Categories
мэдээ эдийн-засаг

Г.Байгалмаа: Нэг сая төгрөгийн цалинтай цэрэг шүү дээ

БХБ-ын дэд сайд асан Г.Байгалмаа Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, төмөр замын цэрэг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажиллажээ.

БХБ-ын дэд сайдын албыг гурван жилийн хугацаанд хашлаа. Ямар ажил аваад, юу амжуулаад ажлаа өгөв?

-Ажил хүлээж авахад орон сууцны талбайн үнэ өндөр, нийлүүлэлт бага, эрэлт их, барилгын үндсэн материалын ихэнхийг импортоор авдаг, тус салбарт ажиллах хүчнийг ч олноор гаднаас авдаг байсан. Тухайн үед барилгын өртгийг бууруулах замаар үнийг бууруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Барилгын үндсэн материал, ажиллах хүчин гаднаас орж ирж байгаа нь барилгын компаниудад ч, худалдан авагч иргэдэд ч үнийн дарамт болж байсан.

Таныг ажил авч байхад хэдэн айлын орон сууц ашиглалтад ордог байсан бэ?

-Тэр үед жилдээ дээд тал нь 12 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан. Одоо багадаа л 25 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Энэ нь моргейжийн найман хувийн зээлийн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн. Цаашид ч ашиглалтад орох барилгын тоо нэмэгдэх нөхцөл бүрдсэн.

Нэмэгдэх нөхцөл гэдэг нь?

-Эхний ээлжинд дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд дотоодын барилгын материалын үйлдвэрүүд, барилгын компаниудыг зээлийн бодлогоор дэмжсэн. Нөгөө талаар барилгын үндсэн материалын үнийг тогтвортой барих хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Төрөөс үнэ тогтоох бодлого хэр хэрэгжив?

-Төрөөс үнэ тогтоосон үйлдэл байхгүй. Барилгын компаниудад төр ашигтай нөхцөл санал болгосон. Төр компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно. Компаниуд цемент, арматурын үнэ хямд байх үед нь татан авч нөөцөлнө. Хөнгөлөлттэй зээлийн хариуд хямд авсан үнээрээ байрны үнийг тогтооно гэх мэт. Мөн дутуу барилгуудад зээл олгосон. Барилгын компаниуд шуналтайдаа үнэ нэмээд байдаггүй л дээ. Бодит нөхцөл байдал үнэ өсгөөд байдаг нь ажиглагдсан. Жишээлбэл Замын-Үүдэд нэг хоноод нэвтрэх ачаа, сар саатсан материалын үнэ ялгаатай биз дээ. БНХАУ-ын талтай тохирч нэвтрэх зурвасыг өргөтгөсөн. Одоо Замын-Үүдээр саатаж байгаа барилгын материал гэж дуулдахгүй байгаа биз дээ. Эдгээр хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд 2016 оноос Монголын цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй ихээхэн хэмжээний экспорт хийж эхэлнэ.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын дэд хэсгийг ахалсан гэсэн. Энэ шинэчлэл компаниудад болон иргэдэд ямар ашиг авчрах вэ?

-Компаниудад зөвшөөрөл өгдөг хугацаа гурав дахин гарын үсгийн тоо хоёр дахин, элдэв тавигддаг нөхцөл 50 хувь багасна. Гарын үсэг өгөхгүй зугтдаг, элдэв шалтаг тоочдог түшмэдийн зөвшөөрөл өгдөг эрх төрийн бус байгууллагуудад шилжинэ. Иргэдийн хувьд орон сууцны талбайн хэмжээн дээр маргаан гарадаг. Үүнийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл яаж талбайг хэмжих стандартыг суулгаж өгсөн. Хайрга, дайрга ашигт малтмалд тооцогддог байсан. Үүнийг болиулсан.

-“Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр гэж юу вэ?

-Хуулиар манай улс жилдээ гаднаас 30 мянган ажлын хүч оруулах боломжтой. Гэхдээ энэ дотор чинь нарийн мэргэжлийн, түүн дотроо техник технологийн өндөр мэргэжлийн инженерүүд багтана. Гэтэл манай улсад бүтээн байгуулалтын улирал хязгаартай. Дулааны улиралд амжуулахгүй бол дараа жил үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл хэдэн сар их хэмжээний хөрөнгө үхмэл болоод өнжинө гэсэн үг. Гэтэл богино хугацаанд хийх ажил нь ажиллах хүчнээс их байна. 2015 онд барилгын салбарт компаниуд гаднаас 24 мянган хүн авахаар захиалсан боловч төлөвлөсөн ажлууд бүрэн хэрэгжээгүй учраас долоон мянган хүн л орж ирсэн. Энэ долоон мянган хүний авсан цалин гадагшаа гарсан. Тэгвэл өнөөдөр ажилгүй байгаа залуусыг төмөр, барилгын ажилд татан оруулбал тэдний идэх хоолноос эхлээд өмсөх хувцас, цалин мөнгө нь дотооддоо үлдэнэ. Хэнийг ч албадан татахгүй зөвхөн сайн дурын үндсэн дээр алба хаалгах, хаах үедээ хувь хүнд ч, улсын эдийн засагт ч ашигтай байх хөтөлбөр шүү дээ.

Эсэргүүцэх иргэд ч цөөнгүй байх шиг байна.

-Ямар ч шийдвэр 100 хувь эсэргүүцэлгүй байна гэж байхгүй. Иргэдээс олон асуудалд санал авч шийдвэр гаргадаг биз дээ. 100 хувь дэмжигдсэн ямар санал байна. Тэгээд ч УИХ-аар батлагдсан хөтөлбөрийг хууль ёст орон юм бол үг дуугүй хэрэгжүүлэх ёстой. Тэр ажилгүй залуучууд эсэргүүцээд байна уу, тэтгэврээрээ хүүхдээ тэжээж байгаа хөгшид, хүүхэд нь насанд хүрсэн, дээд сургуулийн төлбөр хийж чадахгүй, өрх толгойлсон эхчүүд лав эсэргүүцээгүй байх.

Улсын эдийн засагт ашигтай нь ойлгомжтой. Хувь хүнд ямар ашигтай вэ?

-Анзаарсан бол сүүлийн үед залуусын цэрэгт явах сонирхол нэмэгдсэн. Зарим явах гээд чадахгүй байгаа тухай гомдол мэдүүлдэг. Манай уламжлал байдаг. “Цэрэгт яваагүй эр хүнийг эр хүн гэх үү” гэсэн шүлэг ч байдаг. Монгол эрийн нэг бахархал нь цэргийн алба. Төрийн албанд цэргийн алба хаасан хүн илүү боломжтой. “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр залууст маш том боломж олгоно.

Алба хаах хугацаандаа цалин авна гэсэн.

-Сард нэг сая орчим төгрөгийн цалин авна. Нийгмийн, эрүүл мэндийн даатгалаа төлнө. Мэргэжил үнэгүй эзэмшинэ. Төр байр хоолоор үнэгүй хангана. Өнөөдөр гэмт хэргийн ихэнхийг залуус үйлдэж байна. Тэд муу юм хийх дон туссандаа гэмт хэрэг үйлдээд байгаа гэж бодохгүй байна. Залхуудаа ээж, аавынхаа хэдэн төгрөгийг хараад хэвтээд байгаа юм биш. Гадаадад манай залуус шиг ажилсаг хүчин байдаггүй. Тэнд нөхцлийг нь бүрдүүлж өгсөн учраас залуус ажиллаад байгаа юм. Төр анх удаа л залуустаа боломж гаргаж өгч байна. Манай хөтөлбөрт 50 мянган хүн шаардлагатай. Гэхдээ төсөвөөс шалтгаалаад арван мянган хүнээр тооцож УИХ төсөв баталсан. Эсэргүүцээд байгаа хүмүүст өөр ямар санаа байгаа юм. Өмнө нь хэрэгжүүлэхгүй яагаад нуугаад өдий хүрсэн юм гэсэн асуулт тавьж болно биз дээ.

Хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ, цэргийн алба хаах хугацаа?

-Он гаргаад бэлтгэл ажил эхэлнэ. Дулаан орохоор үндсэн ажлаа эхлүүлэхээр тооцсон. Эрэгтэйчүүд гурав, эмэгтэйчүүд хоёр жил алба хаана. Хүсвэл хугацаагаа гэрээт цэргийн алба хаах хэлбэрээр сунгах боломжтой. Төсөл хэрэгжээд эхлэнгүүт л мах, сүү, хувцас гээд жижиг дунд үйлдвэрүүд захиалгатай болоод ирнэ. Цалингаараа хуримтлал үүсгэж болно. Манайд барилгын цэрэг гэж байсан. Дархан, Эрдэнэтийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан. Гурван жил албаа хаачихаад хоёр мянган төгрөг өвөртлөөд харьж байсан цэрэг байсан байгаа юм. Тэр үед сэхээтний цалин 700 төгрөг байсан гэдэг.

Цэрэг маань аав, ээж хоёрынхоо моргейжийн зээлэнд цалингаа өгч болох уу?

-Болно. Цэрэгт явсан хүү нь жилийн дараа арав орчим сая төгрөгийн хуримтлалтай болно. Аав, ээж нь 100 сая төгрөгийн моргейжид хамрагдлаа гэхэд арван сая төгрөгийн урьдчилгааг өгч болно. Хэр олон цэрэг ар гэрээ моргейжид хамруулахад тусална тэр хэрээр орон сууцны борлуулалт нэмэгдэж, хотын утаа буурна биз дээ.

Өмнө нь цэрэгт татагдсан залуус хаана, юу хийхээ мэддэггүй байсан. Цэрэг юм чинь юу ч хийх ёстой гээд албадаад байх уу?

-Албадан цэрэгт татахгүй гэж хэлсэн. Гэхдээ цэрэг бол цэргийн хуулиар амьдарна. Мэдээж аав, ээжтэйгээ амьдарснаас өөр. Энэ хөтөлбөрийн нэг онцлог бол мэргэжилтэй залуус шууд өөрийн мэрэгжлээр ажиллах боломжтой. Мэргэжилгүй нь авто болон төмөр зам, барилгын аль нэг мэргэжлийг эзэмших хүсэлтээ гаргана. Тэр хүсэлтээр нь анги, салбарт хуваарилна.

Сая төгрөгөө авчихаад алга болчихвол яахав, эмэгтэй цэрэг юу хийх вэ?

-Энэ бол цэргийн алба. Цэргийн алба хаах хуулиар зохицуулагдана. Эмэгтэй цэрэг гэхээр гайхах хүн цөөнгүй. Өнөөдөр барилгын салбарын ихэнх ажлыг эмэгтэйчүүд нугалдаг гэдгийг мэдэх үү. Томоохон ажлуудыг техникээр гүйцэтгэдэг болсон. Үлдсэн гараар хийх ажлын ихэнхийг эмэгтэйчүүд нугалдаг. Барилгын чимхлүүр ажил гэж ярьдаг засал чимэглэлийг эмэгтэйчүүд л амжуулж байна. Сайн ч хийдэг. Будаг, шохой, засал чимэглэлийн ажил дээр нэг их гомдол гардаггүй биз дээ. Эмэгтэйчүүд хийдэг болоод тийм байдаг байхгүй юу. Дээр нь эмнэлэг сувилал, эмэгтэйчүүд гүйцэтгэх олон ажил гарна. Эмэгтэйчүүд энэ хөтөлбөрөөс олсон мөнгөө хамгийн их үр дүнтэй зарцуулна гэж би итгэж байгаа.

Баахан цэрэг татдаг. Ажил тийм их байна уу?

-Ойрын 5-10 жилд 50000 цэрэг хийх хангалттай ажил байна.

Жишээлбэл?

-2010 онд УИХ “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр” баталсан. Энэ хөтөлбөрт Улаанбаатарт шинээр 17 хотхон хороолол, 21 аймагт мянган орон сууц, 100 сумын төвийг шинэчилнэ. Шинэ төмөр зам, авто зам гээд хангалттай ажил байна.

Авто зам 21 аймагтай холбогдсон. Өөр тийм их авто зам барих уу?

-Шинэ төмөр замын дагуу, бусад олон газарт зам хэрэгтэй байгаа шүү дээ.

Нөгөө хувийн хэвшлээ нухчих юм биш биз?

-Хувийн хэвшлийнхэн ажлаа хийж л байгаа. Тэдний ажлыг булаах зорилго байхгүй. Хувийнхны хийж чадахгүй байгаа ажлыг хэрэгжүүлэх хөтөлбөр. Тэгээд ч хувийн хэвшлийнхэн гурван жил ажилласан бэлэн ажиллах хүчинтэй шууд золгох боломж бүрдэнэ.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *