Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Extacy” хамтлагийн гишүүн хар тамхи татжээ

-МАНАЙ ХАМТЛАГИЙН НЭР ЧИНЬ ӨӨРӨӨ ХАР ТАМХИНЫ НЭР ШҮҮ ДЭЭ-

“Ехtacy” гэх охидын хамтлагийн гишүүн хар тамхи татсан хэргээр цагдаад байцаагджээ. Түүнийг хэсэг найз нарынхаа хамт хар тамхи татаж байхад нь саатуулсан аж. “Яагаад хар тамхи татах болов, хаанаас олж авсан. Хар тамхины мэдээллийг яаж олж авсан” гэх мэтээр мөрдөн байцаагчийг асуухад “Ехtacy” гэсэн манай хамтлагийн нэр чинь өөрөө хар тамхины нэр шүү дээ. Мэдээллийг энэ мэтээр хаанаас л бол хаанаас авч болж байна. Хар тамхи татаж үзье гэж бодоод л татсан” хэмээн пээдийсэн байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Хуулийнхны ярьж буйгаар нэгэн нөлөө бүхий хүний хүсэлтээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Үе үе урлагийнхан тэр дундаа рок попынхон хар тамхи биедээ авч явсан, татсан гэх нь бараг л ердийн зүйл болсон. Төр засгаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж илрүүлж буй боловч олон нийтэд мэдээлэхгүй хав дарж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгодог явдал гарч буйг хууль хяналтынхан хэлж буй юм. Рок попынхноос хар тамхи татаж байгаад баригдсан хүн багагүй байдаг гэнэ. Гэвч танил тал найз нөхдөөрөө дамжуулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох явдал гарах болжээ. “Ехtacy” хамтлагийн охид залуухан 20 ч хүрээгүй, урлагийн тайзан дээр гараад удаагүй байгаа. Гэтэл хоёр гуравхан дуу дуулаад л “од” гэж өөрсдийгөө санаж хар тамхи хүртэл татах болсон нь нийгэмд буруу үлгэр дуурайлал болж буй юм.

Анхнаас нь энэ төрлийн бодисын хор хөнөөлийг ухуулаагүйгээс урлагийнхан, тэр дундаа шинээр төрөн гарч буй уран бүтээлчид хар тамхи татаж байж уран бүтээлийн санаа олж авдаг гэсэн нэгэн буруу хандлагатай болсныг сэтгэл зовнин ярих ч хүн байна. Хар тамхийг Монголд гааруулах нэгэн муу үлгэрлэл рок попынхноос эхтэй. Анх “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг хар тамхи татдаг гэж буруутгах нь битгий хэл сайн дуучин хэмээн магтаж, Монгол Улсын гавьяат гэсэн эрхэм хүндтэй цол олгосон. Энэ нь нийгэмд “хар тамхи татсан хүнийг яадаг ч үгүй юм байна” гэсэн буруу ойлголтыг өгсөн гэж болно.

“ЕХtacy” ГЭДЭГ НЭР СЭРГЭЭШ, ӨДӨӨХ ГЭСЭН УТГАТАЙ АНГЛИ ҮГНЭЭС ГАРАЛТАЙ

Үүний улмаас рок попын дараа үеийнхэн байнга л хар тамхины хэл аманд орсоор байгаа нь нууц биш юм. Охидын хамтлагт “Ехtacy” гэдэг нэрийг ч өгөхдөө бодлогогүй өгөв үү эсвэл далд хэлбэрээр хар тамхи сурталчлахын тулд өгчихөв үү гэсэн эргэлзээг ч төрүүлж болохоор байгаа юм. Учир нь “Ехtacy” гэдэг нэр сэргээш, өдөөх гэсэн утгатай англи үгнээс эхтэй байх юм. Монгол нэр өгч болох л байсан байх гэвч заавал ийм нэр сонгосон нь хар тамхи татсан охины ярианаас нэрнийх нь утга учир бэлхнээ харуулж байна. Тус хамтлагийн гишүүн Ice буюу мөс гэх нэртэй хар тамхи татаж байсан байна. “Энгийн нүдээр харахад элсэн чихэр шиг уг бодис нь хэрэглэсэн хүнд 24 цагийн туршид хүчтэй нөлөө үзүүлдэг. Хэрэглэсэн хүний нойр нь хүрдэггүй, бие нь сэргэж байгаа мэт байдаг” гэнэ. Түүнийг тугалган цаасан дээр тавьж, шатаан утааг нь сордог гэнэ.

Экстазийн төрлийн мансууруулах бодис гэж бий. Энэ нь хар тамхины төрлийн бодисыг үйлдвэрийн аргаар боловсруулж, нягтаршуулсан бэлдмэлийн төрөл бөгөөд дэлхий дахинд ийн нэрлэгдэж иржээ. Урьд нь манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд багтаж байсан бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах боллоо. Монгол Улсын талаар НҮБ-ын шинжээчдийн хийсэн үнэлгээнд геройн, амфетамин, каннабис, экстазийн төрлийн мансууруулах бодисын хэрэглээ өсөлттэй, тархацын хувьд каннабис хамгийн их, намуугийн тархалттай, экстазийн урсгал БНХАУ-аас чиглэсэн, геройн, амфетамины төрлийн бодисын худалдааны замууд дайран өнгөрч байна гэж дүгнэсэн байдаг. Хэдхэн жилийн дотор ингэтлээ тархсан хар тамхины хэргийн гол шалтгаан нь рок попынхон хэрэглэж байгаа нь бусдад буруу үлгэрлэл авчирч буйг харуулж буйгаас өөрцгүй юм. Хар тамхины хэрэгт холбогдож буй хүмүүс нь 19-24 насны залуучууд байх аж. Рок попынхны бас нэг жишээ бол “Flash” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт сэжиглэгдсэн гэх мэдээлэл бас түгж л байсан. Түүний хар тамхи, мансууруулах бодис өөртөө хадгалсан, хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ төрлийн хэрэгт сэжиглэн шалгагдаж байсан ч тэгсхийгээд чимээгүй болсон. Судалгаагаар өдрөөс өдөрт энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсод болон хэрэглэгчдийн тоо улам залуужиж байгаа нь харамсалтай.

ХАР ТАМХИНЫ ДӨРВӨН ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ, 11 ХҮНИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Цагдаагийн байгууллага энэ сарын 13-27-ны хооронд буюу 14-хөн хоногийн дотор гэхэд л 11-н холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлсэн байх жишээний. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах “Playback” интернэт тоглоомын газарт иргэн Ч,М, Б,А,Г,Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй каннабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалан хэрэглэсэн. Мөн тус дүүргийн 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм каннабисийг иргэн С-аас хууль бусаар олж авч хадгалсан. Иргэн С нь иргэн М,А нартай бүлэглэн мансууруулах төрлийн каннабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь илрүүлжээ. Эдгээр иргэдээс 1кг 629 грамм каннабисыг хураан аваад байгаа аж. Харин энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л, М нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу Ice-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг илрүүлжээ. Түүнчлэн 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамлын хууль бусаар олж авч хадгалж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байгаа аж. Сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм Ici буюу мөсийг цагдаагийн байгууллага хураан авчээ.

Г.ОНОН

7 replies on ““Extacy” хамтлагийн гишүүн хар тамхи татжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *