Categories
мэдээ цаг-үе

​ Г.Алтаншагай: “Бурхны авралаар чи ирлээ” бол жүжигчний хурд, мэдрэмж, сэтгэлгээнээс эхлээд шандас сорьсон шоу байсан


Мөрөөдлийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа.


-Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхэлье. “Бурхны авралаар чи ирлээ” шоунд амжилттай оролцлоо. Шоуны анхны ялагч болсонд баяр хүргэе?

-“Өдрийн сонин”-ы эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. “Бурхны авралаар чи ирлээ” шоунд нийт 32 жүжигчин оролцсон. Арван дугаартай. Монголчуудыг нэг хэсэг дэлгэцийнх нь өмнөөс салгасангүй инээд хөөр бэлэглэсэн сайхан шоу нэвтрүүлэг байлаа. Хурд, мэдрэмж, сэтгэлгээнээс эхлээд шандас сорьсон шоу байсан.Анх дэлхийн хэмжээний шинэ шоу нэвтрүүлгүүдийг Монголдоо зохион байгуулдаг “Боловсрол” суваг телевизээс надад санал тавьсан. Нэвтрүүлгийн дүрмийг нь сонсоод дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Нэг үгээр надад маш их таалагдсан, сонирхолтой санагдсан л даа. Ингээд хамгийн анхны дугаарынх нь эхний оролцогч болж салхийг нь хагалж, ялагч нь болсондоо туйлын баяртай байгаа. Дашрамд хэлэхэд манай “Мөрөөдлийн театр”-ын үзэгчид намайг дэмжиж мессэж саналаа илгээсэн. Та бүхэндээ маш их баярлалаа.

-“Хар сувдны нууц 2” киноны зураг авалт дуусчихсан гэсэн. Кино үзэгчдийн хүртээл болох вэ?

-“Хар сувдны нууц” киноныхоо хоёрдугаар ангийн зураг авалтыг Турк улсад хийгээд дууссан. Ер нь бол намар буюу есөн сард нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ажлууд нэлээн хойшлогдчихоод байна. Коронавирус манай урлагийнхан ч гэлтгүй бизнесийнхэн ер нь бүхий л салбарынхны хувьд нэлээн хүндрэлтэй байдлыг үүсгэлээ. “Мөрөөдлийн театр”-ын гуравдугаар сард хийгдэх гэж байсан тоглолт, Америк, Европын орнуудад тоглогдох гэж байсан аялан тоглолтууд маань бүгд хойшлогдсон. Гэхдээ энэ үеэр нэлээдгүй хэдэн телевизийн контентууд хийлээ, тоглолоо. Мөн өнгөрсөн сонгуулиар пиар багт ажиллаад нэлээн завгүй л байлаа.

-“Мөрөөдлийн театр” “Хязгааргүй орон зайд” уран бүтээлээ туурвина” гэсэн зорилготойгоор нээж байсан гэсэн. Шинэ залуу жүжигчдэд нээлттэй байдаг юм шиг санагддаг?

-Манай “Мөрөөдлийн театр” ойрдоо нэлээн мэргэжлийн тал руугаа уран бүтээлүүд хийж эхэлсэн. Сүүлд “Галзуу хот” шоу драмаа үзэгчдийн хүртээл болгосон. “Мөрөөдлийн театр” СУИС-ийн төгсөгчид болох маш олон залуусыг ажлын байраар хангаж байна. Манай хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Чука, Дөлгөөнөө, Батаа ,Батушка гээд олон сайхан жүжигчин дүү нар байна. Бүгд л дуу нэгтэй, зорилго нэгтэй үргэлж л өсөн дэвжиж дээшилсэн сайхан уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэх чин хүсэлтэй хамт олон байдаг даа. Бид бүхний ойрын үеийн сонин хачинаас гэвэл цар тахал гайгүй болно гэж итгээд намар тоглолтоо хийнэ. Мөн дэлгэцийн уран бүтээл рүүгээ орно гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

-Дүрийн тухайд ярихгүй өнгөрөөж болохгүй байх. Таны хувьд нэлээн хөдөлгөөнтэй, дуу шуутай, сэргэлэн дүрүүд бүтээдэг. Яг бодит амьдрал дээр ямар бол?

– Тийм шүү. Би ихэвчлэн хөгжилтэй, хөдөлгөөнтэй дүрд тоглодог. Яалт ч үгүй өөрийн бренд болсон “Улсын тэргүүний уран сайханч” гээд үзэгчдийн хүртээлд их нийцсэн инээдмийн төрлийн дүрээс эхлээд л. Гэх мэтчилэн манай “Мөрөөдлийн театр”-ын төрөл жанр ч инээдмийн салбарынх, би өөрөө ч тийм дүрүүдэд тоглох их дуртай. Хүмүүсийг инээлгэнэ, тэр олон хүмүүсийг аз жаргалтай болгоно гэдэг маань надад маш их кайф аз жаргалыг мэдрүүлдэг. Би уг хүнийхээ хувьд бол тийм ч алиа марзан хүн биш л дээ. Дүрүүдээсээ хол гэж хэлж болно. Ер нь бүх уран бүтээлчид л өөрөөсөө тэс өөр хол дүрүүдийг бүтээхийг хичээдэг дээ.

-Жүжигчдээс тоглож үзэх юмсан гэсэн дүр байна уу гэхээр ихэвчлэн түүхэн киноны дүр гэдэг. Харин таны хувьд?

-Түүхэн дүр бүтээнэ гэдэг уран бүтээлчийн хувьд нэлээн тоглох, мөлжүүртэй зүйл.Түүхэн хүнийг өөрөөрөө дамжуулж бүтээнэ гэдэг асар их чадал чансаа, ур чадвар, хариуцлага шаардсан хэрэг шүү дээ. Тийм болохоор л манай уран бүтээлчид тэгдэг байх даа. Миний хувьд яг тэгж тэрэнд л, тийм дүрд л тоглочих юмсан гэсэн зүйл байдаггүй ш дээ.Тухайн үед ямар дүр оногдох нь уу, туслах ч бай гол ч бай тэр дүрээ л бүрэн утгаар нь амилуулчих юмсан гэж чин сэтгэлээсээ хичээдэг.

-Саяхан “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт танай гэр бүл оролцож байсан. Гэр бүлийн тань уур амьсгал нэлээн дулаахан санагдсан шүү?

-Гэр бүлийн уур амьсгалыг шууд мэдрүүлдэг их гоё нэвтрүүлэгт ханьтайгаа оролцсон. Би өөрөө хоёр хүүдээ, ханьдаа хааяа сайхан цуйван, шөлтэй хоол гээд гэрийн хоолнуудаа хийгээд өгчихдөг. Харин яг тийм нарийн ширийн рестораны хоолнууд бол хийж байгаагүй. Нэвтрүүлгийн үеэр би чинь юу хийж байгаагаа ч ойлгоогүй “за” гээд л гүйгээд байсан. Уг нь эхнээсээ л их нарийн нямбай үзлээ гэж бодсон. Гэхдээ даанч түрүүлж чадаагүй. Бүр хамгийн бага оноог нь манай эхнэр надад өгсөн./Инээв/ Тэгэхээр залуу гэр бүлүүддээ хэлмээр байна. Хоёр биенийхээ хүсэл сонирхлыг маш сайн ойлгож, дэмжиж, нэгнээ хүндэлж, хамтдаа амьдралаа чин шударгаар босгож сайхан амьдраарай гэж.

-Танай эхнэр сэтгүүл зүйн салбарын хүн шүү дээ. Эхнэрийнхээ тухай ярихгүй юу?

– Тэгэлгүй яахав. Миний хань намайг маш сайн ойлгодог. Ер нь бид хоёр биенээ аль болох л их дэмжихийг хичээдэг. Ханилаад арванхоёр жил болж байна. Хоёр хөөрхөн хүүгийн эцэг эх. Хань минь Монгол Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. ТВ5 телевизэд анх байгуулагдсан цагаас нь эхэлж ажиллаж байгаад хоёр хүүгээ төрүүлээд эргэн ажилдаа орсон. Тэгээд өөрөө ТВ6 телевизийг байгуулаад одоо ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа ийм хөдөлмөрч бүсгүй дээ, миний хань. Мөн бид хоёр “Уужим филм ” гээд гэр бүлийн компанитай шүү дээ. Одоо “Кибер сүлжээ”, “Зуун жилийн эморол”, “Хар сувдны нууц” 1,2, “Биелэгдэшгүй төлөвлөгөө” зэрэг дөрөв, таван ч уран бүтээлийн ард амжилттай гараад байна даа.

С.ЛХАМСҮРЭН

Б.ДАРИЙМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *