Францын агаарын тээврийн “Air France” компанийн 65 дугаар нислэгийг тэсрэх бөмбөгний аюулаас сэрэмжлэн чиглэлийг нь өөрчлөн яаралтай газардуулжээ. АНУ-ын Лос-Анжелес хотоос Францын нийслэл Парис хүрэх нисэх онгоцыг Солт-Лейк хотод газардуулсан байна. Нисэх онгоц аюулгүй газардсан бөгөөд зорчигчдыг автобусаар зөөвөрлөсөн байна.
Түүнчлэн “Air France” компанийн 55-р нислэгийг мөн л тэсрэх бөмбөгний аюулаас сэрэмжлэн Канадын Нова Скоша мужийн Халифакс хотод газардуулсан байна. Уг нисэх онгоц Вашингтоноос Парис хүрэхээр нисч явжээ.
Парист гарсан халдлагын дараа Францын нисэх онгоцнуудад аюулгүй байдлын асуудал анхаарал татаж байгаа юм. “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн баасан гаригт Парист халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн билээ. Мөн Египетийн Синайн хойгт сүйрсэн Оросын 224 хүнтэй онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрсэн болохыг мөрдөн шалгах албаныхан тогтоосон юм.