Их Британид нэг өдөрт 50 хувь их омикрон хувилбарын халдвар бүртгэгдэж байна. Тус улсад өдөрт нийт 100 мянга орчим коронавирусийн тохиолдол бүртгэгдсэний 25 мянга гаруй нь омикрон хувилбар байжээ. Мөн омикрон хувилбараар өвдсөн долоон хүн нэг өдөр нас барсан байна. Иймээс Лондон хотын дарга Садик Хан зул сарын баяраар хөл хорио тогтоох шийдвэр гаргах болсныг мэдэгдэв. Тархалт их хэмжээгээр бүртгэгдэж эхэлсэн Франц, Бельги, Дани улсууд 5-12 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлжээ.
Францын ерөнхий сайд Жан Кастекс Европт гэрлийн хурдаар тархаж буй омикрон хувилбар ирэх оны эхээр Францад давамгайлах магадлалтай байгааг анхааруулав. Тэрээр Франц улс Их Британиас зорчин ирэгсдэд хатуу хязгаарлалт тогтоохоос хэдхэн цагийн өмнө ийнхүү мэдэгдсэн юм. Иймээс Европ тив даяар халдварын шинэ давлагаанд бэлдэж Герман, Бүгд Найрамдах Ирланд, Нидерландын Засгийн газрууд нэмэлт хязгаарлалт, бүрэн хөл хорио зарлав. Өдөрт 50 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн Герман улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах “Бид сорилтод бэлэн байх ёстой” гэв. Илэрч буй тохиолдлын гуравны нэгд нь шинэ хувилбар бүртгэгдээд буй Ирландад “Халдвар бидний төсөөлж байснаас ч илүү өндөр байна” гэж Ирландын Эвслийн Засгийн тэргүүн Мишеал Мартин хэлсэн байна.
Франц улс Их Британиас зорчин ирж буй жуулчид болон бизнес эрхлэгчдэд хилээ хаахаас өмнө Довер боомт болон Евростар терминалуудаар орох гэсэн хүмүүсийн асар урт дараалал үүсчээ. Францын ерөнхий сайд Кастекс шинэ хязгаарлалт нь халдварын тархалтыг зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээний нэг хэсэг гээд нийтийн тээврээр зорчихдоо вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг иргэддээ уриалан зул сарын албан ёсны бүх арга хэмжээ болон баярын салютыг цуцалсан болохыг зарласан байна.
Коронавирусийн титэмний уураг өөрчлөгдсөнийг омикрон хувилбар гэж нэрлэсэн бөгөөд энэ вирусийн титэм үүсгэдэг сэртэнгий нуургийн “РНК”-г таньж устгадаг Pfizer/BioNTech болон Moderna-гийн вакцин, мөн маш өргөн тархалттай адено овгийн вирусийн “ДНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг хуулбарлаж хийдэг Адено вирусийн векторын вакцин гэх AstraZeneca, Johnson & Johnson-ны болон Оросын “Спутник V”вакцин тариулсан европчуудад энэхүү хувилбар хурдтай тархаж байна. Иймээс уламжлалт аргаар хийсэн Sinovac-ын вакцин тариулсан хүн энэ вирусийн аль ч хувилбарт тэсвэртэй байх өндөр магадлалтай юм. Энэ нь аль болох олон аргаар хийсэн вакцин тариулсан хүн хожно гэсэн үг.
Учир нь ямар ч вакцин нэмэлтээр хийлгэсэн урьд нь бий болчихсон таны биеийн эсрэг биетүүдийн тоо олширдог, байгаагүй нь шинээр бий болдог юм байна.