Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзнээсээ өөр юу ч нийтэлж, нэвтрүүлдэггүй хэвлэл мэдээллийн байгууллага байх юм

Монголын хэвлэл мэдээллийн
байгууллага төрийн мэдэлд байсан цаг бий. Ардчилал гарч ирснээр төрийн дуу
хоолой болж байсан хэвлэлүүдийг хувьчилсан. Энэ нь ч зөв юм. Хэн нэгэн дарга,
эрх мэдэлтэн өөрийн хүсэл, эрх ашигт нийцүүлж мэдээлэл хүргэнэ гэдэг тун
аюултай. Ардчиллын буянаар бид үүнээс ангижирсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
хувийнх болсноор олон түмний дуу хоолой болохоос гадна олон нийтийнх болж,
уншигч, үзэгч, сонсогч төрийн цензургүй мэдээллийг хүлээн авч, өөр өөрийнхөөрөө
шүүн тунгаах бололцоо олдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэдээлэл хүргэх
үүрэгтэй. Энэ үүргээ шударга өрсөлдөөний зарчмаар олон нийтэд хүргэдэг.

Хувийн хэвлэл мэдээлэл олон
болсноор өрсөлдөөн их болж, хамгийн түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийг
хаанаас уншиж, үзэж сонсч болохоо өөрсдөө сонгох боломж нээгдсэн. Гэвч анхаарах
зүйл бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Хэдийгээр тухайн хэвлэл мэдээлэл өөрийнх нь хувийнх ч олон нийтэд үйлчилдэг
онцлогтой. Өөрөөр хэлбэл бусад бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээс бусдын оюун
санаа үзэл бодолд мэдээлэл хүргэж байдаг энэ салбар тэс өөр.

Тиймээс ч хэвлэлийн эзэд нь
бусад хувийн компанийн эздийг бодвол салбарын онцлогоо харгалзан арай өөрөөр
ханддаг. Монголын ихэнх хэвлэл мэдээлэл ингэж ажилладаг. Үүний хажуугаар зөвхөн
өөрийнхөө тухай нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл гаргаж, нийтэлдэг хэвлэл
мэдээллийн байгууллага олширч байна. Энэ нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын
нэр хүндийг олон нийтийн дунд унагах нэг шалтгаан болоод байх юм. Олон нийт
болон хууль тогтоогчдоос хэвлэл мэдээллийн эздээс нь салгах гэсэн оролдлого
байсхийгээд л гардаг. Энэний шалтаг шалтгаан нь ч бас зөвхөн өөрийнхөө тухай
өөрийнхөө өмч болох хэвлэлд нийтэлж, нэвтрүүлээд, үзэл бодлоо тулгаад байдагтай
холбоотой. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг өөрийгөө сурталчлах, өөрийгөө
хамгаалах, бусад бизнесээ рекламдах хэрэгсэл л болгоод байгаа эзэд байна. ТВ 9
телевиз Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдож, үйл явдал өрнөхөд тэр хүнээс өөр
юу ч нэвтрүүлэхээ больсон. Суваг эргүүлэх бүрт л бүх л мэдээ, нэвтрүүлгүүд нь
зөвхөн эзнийгээ хамгаалж өмгөөлсөн л мэдээллээр бөмбөгдсөн. Эхэндээ үйл явдлаа
дагаад нэвтрүүлгийг үзэж байсан хүмүүс сүүлдээ залхаж эхэлсэн. Ямар сайндаа л
хөнжил дотор минь Энхбаяр байж байх вий гэж ярилцах дээрээ тулахав дээ.

Кёкүшюзан Батбаярын телевизээр
гэргий Баясгалангийнх нь дууг л сонсох болов. Дуучдаас зөвхөн тэдэнд таалагддаг
хүмүүс л телевизийн нэвтрүүлэгт нь ордог. Иймэрхүү телевиз, радио их байна.
Зарим хэвлэлийн эзэн нь өөрөө нэвтрүүлгээ хөтлөөд, өөрөө ярилцлагаа хийж,
оролцогч нь таалагдахгүй болохоор “Бууны нохой байна” гэж хэлээд сууж байдаг.
Улаанбаатар телевиз гэхэд зөвхөн Балхжавын дууг дуулдаг шоу нэвтрүүлдэг. Өмнө
нь гадаад дууны тэмцээн явуулж, өрсөлддөг байсан нэвтрүүлгээ зөвхөн Балхжавын
дууг дуулдаг болгоод өөрчилчихөв. Одоо үзэгчид бараг уйдаад үзэхээ байсан.
Хичнээн авьяастай мундаг хүн байлаа гээд зөвхөн нэг хүний бүтээлийг сонсоод
байна гэдэг энэ хурдтай хөгжиж байгаа дэлхий ертөнцийн нэг хэсэг болсон
Монголын үзэгчдийг залхааж эхлэв. Хөгжмийн нэвтрүүлэг, телевизээр гарч байгаа
дуу хөгжмийн 90 хувь нь зөвхөн эзнийх нь л зохиосон хөгжим явна. Зөвхөн
Балхжавын дууг өдөр шөнөгүй сонсоод байхыг хэн хүсэх билээ. Нэг үгээр үзэгчдэд
хүчээр тулгаж байгаа хэрэг л дээ. “Үүнээс өөр сонголт үгүй. Үүнийг л үз” гэж
байгаа юм шиг. Балхжав муу хөгжмийн зохиолч биш байж болно. Гэвч зөвхөн
өөрийнхөө бүтээлийг л сурталчлаад байвал телевиз нь уналтанд орно. Хэрэв өөр
олон телевиз байгаагүй бол зарим хэвлэлийн эздийн тулгалтыг л тархи оюундаа
шингээхээс өөр гарцгүй болох байж.

Энэ нь хэвлэл мэдээллийн ёс
зүйг зөрчиж байна. Мэдээлэх үүргээ умартаж, уншигч, үзэгчийн сонголт хийж, шүүн
тунгаах эрхийг хааж, хүчээр тулгаж байгаа хэрэг. Төрийн мэдэлд байсан өмнөх
үеийнхээс ялгаагүй болгочихож байгаа юм. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагадаа
маш хортой байна. Угтаа бүгд ийм үү гэвэл үгүй. 25 дугаар телевиз зөвхөн Алтай
л гараад байдаггүй. Олон талтай, үзэх харах юм ихтэй. ТВ5-ын Сарангэрэл нэвтрүүлгээ
хөтлөөд өөрийнхөө тухай өдөр бүр гаргаад байдаггүй. Тэрнээс өөрөө хөтөлбөл
хэнээс ч дутахгүй нэвтрүүлэг хийгээд хөтөлчихнө. “Үндэсний шуудан” сонины
Б.Ганболд эрхлэгч өөрийнхөө тухай сониндоо нийтлээд байдаггүй. “Өдрийн сонин”-ы
эрхлэгч Ж.Мягмарсүрэн ч зохиолч, сэтгүүлч хүн. Тэглээ гээд “Өдрийн сонин”
Ж.Мягмарсүрэн эрхлэгчийнхээ номыг байнга нийтлээд байдаггүй. Хувийн хэвлэл
мэдээллийнг өмч нь тэр хүнийх байж болно. Гэхдээ бүтээгдэхүүн нь нийтийнх,
нийтэд зориулсан байх ёстой. Нийтэд үйлчлэх, нийтийн сайн сайхны төлөө
дуугардаг, хууль зөрчигчдийн эсрэг хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл
өнөөх хоточ нохойгоо хэвлэл мэдээллийн байгууллага үүднээсээ уячихаад эзнээ
алдаршуулан, хамгаалж, сурталчлаад босгоноосоо холдохгүй боргоод байвал чөлөөт
хэвлэл яаж эрүүл байж, олны талархал хүлээх билээ. Магадгүй зарим алдаа нь
чөлөөт хэвлэлийн хөгжлийн нэг шат байж гэж бодъё. Гэвч алийн болгон ийм байх
билээ. Үүнээсээ хурдан ангижирч, хөгжлийнхөө дараа үе рүү орж, үндсэн үүргээ
биелүүлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эзнээсээ өөр юу ч нийтэлж, нэвтрүүлдэггүй хэвлэл мэдээллийн байгууллага байх юм” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы арванхоёрдугаар сарын 11-ний баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа.

Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монглын төр олигтой нар үзэхгүй” хэмээх гарчиг бүхий ярилцлага гарлаа. Түүнтэй өнгөрөгч долоо хоногт баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, бусад цаг үеийн асуудлаар ярилцав. Дээрх хуулиуд Үндсэн хууль зөрчиж байгааг Ц.Нямдорж гишүүн шүүмжилсэн юм.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Эзнээсээ өөр юу ч нийтэлж, нэвтрүүлдэггүй хэвлэл мэдээллийн байгууллага байх юм” хэмээх нийтлэлд зөвхөн өөрийнхөө тухай нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл гаргадаг хэвлэл мэдээллийн байгууллага олширч байгааг шүүмжилжээ. Тухайлбал TV 9 телевиз Н.Эхбаярыг авлигын хэрэгт холбогдоход түүнийг хамгаалж өмгөөлсөн нэвтрүүлэг дан гаргах болсон бол Улаанбаатар телевиз Балхжавын дууг дуулах шоу нэвтрүүлгийг түлхүү нэвтрүүлдэг. Энэ мэт зарим телевизийн эзэд өөрсдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэн цацаад байвал үзэгч, уншигчид залхахаас гадна мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн хэрэг гэх асуудлыг дэвшүүлжээ.

Азийн сан, Сант марал сантай хамтран хийсэн судалгаагаар АТГ-д үзүүлэх иргэдийн итгэл буурсан дүн гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг 10 дугаар нүүрнээс уншаарай.

Аравхан сартай нялх хүүхдийг зэрлэгээр зодож, гэмтээсэн Дундговь аймгийн “Оюуны хөгжил” тогооч Ж.Отгонцэцэгийн талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг долдугаар нүүрээс уншаарай. Дундговь аймагт, эх сурвалжтай нь биечлэн уулзаж, газар дээрээс нь сурвалжилсан гэдгээрээ онцлог юм.

“Улаанбаатарын амьдрал” хэмээх 19 дүгээр нүүрт Нарантуул болон бусад худалдааны төвөөр зарагдаж буй гарцуурны үнэ, маргааш эхлэх “Иргэдийн оролйоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга болон удахгүй эхлэх ээлжит цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаалаа.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд, ахмад хуульч Н.Чулуундаваа нарын сонирхолтой ярилцлага ч өнөөдрийн дугаарт багтлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *