Categories
гадаад мэдээ

Европын холбооны их чуулган хуралдав DNN.mn

Европын холбооны их чуулган энэ сарын 25-нд Франц улсын Страсбург хотод ОХУ-ын ямар ч төлөөлөлгүй хуралдсан нь сүүлийн 24 жилд болж байгаагүй үйл явдал болов. Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Европын холбооны дүрэм хариуцсан эрх бүхий төлөөлөгчид хуралдан Оросын тугийг буулган хурааж, энэ улсыг холбооноосоо хөөсөн юм. Энэ удаагийн чуулган Оросын түрэмгийллийг эсэргүүцэн тусгаар тогтнолоо хамгаалж буй Украинд хэрхэн туслах вэ гэсэн асуудал байв.

Чуулганаас гаргасан мэдэгдэлд “ ОХУ-ын Украинд учруулж буй харгислал нь зөвхөн энэ улсаар хязгаарлагдахгүй дэлхий нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж буй үйлдэл болоод байна” гэсэн заалтыг бараг бүх депутатууд дэмжин батлав. Мөн хуралд оролцогсод украинчуудын тусгаар тогтнолын эсрэг хийж буй дайныг зогсоохын тулд Кремлийн эрх баригчдад бүх талын шахалт, дарамт үзүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдэн, Европын холбоо Украинд хэрхэн туслахаас “Европын ирээдүй ямар байх нь шалтгаална” гэж үзсэн байна. Чуулганаас дайнд нэрвэгдсэн Украины иргэдэд гишүүн улс бүр бүх талаар тусалж, тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, ялангуяа агаарын орон зайг дайсны довтолгооноос хамгаалахад онцгой анхаарах ёстой боллоо гэсэн шийдвэр гаргав.

Чуулган орос цэргүүдийн харгислал, ялангуяа энгийн иргэдийн эсрэг явуулж буй хүмүүн бус үйлдлүүд ил болж, улам олон болж нэмэгдэн батлагдсаар байгааг тусгай асуудал болгон авч хэлэлцэв. Европын холбооны депутатууд гишүүн улсууддаа олон улсад хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлсэн гэмт хэрэг гарч байгаатай уялдуулан өөрийн улсын хуулийн заалтуудаа ийм хэргийг мөрдөн шалгах, шийтгэл оноох чадвартай болгон өөрчлөн сайжруулахыг уриалаад “ОХУ-ын төр, засаг, цэргийн эрхтэнүүдийн энх тайвны эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн, шалгаж баримт, нотолгоонд нь үндэслэн шүүж тохирсон ял оноох эрх бүхий Олон улсын гэмт хэргийн тусгай шүүх яаралтай байгуулах” шийдвэрийг санал нэгтэй батлав.

Санал хураахын өмнө дээрх асуудлаар илтгэл тавьсан Германы депутат Франк Швабе “Би хоёрдугаар сарын 24-ний өглөө огт өөр ертөнц, огт өөр Европ тивд нойрноосоо сэрсэн. Би үүндээ өнөөдөр ч огт итгэж чадахгүй байна” гэж яриагаа эхэлсэн юм. Тэрээр “Европын холбооны бүх гишүүд Украинтай эв нэгдэлтэй байх хариуцлагатай цаг тулгараад байна. Бид оюун санаа, зүрх сэтгэлээрээ украин хүн байх шаардлага үүсээд байна” гэж илтгэлээ дуусгасан юм. Харин Францын депутат Жак Ле Ней “Оросын армийн үйлдэж буй эвдэн сүйтгэл болон харгислал биднийг үнэхээр цочирдуулан балмагдуулсан. Биднийг бүр их цочирдуулан балмагдуулсан явдал бол НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны байнгын гишүүн нэг улс өөрөө эзлэн түрэмгийлэх дайн дэгдээж, энгийн иргэдийг харгислаж байгаа явдал” гээд “Энэ харгис дайныг зогсоохын тулд Оросын эсрэг авч болох бүхнийг авч хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв. Харин Украины төлөөлөгч “Бидэнд Оросын эсрэг бодит хориг хэрэгтэй байна. Украинчуудын цустай Оросын хий, нефтийг худалдаж авахаа зогсоогооч ээ! Энхийн бүс болох Страсбург хотод хуралдаж байгаа манай улсын төлөөлөгчид энд иргэний онгоцны дуу сонсох болгондоо цочин, дав хийсээр байна” гэсэн билээ.

Чуулган дараа нь олон улсын хоригт орж хураагдсан Оросын авлига, луйвраар баяжсан олигархуудын хөрөнгийн асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас Оросын олигархуудын хөрөнгийг цаашид илрүүлэн хураах ажлыг эрчимжүүлж, ОХУ-ын царцаагдсан хөрөнгөнөөс Украины цагаачдад дэмжлэг болгон зарцуулах, Оросын олигархуудын хөрөнгийг дайнд сүйтгэгдсэн Украиныг сэргээн босгоход зарцуулахаар шийдвэрлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *