Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЭЗБХ: Гадаад бараа үйлчилгээний зардлыг танах зэрэг саналыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн, зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж, уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт сайжирчээ. Мөн татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд, өндөр өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого стратегийн хүрээнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ. Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ний -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ний -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөснийг ХНХ-ын сайд С.Чинзориг хуралдаанд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Б.Баттөмөр нарын гишүүн ажлын багаас асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, “1.7 их наяд төгрөгийн өндөр өртөгтэй төсөл, хөтөлбөрүүд тусгасан, автозамд л гэхэд 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөснийг дурдаад, ирэх жилийн төсвийг хэрхэн үр ашигтай байлгах бололцоо байгааг тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Авто замд тусгасан зардлын дийлэнх нь 2014-2016 онд концессын гэрээгээр барьж байгуулсан авто замд зориулсан төсөв гэдгийг тайлбарлав. Мөн тэрээр гишүүдийн асуултад хариулахдаа, “Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод бонд гаргахгүй. Ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмж, 12.9 их наяд төгрөг байх, нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тооцсон хэмээн танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Нүүрсний экспортыг ирэх онд 42 сая тонн байхаар буюу нийт төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайгаас бүрдүүлэхээр тооцсоныг тодотгоод, үүнд УУХҮЯ гүйцэтгэлийг хангахад хэр итгэлтэй байгааг асуув. Мөн Тавантолгой ХК-ийн IPO гаргах асуудал аль шатандаа байгааг лавлалаа. УУХҮЯ-ны ажлын багаас борлуулалтын хувьд, 2018 онд 36 сая тонн нүүрс экспортолсон, одоо хүлээгдэж байгаа 28.7 сая тонн байгааг тайлбарлаад, ирэх онд 42 сая тонн нүүрс экспорлох боломж байгааг тэмдэглэв. Харин Тавантолгой ХК-ийн IPO гаргахаар “Тавантолгой майнинг” компани байгуулан ажлыг шахаж байгааг хэллээ.

Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт төсвийн зардлыг нэмж тусгах, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар, ЖДҮХС-д нэмж 50 тэрбум төгрөг төсөвлөх, нөгөө талдаа гадаад бараа үйлчилгээний зардлыг танах зэрэг санал гаргасныг мөн дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *