Categories
мэдээ нийгэм

Г.Батдэлгэр: Х.Болорчулуун сайдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг уншаад надад ийм санаа төрлөө DNN.mn

Монгол Улсын Зөвлөх инженер, Хөдөө аж ахуйн техник эзэмшигчдийн холбооны тэргүүн, ХААИС-ийн доктор Г.Батдэлгэртэй ярилцлаа.


-Х.Болорчулуун сайдын ярилцлагатай холбогдуулж та санал хэлмээр байна гэсэн. Тэр тухайгаа хэлэхгүй юү?

-Тийм ээ, шинэ оны өмнө танай сонины №246(7119) дугаарт салбарын сайд Х.Болорчулууны ярилцлага нийтлэгджээ. Бид нэгэн цагт ХААИС-ийн дээвэр дор нэг нь оюутан, нөгөө нь багш хэмээгдэн явж байсан сайхан түүхтэй хүмүүс. Ажиллаж, амьдарч байсан сургуулийн маань бүтээгдэхүүн, төрийн сайд хийж байгаад талархаад, зөвлөх мэргэжилтэн хүний хувьд нийтлэлтэй холбоотой саналаа хуваалцъя гэж бодлоо. Аливаа асуудал, алдаа онооны дэнсэн дээр хэлэлцэгдэн шийдлээ олдог. Нийгмийн бэрхшээлтэй асуудлын гаргалгаа ч болдог. Ярилцлага ойлгомжтой сайн болж. Гэхдээ дараагийн ярилцлага, цаашдын ажилд илүү амжилт ерөөгөөд, буруугаар намайг ойлгохгүй байхыг хүсье. Сайдын ярилцлагад “Мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүс байгуулах тухай” Засгийн газрын тогтоол батлуулсан гэх. Өмнөх нийгмийн үед бараг бүх нэгдэл, САА-д Эмчилгээ, тэжээлийн цэг (ЭТЦ) гэж байлаа. Онд орохооргүй малаа ялган ЭТЦ-т хүргэж өгнө. Тэнд ариутгал, халдваргүйжүүлэх бүх ажил цогцоороо хийгдэн, эмчилгээ, сувилгаа, тэжээх ажлыг мал зүйч, малын эмчийн хяналт дор 1.5-2 сар хийгээд, мал эсвэл мах болгохыг шийддэг байсан.

ЭТЦ-ийн хамгийн сүүлчийн хувилбар хотоос баруун тийш 22-ын товчоо орох замд байв. Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай Макамарү компани 1996-2003 оны хооронд, 1000 адууны жүчээ бүхий байранд үйл ажиллагаа явуулж байлаа. Японы хойд хэсгийн хүмүүс адууны махан таташ түүхий чигээр нь иддэг заншилтай. Тэдний хэрэгцээт махыг 100 гр савлаж, битүүмжлэн, хөргөлтгүй контейнерээр зөөн, онгоцоор тээвэрлэдэг байв. Мах комбинат хувьчлагдан, нядалгааны зардал нэмэгдсэн, хотын захиргаанаас мал бүхий аж ахуй хотод байлгахгүй гэх мэт шалтгаанаар тус аж ахуйн үйл ажиллагаа зогссон байдаг.

-Монголын эдийн засагт их л хэрэгтэй зүйл байж дээ?

-Тус аж ахуй адууг хивэг, байгалийн өвсөөр тэжээн, шимэгчийг устгах, ариутгалын ажлыг үе шаттай хийн, жилдээ хоёроос доошгүй удаа бой хийж, махаа эко аппаратаар шинжилж, өөх, мах тэнцүү цэвэр махыг, дэлхийн бүтээгдэхүүний стандарт тодорхойлогч Япон улсад экспортод гаргадаг байж. Гэтэл өнөө цагт манайхан Хятад руу мал, мах гаргах гэж сандрах юм. Харин монголчууд бидэнд хаалгаа бариулсан Макамарү компани Бразил, Швейцарь улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, Японд мах экспортолж байна

Сонирхуулахад, Макамарү компанийнхан явахдаа “Монголчууд хөгжихгүй. Учир нь хөгжил, дэвшлийг бий болгодог ёс суртахуун Та нарт байхгүй” гэдэг Кимура Аяакогийн үгийг хэлсэн байдаг шүү. Бид малыг орчноос тусгаарлахын тулд бэлчээр, тэжээлээ орчин цагийн хэллэгээр “тултал” бэлтгэх ёстой.

-Гадны орнуудад ямар байдаг бол?

-Төрийн буянаар ЭТЦ-ийн олон хувилбарыг ОХУ, Канада, БНСУ, БНХАУ зэрэг улсад харж явлаа. Тэр газруудад экспортын махны зориулалтаар малаа эрүүлжүүлж, тэжээж байгаа тохиолдолд малаа сэлгүүцүүлэх байтугай гадны хүн ойртуулахгүй нарийн дэг журамтай, зөвхөн зөвшөөрсөн хэсэгт шилний цаанаас харуулдаг юм билээ. Тэжээл бэлтгэх технологид сайн анхаарч, зөвхөн малчин биш хөдөлмөрийн чадвартай бүх хүмүүсийг өвс, халгай, модны навч бусад тэжээл бэлтгэхэд хэн хүссэнийг оролцуулах ёстой. Тухайлбал, намрын цагт яг хадлангийн үеэр бороо элбэг тул нидрүүлэгт хадуур (КПВ-3) хэрэглэвэл цаг хожих боломжтой. Мөн өвсний гурил, витаминт тэжээл хийх боломж бүрдүүлэх чухал. Өвсний чанарыг алдуулахгүй удаан хадгалах технологид сургах шаардлага байна. Ядаж гурван жилийн хугацаанд өвсөө муутгахгүй хадгалж чадвал, өвс, ногоон тэжээлийн үнэ савлахгүй. Тэжээлийг дан ганц хадлангаар төсөөлж болохгүй. Буурцагт ургамлыг үр тарианы сэлгээнд оруулж, дарш бэлтгэх, ногоон бордуур ашиглах цаг болсон. Мөн элдэншүүлэггүй технологид зугуухан шилжих хэрэгтэй. Махны чанар, стандартын шаардлага ярихаас өмнө тэжээлийн олон төрлийн таримлыг бий болгох юу юунаас эрхэм. Тэжээлийн рационоор дамжуулан махны бүтцийг удирдах ёстой. Бид уламжлалт технологио бариад хонио төлөг, шүдлэнгээс эхлэн эргэлтэд оруулна гэвэл цаг алдана. Шилийн голын мах комбинат хаврын хургыг намар 9 сард нядалгаанд оруулж байсан. Гулууз махны жин 15 кг, түүнээс ч илүү . Үүнд хүрэхийн тулд ЭТЦ хэрэгтэй. Канадад улаан ангус үүлдэрийн тугалыг 18 сартайд нь төхөөрдөг. Энэ үедээ 350 кг татна. Цэвэр гулууз махны жин багадаа 170 кг. Тэд, мал эрүүлжүүлэх, бордох цогцолбороо Feedlot гэнэ. Манай монгол үхрээс ийм хэмжээний мах авахын тулд дор хаяж 4 жилийн маллагаа шаардагдана. Үхрийн аж ахуй дээр очиход -30 хэм хүйтэн байсан ч спиртийн шаар ууж, сүрэл идсэн сүрэг даарсан шинжгүй гадаа хэвтэж байсан. Тэдэнд зориулсан хашаа, хороо байгаагүй. Үхэр тэжээх цэгээс 100 м хүрэхгүй газарт спиртийн үйлдвэр байх. Том 100 тн орчим багтаамжтай бортгон савны дээд хэсэг таггүй.

Эссэн буудай угаалгын машин ажиллаж байгаа мэт айхтар боргио үүсгэн, шуугина. Байшин дотор биш гадаа ил, шатаар гараад л тэр бүгдийг үзэж болохоор. Соёлтой, өндөр хөгжилтэй улс гаргаж авсан этилийн спиртээ том хотуудад такси, автобусны түлш болгон ашиглана. Спиртээр ажилладаг машинаас утаа, үнэр ялгарахгүй, зөвхөн ус л яндангаас урсана. Манай тариаланчид нийлээд ийм үхэр бордох, спирт үйлдвэрлэх цогцолбор хийж болохоор л энгийн хийцтэй. Жаахан хугацаа хожъё гэвэл бид малаа эрүүлжүүлнэ, тэжээнэ, үүлдэр угсааг сайжруулах ажил хийх хэрэгтэй.

-Бидэнд өөр гарц бий юү?

-За даа шуудхан хэлэхэд, байхгүй. Махны чиглэлийн үүлдэр Сэлэнгэ шиг үхэр, Ерөө хонь адил нутагшсан шилмэл сүргийн тоог нэмэгдүүлэх чухал. БНСУ-д 250 нохойтой аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Америкийн цэргийн баазын ойр учраас нохойн хоолонд санаа зовох юмгүй. Хиам, котлет, талхаар хооллодог. Бүгд битүүжлэгдсэн, 72 цагийн дотор хэрэглэхийг зөвлөсөн бичигтэй. Нохойгоо өглөө, орой усална, хооллоно. Нэг өдөр өнжөөд орчиндоо Фумгатороор ариутгал хийнэ. Нохойгоо яг манай хонь шиг төхөөрнө. Гэдэс, дотрыг нь арилгаад, цус цутгана, толгойг хуйхалж чанаад, хүндтэй зочиндоо барина. Нохойн кг мах 10 доллар. Нэг нохойн гулууз дунджаар 17 кг. Бид тэнд долоо хоног нохойн мах идсэн. Уушгинд үнэхээр сайн юм билээ. Ирээд Зайсан толгой өөд гүйгээд гарахад түүртэх зүйлгүй байсан. Манайхан энэ их утаанаас хүмүүсээ эрүүлжүүлэх хамгийн хялбар арга бол хүнсэндээ нохойн мах хэрэглэх. Хүмүүст таагүй мэдрэмж төрөх байх л даа. Гэхдээ үүнийг мэдсэн монгол хүн олон.

Энэ бүгдийг хэлж байгаа минь “эрүүл бүс“-ийн хүрээнд юу хийж байсан, одоо юу хийх ёстойг хүмүүст илүү тодорхой болгохыг зорьсонд юм л даа. Эрүүл бүсийг оновчтой зохион байгуулж чадвал зоо, мал эмнэлгийн хараа хяналтгүй мал, мах байхгүй болж, дундын ченж үгүй болно. Монголчууд өөрсдөө экспортын зориулалттай махнаас дутахгүй шаардлага хангасан мах идэх ёстойгоо мэдэж, энэ, тэнд портер дээрх махыг сонирхохоо болино. Ченжүүд илүү ашигтай, цэвэр, улирлын чанартай тэжээл бэлтгэх ажилд оролцон, ЭТЦ ажиллуулдаг болно. Мах дотоодын зах зээлд бас

“нэг цонх”-оор “борлуулагдах тул үний савлагаа багасна. Манай салбарт нэн даруй хийх шаардлагатай хоёр зүйл байна. Нэгд, Зайсангийн аманд байгаа хүрээлэнгүүдээс үйлдвэрлэлд хэрэгжүүлж болохуйц инновацийн санааг ихээр шаардах. Мөн мах, сүү, гурил, ноос, ноолуурын өөрийн өртгийг тогтоолгох. Хоёрт, Гадаадын улс оронд байдаг ашгийн тухай хууль Монголд хэрэгтэй байна.

-Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Америк, Канадад ашгийн хэмжээ 10 хувиас илүү хэтрэхгүй хууль үйлчилдэг. Адууны махны өөрийн өртөг 8000 төгрөг гэж төр баталгаажуулсан бол хэн нэгэн жуучлагч 9000 төгрөгөөс дээш зарвал хариуцлагад татагдана гэсэн үг. Бид алиь юм болгон гурил, будаа, мах, сүүний үнэ дээр хэрүүл хийх юм бэ? Таних мэдэх тариаланчид улаанбуудай тарихаас залхлаа, биднийг гурил үйлдвэрлэгчид дээрэлхэж байна гэдэг. Энэ хэл, амыг дээрх үйлдэлээр арилгаж болохгүй гэж үү.

ХАА-н салбарыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн сайдын хийх ажил ч биш. Олон мянган хүмүүс тэр дундаа ногоочин, тариаланч, инженер, техникч, агрономич, малчин, малын эмч гээд бүхэл бүтэн хөдөлмөрийн арми, 100 гаруй улсын болон ТБ байгууллагын оролцоотой хийгдэх ажил. Тэдгээрийн нэг Монголын Хүнс, Хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци (МХХААҮА). Энэ байгууллага олон чиглэлээр салбартаа танигдсан болно. Зөвхөн хүлэмжийн аж ахуйгаар танилцах аялал зохион байгуулан, Хөх хотод 600 хүнийг сургасан байдаг. Энэ байгууллага ашгийн бус бөгөөд, санаа нийлсэн хэдэн хүн сэтгэлээрээ байгууллагаа авч явдаг. Өнгөрсөн ковидын жилүүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайдын нэр дээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг хэрхэн сайжруулах талаар албан бичиг үйлдэж, дөрвөн улирлын хүлэмж барих төслөө явуулсан. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрлөө хариу байхгүй. Харин Ерөнхий сайдын зөвлөх асан Э.Болормаа (Ховд аймгийн засаг дарга) хүлээн авч уулзан, зөвлөх Д.Дашнямыг бидэнтэй ажиллахыг зөвлөсөн. Бид хамтран Төв аймгийн болон хот орчимын хүлэмжийн аж ахуйнуудаар дүн өвлийн хүйтэнд явж, ногоочдын санал, бодлыг тусган, “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг гаргуулах бэлтгэлийг хангасан болно. Мөн миний “Өдрийн сонин”-д өгсөн “Хүнсний ногоог дотоодоос бүрэн хангахгүй бол монголчууд коронагаас дутахгүй аюулыг гэтэлж байна”, “Дампуурсан аж ахуйгаас сургамж авч, төвлөрсөн ногооны аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй” гарчиг бүхий ярилцлагууд нөлөөлсөн биз ээ. Эл байдалд дүгнэлт хийхэд, сайд Та ганцаараа энэ тогтоолыг гаргуулаагүй болно. Хүн албан тушаал ахих тусам “би“-гээр өвчлөх аюултай. Мөн попрох гэдэг өвчин бас байдаг. Салбарын өмнөх сайд, Монголд цагаан будаа тарьж, 10тн хураан авсан гээд бөөн сенсаци дэгдээсэн. Сэтгүүлч Б.Отгон, ассоциацийн тэргүүн Б.Мөнхбат нар цагаан будааны талбай болох Баянхонгорын Баянлиг суманд очиж, газар дээрээс шууд сурвалжилга хийсэн.

Үнэндээ 10 тн бүү хэл, 10 ширхэг ч ургаагүй. Төрийн сайд хүн олон нийтэд хандаж ярилцлага өгөхдөө энгийн, ойлгоход хялбар, жишээ баримттай, тухайн ажлыг хийх гаргалгаатай байх зарчмыг баримтлах зүйтэй болов уу. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг copy, paste хийхтэй адил зүйлээр уншигчдыг хуурч болохгүй. Төрийн бодлого гэж чавганцын санааг цаасан дээр буулгаж, төрийн тамгаар албажуулахыг хэлнэ гэсэн утгатай Х.Чойбалсангийн үг байдаг. Манай нийгмийн тогтолцоо болохгүй байгааг олон жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, сүүлийн хоёр жилд ХАА-н салбараас олон гавьяат төрлөө. Энэ маш сайшаалтай, баяр хүргэх зүйл. Харамсалтай нь тэдний олонх худалч, хулгайч, байгууллага дампууруулж устгасан нөхөд байна. Тэдний дунд 10 тн цагаан будаа “амаараа”хураасан нөхөд ч бий. Үүнийг л газар авахуулахгүй зогсоох юмсан.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *