УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Цагаан сарын амралтын өдрийг уртасгах тухай асуудал сая хүчтэй босч ирлээ. Та олон нийтийн саналыг дэмжинэ гэдгээ цахим хуудастаа мэдэгдсэн. Уртасгавал хэдэн хоногоор уртасгах боломж байгаа вэ?
-Амьдралд хууль нийцэж байгаа эсэх нь их чухал. Битүүний өдөр монголчууд ажлаа хийдэг үү, үгүй юу? Хийдэг нэртэй байгууллагууд боломжоороо ажилчдаа эрт тараадаг. Шинийн дөрвөн, таванд ажил хийдэг үү, үгүй юу гээд бодвол бүтээмжгүй байдаг. Хоёрдугаарт, үндэсний өв соёлыг дэлгэрүүлэх, хамгаалж үлдэх нь чухал. Цагаан сар, үндэсний их баяр наадам монголчуудад яагаад чухал вэ гэхээр үндэсний дархлаагаа баталгаажуулдаг. Монгол гэрт орж үзээгүй байранд өссөн хүүхдүүд байна. Монголоор сайхан мэнд ус ч асууж мэддэггүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс бид хойч үеийнхэндээ ингэж золгодог. Босго дээр гишгэж болдоггүй гэхчилэнгээр монгол уламжиллаа баяр наадмын өдрүүдээр л зааж өгч байгаа шүү дээ. Тиймээс улсын баяр наадам, цагаан сард онцгой ач холбогдол өгч, тэр талаас нь харж шийдвэрээ гаргавал зөв юм болов уу гэж бодсон. Манай ээж аав хоёр өндөр настай хүмүүс бий. Өдөрт 100-аад хүн ирж золгосон. Бид ээлжээр очиж тусалж байгаа юм. Цагаан сарын гурван өдрийн золголтын дараа хүмүүс маш их ядарч байна. Хууль гэдэг бол амьдрал дээр байгаа зүйлийг цаасан дээр буулгадаг. Тиймээс хүмүүсийг ажлаа, төлөвлөлтөө хийх боломжийг эрх зүйн хүрээнд олгох ёстой.
Цагаан сарын бэлтгэлд их хугацаа шаардагддаг. Дотоодын эдийн засгийн идэвхжил тэр хэрээр бий болдог. Жижиглэн, хүнсний худалдаа дагаж өсдөг. Гэтэл олон нийт ойлгохдоо амрахаар хамаг юм зогсдог гэж ойлгодог. Дотоодын эдийн засгийн идэвхжил, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Баяр наадмын үе нэгдүгээрт дотоодын худалдааг идэвхжүүлдэг. Хоёрдугаарт, тодорхой хэмжээнд стрессийг тайлдаг. Энэ жилийн цагаан сар хагас, бүтэн сайн өдрөөр таарсан. Орон нутаг руу явсан хүмүүс ирэх, очихдоо их түгжирлээ шүү дээ. Тиймээс үүнийг засаж, магадгүй ажлын таван өдөр амардаг болгож битүүний өдрийг амралтын өдөр болговол амьдралд арай ойр байх болов уу гэж бодсон.
-Эдийн засгийн утгаараа ч өгөөжтэй юм байна шүү дээ?
-Жижиг дунд үйлдвэрлэл болон үндэсний үйлдвэрлэлийг ихээр дэмждэг.
Цаг хугацаа явах тусам үндэсний брэндүүдийг бэлгэнд өгдөг болж. Трэнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэлийг бодитой дэмждэг баяруудын нэг нь цагаан сар. Хоёрдугаарт, цаашдаа цагаан сарын урт хугацааны амралтыг өвлийн аялал жуулчлалыг дэмжих боломжтой. Магадгүй цагаан сарын барилдааныг хоёр, гурван өдрийн барилдаан болгодог. Томхон зааланд барилдуулдаг. Өвлийн морины уралдаанд хүүхэд биш, том хүнээр унуулж уралдааныг явуулдаг зэргээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс мөсөн уул бариад аялал жуулчлал нэмэгдэхгүй. Монголын өв соёл, онцлогийг харах гэж л жуулчид ирнэ. Орон нутагт хэрхэн яаж цагаан сар хийдэг. Хэрхэн золгодог. Энэ бүх суурь, бүтэц нь бэлэн бий. Тиймээс зохицуулалтыг нь хийгээд дэмжхэд аялал жуулчлалын том эвент болох боломжтой.
-Та үүнийг хууль болгож өргөн барих уу?
-Хоёр хувилбар бодож байна. Багтайгаа зөвлөлдөнө. Хамгийн хурдан нь D-Parliament руу оруулж иргэдийн саналыг авах нэг хувилбар байна. Хэрвээ 30-аас дээш мянган хүний саналаар дэмжигдвэл УИХ-ын Тамгын газарт ажлын хэсэг байгуулагдаж хууль боловсруулж эхэлнэ. Хоёрдугаарх хувилбар нь УИХ-ын гишүүн хуулийн төсөл өргөн барих. Энэ нь хуулийн төслөө бичиж, судалгаа хийгээд түүндээ үндэслэж Засгийн газраас санал авна. Ингэж явахаар хугацаа их орох магадлалтай. Тиймээс хугацаануудаа харьцуулж үзээд арай хурдтай явах боломжийг нь харж байж шийднэ. Хэрвээ D-Parliament дээр санал авна гэвэл хоёрдугаар сарын сүүлээр байршуулж, чуулган эхэлтэл иргэдийн саналыг авна.
-Тантай ярилцах дараагийн сэдэв энэ УИХ-ын үйл ажиллагаа. Шинэ залуу туршлагагүй хэмээх шүүмжлэл таны сууж байгаа парламентад их ирсэн. Та ер нь энэ намрын чуулганаар УИХ хэр ажилласан гэж бодож байна?
-Шинэ залуу гишүүд олноор нэмэгдсэнээр энэ парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тогтолцооны өөрчлөлт хийж чадсан. 24 жилийн хугацаанд хийж чадаагүй өөрчлөлтийг хийж чадсан. Нэг ёсондоо дараагийн сонгуулиар би гарах гарахгүйгээр үл хамааран улс эх орныхоо төлөө шийдвэр гаргаж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй болов уу гэж бодож байна. Өмнөх үеэ үгүйсгэмээргүй байна. Гэхдээ энэ удаагийн парламент хувь хүнийг бодсон шийдвэр гаргаагүй.
Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн концепциор тойргуудаа хуваарилсан. Жалга, сум дагасан соёлын төв, конторын барилга зэрэг зүйл улсын төсөвт нэг их орж ирэхгүй болов уу гэж бодож байна. Магадгүй төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийдэг зарчим руу шилжих байх. Хүн ам цөөтэй суманд хүчин чадал нь ахадсан сургууль, цэцэрлэг барихаа болих болов уу гэж бодож байна. Бусдыг нь ярилгүй орхиход энэ хоёр том өөрчлөлт нь урагшаагаа харсан том алхам болсон. Үүнийг өмнөх парламентууд ярьдаг байсан ч хийж чаддаггүй.
Авлига албан тушаалын асуудал өмнөх цаг үеийн асуудлуудтай холбоотойгоор илүү гаргаж ирсэн. Угаасаа ч хэзээ нэгэн цагт задрах л байсан байх. Ковидын хоёр жилийн хугацаанд эдийн засаг уналттай байсан үе. Ер нь уналтад орохоор иймэрхүү асуудлууд задардаг. Энэ бол дэлхийн бүх л улсад байдаг. Хямралтай нүүр тулж байж л эмчилгээ хийдэг. Тийм хямрал гараагүй бол ийм эмчилгээ хийгдэхгүй байх байсан. Тийм том хэмжээний эдийн засгийн уналтад орж байж, том хэмжээний хямралыг үзэж байж болохгүй байгаа зүйлсийг эмчилж эхэлж байна гэсэн үг. Мэс засал, эмчилгээ гоё сайхан байдаггүй. Үргэлжид ямар нэгэн байдлаар зовуурьтай хийгддэг. Зовуурь өгөөд байгаа өвчнийг, хавдрыг авч хаяж байж л эрүүл болно. Түүнээс хавдраа нуучихаад яваад байвал эрүүл болохгүй.
Авлигын индексээр унасан байна гэсэн. Тэр асуудал ил болсноор авлигын индекс унасан нь үнэн. Гэхдээ энэ асуудал цаашид гарахгүй байхаар эрх зүйн орчноо засаж чадлаа. УИХ-ын сонсголыг хоёр ч удаа хийлээ. Цаашдаа хүмүүст ийм асуудалд орооцолдож болохгүй юм байна гэсэн том сургамж боллоо. Өөрөөр хэлбэл, хатуу зарчим болж эхэлж байна гэсэн үг. Иргэд ч илүү хэрсүү болж байна гэсэн үг. Төр бизнес хийж болохгүй юм байна. Төрийн өмчит компаниуд нэмэгдэхээр хулгай бий болдог юм байна. Төрийн өмчит олон компани байж болохгүй юм байна гэдгийг бүгдээрээ л ойлголоо. Энэ бол цаашдаа илүү өсөх, хөгжих том үндэс болсон болов уу гэж бодож байна. Би УИХ-д нэг удаа сонгогдсон. Өмнөх болоод одоогийн парламентын шүүмжлэлтэй хандах зүйлдээ хандаж ирсэн. Гэхдээ энэ удаагийн парламент том асуудлуудыг шийдэж чадсан парламент гэж харж байгаа.
-Аймгуудын эдийн засгийн таталцал дээр суурилсан бүсчилсэн хөгжлийг бий болгож чадсан уу. Та юу гэж харж байна?
-Бүсчилсэн тойргоор сонгууль явсны дараа хүн амыг дагасан томоохон хотууд бий болох, дэд бүтэц, ажлын байрыг бий болгох үндэс тавигдах болов уу гэж бодож байна. Учир нь төсөв гэдэг дандаа хязгаартай байдаг. Хязгаартай эх үүсвэрийг соёлын төв, барилга байгууламж болгож жалганд аваачиж хаяад байхаар улс хөгжихгүй. Бүсчилж хөгжихөөр хөрөнгө оруулалт илүү сайн эрэмбэлэгддэг болно. Мөн пропорционалиар орж ирсэн УИХ-ын гишүүд хяналтаа давхар тавина. Тиймээс хөрөнгө оруулалтын эрэмбэ нэгдүгээрт, улс эх орон. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалт хийгддэг болно. Ингэж хөрөнгө оруулалтын эрэмбэ өөрчлөгдөж, хөгжил рүү чиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-Та эдийн засагч хүн. Тиймээс сонгуулийн дараа ер нь Монголыг эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байна гэж харж байна?
-Бид энэ цаг хугацааг хэрэлдэж биш, ашиглаж явах цаг үе ирсэн. Хөрөнгө оруулалтын хуулийг зөв зохистой хийсэн бол ямар боломжууд байна вэ гэхээр манай хойд хөршийн буюу 100 гаруй сая хүн амтай зах зээлийг ашиглах алтан боломж, алтан үе. Ингэж хэлж байгаа учир нь төв Азид байгаа бусад хөршүүдийн ОХУ-аас орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь 3-5 дахин нэмэгдсэн. ОХУ руу гарч байгаа экспорт нь 5-10 дахин нэмэгдсэн. Хатуухан хэлэхэд бид сүүлийн 34 жил хоригт байсан. Бидэнд ийм алтан боломж одоо л олдож байна. Одоо л Засгийн газар чөлөөт худалдааны хэлэлцээр, ямар бараан дээр тарифгүй, ямар бараан дээр бага тарифтай байх вэ гэдэг хэлэлцээрийг ОХУ-ын талтай хийж байна. Энэ цаг хугацааг бид ашиглах хэрэгтэй. Бидэнд зөвхөн БНХАУ биш хоёр том зах зээл байна. Бид Хятадын зах зээлийг л хараад байна. Гэтэл ОХУ бол дэлхийн 7, 8 дахь эдийн засаг хэвээрээ л байна шүү дээ. Тиймээс оросын зах зээлийг нээх, Сибирийн бүс нутаг зэрэг рүү бид бараа бүтээгдэхүүнээ экспортлох хэрэгтэй байна. Гэхдээ зөвхөн ноос ноолуур махаар хязгаарлагдахгүйгээр инновац шингэсэн бүтээгдэхүүн ч гаргах боломж байна. Тиймээс нэгдүгээрт энэ чиглэлээр ажилламаар байна.
Хоёрдугаарт, хятадын эдийн засгийн ойлгомжгүй байдлаас үүдэж зарим хүмүүс санаа зовниж байгаа зүйл бий. Бидний хувьд ч гэсэн бодож байх ёстой асуудлууд бий. Гэхдээ ойрын хугацаанд түгшүүрийн хэмжээнд хүрээгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд манай эдийн засаг гайгүй байна. Эдийн засгийн өсөлт энэ жил хадгалагдах болов уу гэж горьдож байна. Бид цаг алдалгүй оросын талын зах зээлийг нээх, гадаадад сууж байгаа Элчин сайдын яамдыг ашиглаж илүү эдийн засаг, бизнесийг дэмжсэн байдлаар ажиллуулдаг болгох хэрэгтэй байна. Тухайн орноос эдийн засаг татсан хэмжээгээр нь худалдаа, экспорт хийсэн хэмжээгээр нь Элчин сайдын яамдад үнэлгээ өгдөг болох шаардлага байна. Ингэж байж бид урагшилна. Түүнээс зөвхөн улс төрийн харилцааг хадгалж үлдэх байдлаар Элчин сайдын яамдыг хадгалж үлдэх нь өрөөсгөл байгаа юм.
Тиймээс цаашид Элчин сайдын яамд эдийн засгийн ачаалал өгдөг, энэ чиглэлээр хийсэн ажлынх нь хэмжээгээр үнэлгээ өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж хувийн хэвшлийнхэн тийшээ очиход наад зах нь уулзалтуудыг зохион байгуулж өгөх хэрэгтэй. Саяхан би Казахстан яваад ирлээ. Казахстан улс Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаа тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголоос тат. Худалдаагаа тийм хэмжээнд хүргэ гэж даалгавар өгсөн байгаа юм. Өгөх өгөхдөө энэ компаниудтай уулз. Ийм компаниудаас хөрөнгө оруулалт татахыг хичээж ажиллана шүү гээд чиглэлтэй нь, хөрөнгө оруулалтын хэмжээтэй нь заагаад үүрэг өгч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Элчин сайдын яамдууд нь манай орны зах зээлийн судалгааг нь ч хийж байна. Компаниудын хүчин чадлыг нь ч судалж байна. Ингэж Элчин сайдын яамдууддаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит даалгавруудыг өгч байна. Бид ийм байдал руу орох ёстой. Энэ бүс нутагт бид Казахстантай өрсөлдөх ёстой.
-Тоон үзүүлэлтээр манай эдийн засаг өссөн. Энэ өсөлтийг иргэд, өрийн бодит орлогод наалдуулахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Хүссэн хүсээгүй зах зээл цалингийн үнэлэмжийг өсгөхөөр харагдаж байна. Ажлын байр асар их хэмжээгээр бий болсон. Ажилтан олдохгүй байна гэж компаниуд их ярьдаг болж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цалингаа нэмж ажилтантай болно гэсэн үг. Гэхдээ бид хүний нөөцийнхөө чадамжийг сайжруулах ёстой болно. Чадамжийг сайжруулна гэдэг нь боловсролтой холбоотой гэсэн үг. Ингээд харахаар ноднин жил батлуулж чадсан англи хэлний заалт гэхэд монгол хүний үнэлэмжийг цалингийн илэрхийлэмжээр бодоход 50-60 хувиар өндөр цалин авах боломж яваандаа бий болно. Бүх юм хоорондоо уялдаатай л даа. Жаахан хугацаа орно. Гэхдээ энэ зүйлүүд зөв тал руугаа нэлээд сайн явж байна гэж харж байгаа. Том зургаар харвал боловсролын салбарт том алхам хийж чадсан. Өмнө нь улсын төсвийн есөн хувийг боловсролын салбарт зарцуулдаг байсан бол 14, 15 хувь руу орсон. Зөвхөн Баянгол дүүргээр харахад сургуулийн хүртээмжийг 100 хувь шийдэх хэмжээнд ирсэн. Дараа нь чанарын асуудал руу орно. Тооны ухаан, англи хэл, байгалийн ухааны плотфорумуудыг нэвтрүүлж байгаа. Тиймээс багш нараа чадавхжуулах, нэг багш 60 биш 30 хүүхэд дунд ажиллаад ирэхээр багш сурагчидтай тулж ажиллах боломжууд нээгдэнэ. Хими, физикийн лабораторитой төвийн сургууль их цөөхөн байна шүү дээ. Тиймээс байгалийн ухааны хичээлүүдийг сургуулиудад стандарт болгож лабораторитой болгох, цахимын лаборатори хамгийн сүүлийн үеийн код, программ бичих, хиймэл оюун ухааны хичээл ордог лабораториудыг бий болгож байж дараагийн үе шатанд очно. Тэрийг бий болготол хугацаа орно. Гэхдээ тийшээ алхам алхмаар ойртож чадах болов уу гэж харж байна. Мэдээж энэ бүгд мөнгөтэй л холбоотой.
One reply on “Х.Ганхуяг: Цагаан сараар ажлын таван өдөр амардаг болвол амьдралд арай ойр байх болов уу DNN.mn”
Амралт ихэдсэн үү гэхээс багадаагүй. Наадам цагаан сараар 3 хоног амраад бусад баяраар амардагаа болимоор байна.