Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Батхишиг: Авлигын индексээ урагшлуулахын тулд авлигын мөнгөө нуухад ашиглагддаг компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажил чухал DNN.mn

УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч, улс төр судлаач П.Батхишигтэй авлигын индексийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан олон улсын байгууллага улс орнуудын авлигын индексийг зарласан. Манай улсын хувьд байр ухарсан байсан. Үүнд ер нь хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага улс орнуудын авлигын түвшнийг хэмжиж үр дүнг зарладаг. 2023 оны тайланд 180 улсыг судалгаандаа хамруулснаас Монгол Улс дахин байр ухарч 121-д үнэлэгджээ. 10 жилийн өмнө “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахад нийт 172 улсаас Монгол Улс 39 оноогоор 80-д жагссан байж. Энэхүү индекс нь Дэлхийн банкны засаглал бодлогын үнэлгээ, Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа, ардчиллын индекс зарладаг V-Dem, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс гаргадаг IMD гээд 13 байгууллагын мэдээллийн эх үүсвэрт тулгуурладаг тул улс орнууд ач холбогдол өгдөг. Индексийн гол агуулга нь нийтийн өмч, төсөв, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй бодлого, түүний хэрэгжилтийг үнэлдэг. Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан 2023 онд хамгийн тааруу оноо авч хамгийн муу байранд жагслаа. Энэ бол эрх баригчдын ам, ажил хоёрын зөрүүг илэрхийлж буй хэрэг.

-Бусад улс орнуудын хувьд авлигын асуудалд ямар бодлого гаргаж явснаараа энэ индексээрээ урагшаа байр ахиж байдаг юм бол?

-Авторитар, эсвэл ардчилсан системтэй хэсгээс үл хамааран аливаа хэлбэрийн авлигын гэмт хэрэгтэнд хариуцлага тооцолгүй, ял шийтгэлээс чөлөөлөх, түүндээ шүүх прокурорын байгууллагыг ашигласнаар шударга бус байдлыг нэмэгдүүлэн авлигыг нийгмийн хэвийн үзэгдэл болгодог. Харин авлига багатай, авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрч буй улсуудыг ажиглавал шүгэл үлээх, хэрэгтнийг шударга шүүж, хариуцлага хүлээлгэснээр нийгэмд авлигыг үл тэвчих соёлыг бэхжүүлдэг. Бүс нутгийн хувьд Европын улсууд авлигагүй болох энэ тэмцэлд тэргүүлсэн хэвээр байгаа.

Африк, Ойрхи Дорнодын улсуудад улс төрийн авлига, зөрчилдөөн байгаа ч бага зэрэг ахиц үзүүлсэн байна. Харин Зүүн Европ, Төв Азийн улсуудад авторитар дэглэм рүү гулсах, хуулийн засаглал, системийн авлигатай зууралдсан хэвээр байна. АНУ гэхэд 12 дугаар сард гадаад орны албан тушаалтнууд компани, иргэнээс авлига шаардах болон авахыг гэмт хэрэгт тооцох тухай хууль баталсан. Энэ хуулиас өмнө Америкийн компани болон иргэн гадаад улсын албан тушаалтанд авлига санал болгох, өгөх нь гэмт хэрэгт тооцогддог байсан бол өдгөө хоёр талыг хариуцлагажуулж авлигатай хийх тэмцлийг өргөжүүлсэн байна.

Авлигын мөнгө угаах, нуухад түгээмэл ашиглагддаг үл хөдлөх хөрөнгө, компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажлын чухлыг ч онцолж. Хөгжиж буй орнуудын хувьд институцийн чадавх, хуулийн засаглал болон бусад олон шалтгаанаар энэ тал дээр төдийлөн ахиц гаргаж чаддаггүй ч Монгол Улс урагш алхсаныг бид мэднэ. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд ч эдгээр мэдээллийг ашиглан шүгэл үлээх, авлигатай хийх тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна.

-Авлигатай тэмцэх нь нийгэмд яагаад чухал талаар ойлголт бас сул байна уу?

-Авлига, шударга ёс хоёр эсрэг тэсрэг ойлголт. Зарим судлаачид нийгмийн итгэлцэл алга боллоо гэдгийн гол шалтгаан авлига шүү дээ гэдэг. Учир нь авлига цэцэглэх тусам хууль шүүхийн өмнө тэгш байдал алга болно. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, эцсийн дүндээ нийгмийн үнэт зүйлс эвдэгдэнэ. Итгэлцэл бол нийгмийн үнэт зүйл. Ард түмний хувьд өдөр тутам хэвлэл мэдээллээр шударга бус шүүхийн шийдвэр сонсоод, өглөө бүр нэг авлигачийн үнэтэй машинтай зэрэгцэн алхах нь гутамшигтай байна. Өвчиндөө шаналан эмнэлгийн орон дээр хэвтэх иргэнд өнөөх авилгач дарга ханиад хүрээд л Солонгос нисч эмчлүүлж байгааг харахад нийгэмд ямар юмны итгэлцэл байх вэ дээ.

-Манай төр засаг 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үр дүнг юу гэж харж байна вэ?

-НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид шүүх, прокурорын байгууллагын хараат бус ажиллагааг онцолдог. Хичнээн сайн хууль баталлаа ч шүүх, цагдаа, прокурорын байгууллага авлига эсвэл нөлөөлөлд автсан бол төмс булчихаад алим хүлээдэг шиг юм болно. Итгэл үнэмшил бүхий, мэргэжилдээ эзэн, ёс зүйтэй хууль шүүхийн ажилтнуудын томилгоо, албан тушаалд дэвшүүлж буй байдал, ажлын үнэлгээг хэн хийдэг билээ. Мөнөөх төр. Төр гэдэг маань сонгуульд амлалт өгөн ялсан бүх эрх мэдлийг атгасан тэр нам. 2021 онд Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч 111-д эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт” гэсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд авлига, ашиг сонирхлоос ангид байхыг зориуд тусгаж оруулсан”, “УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Авлигатай хийж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна” гэж хэлснээс хойш юу өөрчлөгдөв. Нийгэмд энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Удахгүй ард түмэн дүнгээ тавина.

-Ямартаа ч авлигын эсрэг тэмцэх нь чухлыг онцолж, нийгэмд ч ийм ойлголт төрүүлж байна гэж итгэж байна уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь нийтийн эрх ашиг, та бидний эрх ашгийг хамгаалах тухай асуудал. Гэхдээ олонх тохиолдолд авлига авч баяжсан, хөрөнгөжсөн хүнийг буруушаах, зэвүүцэхээс илүү өөрт хамаагүй зүйл мэт бодох нь түгээмэл. Гэтэл авлига өгч танай гэрийн хажуугийн жижиг газар 20 давхар байшин барих нь оршин суугчдын нарыг хаахын зэрэгцээ цэцэрлэг сургууль, нийтийн эзэмшлийн зам талбайг ч үгүй болгоно.

Авлига өгч танай хүүхдийн боловсролын зээлийн сангийн эрхийг авч, хүүхдийн чинь ирээдүйг хулгайлна. Чадвартай төрийн албан хаагч тушаал дэвших боломжийг хааж нэг намчин нөхөр төрийн ажлыг унагах, эсвэл нэг төрийн компанийн гарын үсгэн дээр сууж хувьдаа завшина. Авлигатай тэмцэх нь яагаад чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ингэж ойлгуулах нь чухал. Энэ ажлыг хийхгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд орж, системийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг.

-Авлигатай тэмцэж байгаа энэ жилүүдэд Монголын хууль шүүхийн байгууллага авлигын гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэсэн талаар танд мэдээлэл бий юү. Нөгөөтэйгүүр бусад орнуудад хэрхэн хариуцлага тооцдог вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан авлигын хэрэгт холбогдоод 40 сая төгрөгөөр л торгуулж. Төрийн өмчит уурхайн захиралд торгох ял, 2.7 тэрбумын хахууль авсан хөдөлмөрийн баатарт ч торгох ял оноосон байна. Хөгжлийн банкны, нүүрсний сонсгол гээд хэдэн өдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл дамнуулан төлбөр авсан, аваагүй, мэдэх мэдэхгүйн завсар олон хүмүүс, аж ахуйн нэгжийг олон түмний өмнө бүлтэлзүүлсэн боловч яг ял оноогоод, хариуцлага тооцоод, хөрөнгө хураагаад олон нийтийн өмчид гар дүрвэл ийм болно оо гэдгийг үзүүлж чадсан уу, гэвэл үгүй. Харин сунжирсан шүүх хурлуудын дараа бүгд гэмгүй, эсвэл цагаадан гарч ирж ард иргэд рүү инээмсэглэн яриа өгч буй дүр зураг юу хэлж байна. Гэтэл авлигагүй улсын тэргүүнд явдаг Сингапурт 37 жилийн өмнө Ерөнхий сайд нь авлигад холбогдсон танхимын сайдынхаа амиа хорлох тухай захиаг уншиж өгсөн түүх бий. Хөрш Хятадад гадагш зугтсан 100, 100 түшмэдээ буцаан авчирч хариуцлага хүлээлгэж байгаа жишээг уншсан иргэдийн тархи толгойд манайд яагаад ингэдэггүй юм бол гэсэн асуулт байнга эргэлддэг байх. Нэмээд хэлэхэд, хамгийн их авлига авдаг, авлигад холбогддог этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авлигатай тэмцэнэ, тэмцэх ёстой гэх зэргээр ярьж харагдах нь энэ сэдвийг хангалттай бүдгэрүүлдэг. Авлигын хэргээр ял, торгууль авсан этгээдүүд төрийн өмчит үйлдвэрийн газар, их сургууль, агентлаг, яам, Их хуралд сууж байгаа нь бидэнд тавьж буй бодит дүн. Тэдний хариулт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хялбаршуулсан журмаар шийдүүлсэн, гэмээ ухаарч торгуулиа төлсөн гэх биз. Гэтэл улсад учруулсан хохирлоо төлсөн үү, нуусан хулгайлсан хөрөнгийг хураасан уу гэх зэргээр олон асуулт хариугүй үлддэг. Шувуу болоод ниссэн, улсаасаа зугтсан дарга, сайд, хөдөлмөрийн баатар, гавьяатуудын сураг ч алга. Авлигатай тэмцэх ажил амаргүй ч энэ талд дэлхийд үнэлэгддэг Сингапурын эцэг Ли-гийн хэлсэн үг бий. Тэрээр “Гурван найзаа шоронд хийхээс эхэл. Яагаад хийж байгааг чи мэдэж байгаа, хүмүүс ч чамд итгэж эхэлнэ” гэж хэлсэн байдаг. Энэ үг өнөөдөр дэлхийд авлигатай тэмцэгчдийн уриа болж дэлгэрсэн байна. Манайх ч энэ үгийг санаж, бодож явахад гэмгүй.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Олон юм ярилгүй, олдсон дээр нь ногдол ашгаа авцгаая DNN.mn

Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрд хуваарилсан 1072 хувьцааны ногдол ашгийг тараах сураг гарч эхэллээ. Өнгөрсөн лхагва гаригт болсон УИХ-ын намрын сүүлчийн чуулганаар энэ тухай хэлэлцээд, шийдвэрийг компани өөрөө гаргахаар тогтох шиг боллоо. Тодруулбал, тогтоолын төсөлд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлнэ. Хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болно” гэжээ.

Харин Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-д томилогдож очсон БЭТ Ж.Ганбат “Ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурал дээр танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг судлаад, шийдвэрлүүлэх талд байгаа. УИХ-аар шийдэгдвэл бүх хүнд өгөх үү, эсвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая хүнд өгөх үү гэдэг асуудал яригдана. Нэг хүнд 110-120 мянган төгрөг олгогдохоор байгаа. УИХ тогтоолын төсөл баталбал Цагаан сараас өмнө ногдол ашиг тарааж амжина” гэж ярилаа.

УИХ-ын чуулганаар ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах эрхтэй гээд тогтоол баталчихсан учраас 1072 хувьцаа амь орох уу, монголчууд Таван толгойн ордын ашгийг хүртэх үү, үгүй юу гэдгийг компанийн ТУЗ шийдэхээр болчихлоо. Аль нь ч бай, 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид жил бүр хүртэх эрхтэй юм. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж л байгаа бол ямар ч хувьцаа эзэмшигч их, бага хамаагүй ногдол ашгаа хүртэх ёстой.

Гэтэл энэ ногдол ашгийг тараах сургаар үүнийг зогсоох, болиулах гэсэн оролдлого орон даяар эхэлж байна. Хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гишүүдээс эхлээд нийгэмд инфлүүнсер гэгдэж өөрсдийгөө хөөрөгддөг нөхөд “Иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу. Энэ хөрөнгөөр нүүрс угаах үйлдвэр барья. Тавдугаар цахилгаан станцыг эхлүүлье. Метроны санхүүжилт болгосон ч болж байна. Хархоринд нийслэл байгуулахад санхүүжилт хэрэгтэй” гэх зэргээр “эх оронч” санаачилгууд бичиж эхэллээ. Бүр уриалж ч байна. Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү гэгчээр ингэж бичээд, уриалаад байгаа нөхдүүд хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гэдгээ баталж байгаа явдал юм. Монголын төр, эрх баригчид л “1072” хувьцааг сонгуулийнхаа жилд санал худалдан авалт болгож, бусад үед нь хав дардаг. Хөрөнгийн биржид бүртгүүлж амь оруулдаггүй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн эдийн засагтай нийгэмд төр нь өөрөө фашист, зэрлэг гэмээр үйлдэл гаргаж байгаа болохоос хөрөнгийн зах зээл аливаа улс орны санхүүгийн зах зээлийн гол гурван тулгуурын нэг болж хөгжиж, дэмждэг учиртай.

Аливаа компани нээлттэй болж, хувьцаа гарган иргэд, олон нийтэд эзэмшүүлдэг. Түүнийхээ төлөө хариуцлагатай, ашигтай ажиллах үүрэгтэй. Ингээд олсон ашгаа шударга тэгш хуваарилдаг зарчимтай. Энэ зарчмаар бол 1072 хувьцааг анх эзэмшүүлсэн 2012 оноос эхлээд жил бүр иргэд ногдол ашгийг хүртэж байх ёстой байлаа.

Улс орны мега төслийг хэрэгжүүлэх гэдэг тусдаа асуудал. Олон нийтэд нээлттэй болсон, иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн ашгаас санхүүжилтийг татах ёсгүй. Харин манайд эсрэгээрээ, “Том том үйлдвэр барьж, улс орныг хөгжүүлнэ” гэж амлаад иргэдийнхээ халаасан дахь хувьцааны орлогыг булаагаад авчихдаг. Хэзээ ч тэр үйлдвэр, паркууд нь баригддаггүй. Тавдугаар цахилгаан станц барих гэж 20 жил болоход ямар их хөрөнгийг энэ нэрээр урсгаж, угаасан бол доо. Метроны төсөл ч тэр. 10 жилийн өмнө л ашиглалтад орчихоор амлаж, улсын төсвөөс хэдэн арван тэрбумаар судалгаа, ТЭЗҮ нэрээр хулгайлсан. Таван толгойн цахилгаан станц барих гэж хэдэн жил гацав. Таван толгойн цахилгаан станц нэртэй компани байгуулаад, нэжгээд олон хүн ажилласан нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр хуваарилж ирлээ. Өнөөдөр тендерээ зарлаж, гүйцэтгэгчээ сонгож чадахгүй, үрэлгэн зардал гаргаад сууж байна шүү дээ.

Хамгийн ойрын жишээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашиг тараах болоход 2023 оны дөрөвдүгээр сард БЭТ Ж.Ганбат гэж нөхөр “2022 онд ЭТТ 1.3 их наядын ашигтай ажилласан. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байна. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулан орлогоо нэмэгдүүлэх нь чухал” гэж мэдэгдэж байлаа. Ингээд 2022 оны ногдол ашгийг тараахыг зогсоож, Монгол Улс нүүрс угаах үйлдвэр барих юм болсон. Үүнээс хойш жил орчмын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр нүүрс угаах үйлдвэрийн тухай хэн ч дурсахгүй байна. Дурсах ч боломжгүй, үйлдвэрийн шав битгий хэл ТЭЗҮ ч яригдсангүй. Харин нүүрсний мөнгөнөөс дарга нар 40-өөд их наядаар хулгай хийснийг энэ өвөл бид мэдэх шив дээ. Юун Ж.Ганбат нүүрс угаах үйлдвэр барих вэ дээ. Ингэдэг гэдгийг бид харлаа. Энэ жилийн ногдол ашиг тараах болоход үүнийгээ л ярьж байна. Дараа жил ч ярина. “Мөрөөдлийн баг” гэдэг мөрөөдлийн мега төслүүдийн цувааг нэгээр нэмсэн үлгэр болж л үргэлжилнэ.

Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны дараа ажилгүйдэл 14 хувиас давж, нийгэм тогтворгүйтэх байдалтай байлаа… Ажилгүйдлийг бууруулах гэж зогсолтгүй тэмцэж ирсэн бидний хувьд аж үйлдвэржилт бол асуудлыг шийдвэрлэх цорын ганц зам гэдгийн сайн ойлгож байлаа… гэж Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю дурдатгалдаа бичсэн нь бий. Өнөөдрийн Монгол Улс 60 жилийн өмнөх Сингапурын нөхцөл байдалтай нэлээд төстэйдүү харагдана. Зөрүүтэй нь манайд ажилгүйдлийн түвшин 17, 18 хувь руу орчихоод байхад сэхээ авч, иргэдээ ажил орлоготой болгоход бодлого уралдуулдаггүй. Аж үйлдвэржилт хэрэгтэй гэдгээ мэддэг ч ажил болгодоггүй.

Иргэдээ хуурч, үйлдвэр барих нэрээр өөрсдөө хөлждөг төр засагтай, эрх баригчидтай ийм нэгэн улс 21 дүгээр зуунд аж төрж байна шүү дээ.

Тиймээс одоо бол итгэхгүй ээ, хүмүүс ээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа авъя. Эрх баригчид, МАН-ынхан жил бүр бүтэхгүй төслүүд ярьж, тэрбумаар биш их наядаар нь хулгайлдаг, хөлждөг болох нь нэгэнт ил болсон. Одоо бид хууртаж болохгүй. Авах ёстой зүйлээ авдаг, нэхэх ёстойгоо нэхдэг хариуцлагатай, хэрсүү иргэд байцгаая. Бүр өмнөх жилүүдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөж авах хэрэгтэй байна. Нэгэнт ярьсан төслүүд нь бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтсэн ч гэж дээ, эрх баригчид ард түмнээ хууран мэхэлж өөрсдөө хулгайлж, хөлжсөн нь ил болсон болохоор бид хувьцааны ногдол ашгаа нэхэх эрхтэй. Шүүхэд дуудсан ч болно.

Ногдол ашиг тараахгүйн тулд янз бүрээр л үзэж байх шиг байна. Зуун мянган төгрөг тараавал иргэд баас болгоод л дуусна гэв үү. Дарга нар хувааж идээд бас л баас болгох биш үү. Энэ улсад шударга, зарчимтай, эх оронч бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ гэж байхгүй болсон шүү дээ. Хэн нь илүү идэх вэ, хэн нь нууж идэх вэ гэсэн уралдаан л болсныг МАН-ын эрх барьсан жилүүдэд ард түмэн харж байна. Тиймээс ядаж ард түмэнд хаягласан хувьцааныхаа ногдол ашгийг авцгаая. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д энгийн хувьцаа эзэмшигчид олноор төлөөлж суумаар байгаа юм. Дарга нар, эрх баригчдыг санхүүжүүлдэг, нүүрсний хэрэг мэтийн хулгай гарахаас хамгаалж, ашигтай ажиллахад ташуур болж суух хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *