УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Жолоочийн даатгалын тухай хуулийг зайлшгүй шинэчилж батлах нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг. Төр албан журмаар хэдэн мянган иргэдээсээ хураамж аваад хувийн компаниудыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Хураамж төлсөн 1.2 сая жолоочийн эрх ашгийн асуудлыг ярих ёстой.
Хуулийн төсөл өргөн барьснаас хойш их сонин үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ нь маш том ашиг сонирхол явж байгааг харуулж байгаа юм. Сайн ажиллаж байгаа хүмүүсийн бизнесийг төр булааж авах гэсэн зорилго байхгүй. Хувийн даатгалын компаниудыг оролцуулах хувилбар ажлын хэсэг яригдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төр нийт иргэнийхээ ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хуулийн бодлогоор дамжуулж биелүүлэх ёстой.
Даатгалын компаниуд сүүлийн 10 жилийн хугацаанд 230 тэрбум төгрөгийн хураамж авч, 110 тэрбум төгрөгийн хохирол төлсөн байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолоочийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд үр дүн гараагүй” гэдгийг хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Албан журмын даатгалын тогтолцоог шинэчлэх нь зөв. Гэхдээ төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Одоо мөрдөж байгаа хуулиар албан журмын даатгагчдын холбоо гээд үндсэндээ 25 тэрбум төгрөгийн сан удирддаг байгууллага байгаа юм. 2013-2020 оны есдүгээр сар хүртэл нийт 456 иргэнээс нөхөн олговор олгох хүсэлт авч, 240 иргэнд 554 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Гэтэл хөрөнгө нь 26 тэрбум төгрөг. Арилжааны банкуудад хөрөнгөө байршуулаад хүүгийн орлого олдог байгууллага.
Иргэд нь хохироод байгаа тул энэ сан илүү идэвхтэй байж, нөхөн төлбөрөө гаргаж байх ёстой. Эрүүл мэнд болон нийгмийн даатгал шиг тогтолцоо руу орох вий гэж болгоомжилж байна. Удирдлагууд нь хөрөнгийг нь арилжааны банканд байршуулаад, хүү тохироод, хүүгийн орлогоор ажиллаж байдаг, аль болох зардал гаргахыг хүсдэггүй. Тиймээс хуулийн төслийг бүх талыг сайн сонсож, тэнцвэртэй байдлаар хэлэлцэх нь зөв” гэлээ.