Гараанаас гарч буй уралдаанч тагтаанууд
Монгол уралдаанч тагтааны холбооны нарийн бичгийн дарга Г.Батхишигтэй ярилцлаа.
-Уралдаанч тагтаа нь бусад тагтаанаас юугаараа өөр вэ?
-Анх 1850-иад онд дайнд зориулж шуудан зөөлгөх зорилгоор уралдаанч тагтааг Бельги, Герман зэрэг улсуудад бэлдэж байсан. Одоо энэ нь спорт болж хөгжсөн. Тагтаагаа хэдэн зуун километрийн цаанаас тавиад түрүүлж ирсэн нь ялагч болдог. Онцлог нь гэвэл, энгийн цэнхэр тагтаанаас хоёр дахин том уушгитай, хоёроос гурав дахин илүү холыг харах чадвартай байдаг.
-Монголд шууданч тагтааг ашиглаж байсан тохиолдол байгаа юу?
-Яг одоогийн байдлаар батлагдсан тохиолдол байхгүй. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол 1970-аад оноос манай улсад тагтааны соёл дэлгэрсэн гэж ярьдаг. Оросоор почта гэж нэрлээд түүнийгээ шууданч тагтаа гэж ярьдаг байсан. Гэхдээ яг шуудангийн зориулалтаар ашиглалгүй, хобби болгож цагаан тагтааг тэжээдэг байсан тохиолдол олон.
-Тагтаатай холбоотой соёл манайд Оросоор дамжиж ирсэн болов уу гэж хардаг. Социализмын үеэс л тагтаа гэдэг шувууг монголчууд илүүтэй мэддэг болсон байх?
-Тэгсэн. Орост бол маш том соёл байгаа. Орост Их сургуульд сурдаг байхдаа хажуу талынхаа подвалийг түрээслээд тагтаа тэжээдэг байсан Цэрэн-Очир гэдэг ах бий. Энэ хүн 1993 онд Монголд ирэхдээ тэжээж байсан тагтаануудаа авчирч байсан гэдэг. Ингэж цусыг нь сэлбэж, арвижуулсан гэсэн үг л дээ. Харин уралдаанч тагтаа 2013 оноос хойш Монголд эрчимтэй хөгжиж, уралдаанч гэдэг нэрээ олж авсан. Хуучин бол зүгээр цагаан тагтаа л гэдэг байсан. Өнгөрсөн онд холбоо маань байгуулагдаад, тагтааны уралдаан зохион байгуулж эхэлсэн. Холын, ойрын, дундын зайнд уралдах тагтаануудаа ангилсан.
-Ганданд байгаа, мөн айлуудын тагтан дээр ирээд байгаа нь ямар тагтаа вэ?
-Тэр бол зүгээр энгийн, зэрлэг тагтаа. Тэдгээр тагтаанууд холоос уралдана гэж байхгүй. Эрс тэс уур амьсгалд амьдрах чадвартай тагтаанууд юм.
-Тагтааг өвчин тараадаг, сангасаараа дээвэр гэх мэт эд зүйлсийг түлж гэмтээдэг гэдэг. Ингэхэд тагтаа ямар онцлогтой жигүүртэн бэ?
-Тагтаа хүнд өвчин халдаасан түүх байхгүй. Тагтааны өөрийн бактери нь ашигтай ба ашигтай бус гэж хоёр янз байгаа. Ашигтай бактери нь өл даах, холоос нисэх чадвар зэргийг нь дэмждэг. Ашиггүй бактери нь, нүд, хоолой өвдөхөд нь нөлөөлнө. Тагтаа хоолойны ангина тусдгаараа хүнтэй их адилхан. Эдгээр өвчлөлийн шалтгаан нь идэж ууж байгаа юмнаас нь шалтгаалан үүсдэг. Тагтаа тагтаандаа халддаг болохоос хүнд халдана гэж байхгүй. Манай тагтаанууд өглөө, орой болгон тамирчид шиг бэлтгэл хийж нисдэг болохоор ариун цэврийг нь сайн сахиж аль болох цэвэр байх талаас нь анхаардаг. Долоо хоног бүр усанд оруулж, өдөр болгон цэвэр ус уулган, будаа, алимны үр идүүлдэг. Хүмүүс тагтааг нисдэг харх гэж ярьж байхыг сонсож л байсан. Тагтааны ялгадас нь цэвэрлэхэд хэцүү, харагдах байдлаасаа муухай учраас хүмүүсийн дунд тийм яриа гарсан байх. Оготно, харх шиг янз бүрийн өвчин тараах чадамж байхгүй.
-Тагтааны зан араншин ямар вэ. Тагтааг гурав дөрвөн удаа хооллочихоор тэр хүндээ амархан дасчихдаг гэж ярьдаг?
-Тагтаа бол хунтай адилхан хайран дээр үндэслэгдсэн шувуу. Хосоо олсон л бол насаараа тэр хостойгоо амьдардаг үнэнч шувуу. Нэг үүртэй болчихвол хаашаа ч явсан тэр үүрэндээ л ирдэг. Тагтааг 500-600 километрийн зайнаас уралдуулахад гэртээ ирдэг. Үүнийгээ тагтаа “Намайг уралдуулж байна даа” гэж бодохгүй шүү дээ. Эзэн маань надад ус, хоол өгнө дөө гэж бодож, дассан гэртээ маш хурдан нисэж ирж байгаа нь тэр. Их үнэнч шударга, энэрэнгүй шувуу. Хэрвээ хос тагтаа нь алга болчихвол нөгөө тагтаа нь 2-3 хоног гиюүрч гансарч, хосоо хайж шаналдаг.
Уралдаанч тагтааны үүр
-Та холбоогоо танилцуулна уу. Танай холбооны үүрэнд хичнээн тагтаа байгаа вэ?
-Манай холбоо 2019 оны долдугаар сард албан ёсоор байгуулагдсан. Удирдах зөвлөлийн таван гишүүнтэй, нээлттэйгээр шинэ гишүүд авч байгаа. Шинээр элсэж байгаа гишүүдээ тагтаажуулна, үүрээ хэрхэн барихыг нь зааж өгдөг. Манай үүрэнд 100-150 орчим тагтаа байгаа. Үржлийн шувуу гэж тусдаа байдаг. Тийм шувуу нь үүрнээсээ гардаггүй. Дандаа уралддаг тагтаа ч бий. Цагаан, бор, шар өнгөтэй гоёлын тагтаа гэж бас байгаа.
-Тагтааны уралдаан удахгүй болно гэсэн мэдээлэл харсан. Яг хэзээ болох вэ?
-Энэ жил дөрвөн уралдаан болсон. Цаг агаарын байдлаас хамааран жилдээ 6-8 уралдаан зарлах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн уралдаан хамгийн ойр нь 150 километрээс, тэгээд 250 километр, 270 километр, 400 километрээс уралдаад байна. Есдүгээр сард Эрдэнэзуу хийдээс буюу 370 километрээс, мөн 600 километрээс уралдах төлөвлөгөөтэй байгаа. Тагтаагаа уралдуулахдаа бүх тагтаануудаа зориулалтын машинд хийж авч яваад, өглөө үүр цайхад гараанаас нь тавьдаг. Тагтаанууд дунджаар 80 километр цагийн хурдтай нисдэг. Хурдан тагтаа бол 120 километр цагийн хурдтай нисэх ч тохиолдол байна. Гарааны хурд нь 170 километр цаг байдаг. Саяхан нэг тагтаа 270 километрийн алсаас хоёр цаг нисээд ирсэн. Хэрвээ замдаа буух юм бол байгальд байдаг зэрлэг шувуунууд идчихдэг. Тагтаанууд анх гараанаас гарахдаа сүрэглэж нисээд үүр үүр лүүгээ салдаг. Тагтаа шөнийн хараагүй. Харвардын Их сургуулиас тагтаа соронзон долгионыг хардаг тухай судалгаа хийсэн.
Энэ нь бидний нүдэнд үзэгддэггүй wifi гэх мэт соронзон долгионыг хардаг гэсэн үг л дээ. Тагтаа 200 километрийн цаадхыг сонсдог гэсэн бас нэг судалгаа харсан. Гэхдээ энэ нь батлагдаагүй.
Н.БҮЖИНЛХАМ