Европын улс орнуудад коронавирусийн халдварын илэрсэн шинэ тохиолдлын тоо буурч байгаа аж. Сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан гэж ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан хэлтсээс мэдээлжээ.
Судалгаагаар өнгөрсөн 7 хоногт Европын орнуудад эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон нас барсан тохиолдлын тоо аажмаар буурчээ. Европын бүсэд “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулах үйл явц жигд бус байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн нийт хүн амын 7 хувийг бүрэн вакцинжуулав.
Одоогоор Европын холбооны эрх баригчид вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байна. Учир нь олон улсын биотехнологийн компаниуд гэрээнийхээ дагуу вакцин нийлүүлэхийг эрмэлзэж байгаа хэдий ч бодит байдал зээр вакцины түүхий эд, үйлдвэрлэлийн хүчин чадал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаагаа тайлбарлаж байна.