэнх түүхий эдээ гадаад орнуудаас импортоор авч буй учраас бид чанартай барилга барихын тулд чанартай барилгын материал хэрэглэх ёстой. Дотоодод барилгын материал үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд бид асар их шаардлага тавьж, тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээг шаарддаг хэрнээ импортын бүтээгдэхүүнд ямар ч шаардлага тавихгүй байна. Одоогийн байдлаар дэлхийд импортоор орж ирж буй барилгын материалын бүтээгдэхүүнд хяналт тавьдаггүй улс гэвэл Монгол Улс маань л ганцаараа байна. Дэлхийн бусад орнууд бүгд хуулиа хэрэгжүүлж, чанарын шаардлага тавьж ажиллаж байгаа. Тиймээс барилгын материалыг хүнс, эмтэй адилтган эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн гэж үзэж чанар, стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг оруулж байх ёстой. Ингэснээр бид чанартай барилга, орон сууцанд амьдрах нөхцөл боломж бүрдэнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдөр “Ковид-19” цар тахлын дараа хүндрэлүүд арилж, тээвэр логистикийн асуудлууд үгүй болсон. Одоо зөвхөн сайн бүтээгдэхүүн борлуулж байхад яг ижил хэлбэр дүрстэй бүтээгдэхүүний хуурамчийг оруулж ирж зарж байдаг ченжүүд барилгын салбарт хамгийн их асуудал дагуулж байна. Тэгэхээр бид бүхэн энэ асуудлыг арилгаж байж иргэдийг хохиролгүй болгож, чанартай үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулах боломж бий болох юм. Тухайлбал, ямар ч хамаагүй барилгын дэлгүүрт ороход хулхи, жинхэнэ гэж зарж байна. Хүн хулхи чанар муутайг нь аваад хохирох эсэх нь хамаагүй, хэн дуртай нь хулхи бүтээгдэхүүн зардаг ийм улс дэлхийд алга. Тиймээс чанаргүй хулхи бүтээгдэхүүн оруулж ирдэг, худалддаг байдлыг таслан зогсоож хариуцлага тооцдог болох нь өнөөдрийн хувьд хамгийн чухал асуудал байна.

-Барилгын материалын үнэ ханш буурч байна уу?

-Урд жилийн мөн үетэй харьцуулахад барилгын гол нарийн бүтээгдэхүүнүүд 20 орчим хувиар буурсан байна. Энэ тоо цаашид буурах уу гэж олон хүн асуудаг ч буурах боломж төдийлөн харагдахгүй байна. Учир нь “Ковид-19” цар тахлаас хойш дэлхийн улс орнууд маш өндөр инфляцитай болж, түүхий эд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, валютын ханш өссөн. Ийм учраас барилгын материалын импортын бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэ нь буурах боломж, магадлал бага байна.

-Барилгын салбарын зах зээлийн үнэ ханш яагаад буурахгүй байна вэ?

-Орон сууцны үнэ ханшийн тухайд эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг. Шинэ орон сууцны хувьд өртгийг нь бууруулах боломж нь барилгын материалд байдаг. Барилгын материалын үнэ буурлаа гэхэд орон сууцны үнэ буурахгүй. Энэ хоёр тусдаа зах зээл. Энэ зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, ипотекийн зээл нэмэгдэх, эдийн засаг, хүн ам өсөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж орон сууцны үнэ өсдөг. Барилгын материалын үнийн өсөлт, бууралт орон сууцны үнийн өсөлтөд бага нөлөөлдөг юм.

-Манай улсын хувьд зарим барилгын материалуудыг өөрсдөө үйлдвэрлэдэг шүү дээ. Яг ямар барилгын материал дутаж бид гаднаас импортолдог юм бэ?

-Бидэнд Монголдоо түүхий эд нь байдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь ашигтай бөгөөд эрсдэл багатай байна. Гадаадаас бүх түхий эдээ авч, шинэ технологи нэвтрүүлж нарийн технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд өртөг өндөр болж байгаа юм. Иймээс цахилгаан, сантехник, засал чимэглэл, холбоо дохиолол зэрэг нарийн технологи шаардсан бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэх боломж үгүй байна. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд, салбарын институт, нарийн химийн үйлдвэр бааз суурь байхгүй байна. Нарийн технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжгүй учраас бид цаашдаа ч импортоор авсаар байх юм.

-Барилгын материалуудаас хамгийн хэцүү нь ямар материал вэ?

-Импортоор оруулж ирэхэд түвэгтэй барилгын материал тээвэр логистик хөгжсөн энэ нөхцөлд бараг байхгүй байна. Гол нь тухайн бүтээгдэхүүний үнэ өртөг ямар байна гэдгээс шалтгаална гэж ойлгох хэрэгтэй. Үнэ өртөг нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байвал хаанаас ч бид ямар ч бүтээгдэхүүнийг улсдаа авчрах боломжтой.

-Бидэнд түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл хийх боломжтой юу?

-Монголд барилгын үндсэн хийцийн цемент, бетон эдлэл болон төмөр, арматур зэрэг түүхий эд нь байдаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд давуу талтай. Үүнийг гадаад улс орнуудын ижил төстэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай гэж ойлгож болно. Тийм учраас Монголдоо түүхий эд нь байдаг бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлвэл дэлхийн зах зээлд ч гарах боломж бий. Дэлхийн зах зээлд гаргахын тулд хамгийн сүүлийн үеийн технологи, нөү-хаутай дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж байж дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэх юм. Гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэргэжилтнүүдийг оруулж ирж байж үүнийг хийх боломжтой. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *