Categories
мэдээ нийгэм

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа ЭСЯ тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, “Монголын төлөө зүрх бүхэнд” ТББ хамтран өмнөх сарын 27–29-ний өдрүүдэд Вена хотноо “Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулжээ.

Энэхүү тэмцээнд ХБНГУ, ИБУИНВУ, ОХУ, Шведийн Вант Улс зэрэг Европын 12 оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын 36 баг, 500 орчим тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Эрэгтэй багаас ХБНГУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын“Буяны сэтгэлт хүү”, эмэгтэйчүүдийн багаас мөн ХБНГУ-аас оролцсон “Sky” эмэгтэйчүүдийн баг тус тус тэргүүн байр эзэлж Гадаад харилцааны яамны өргөмжлөл, шилжин явах цомоор шагнуулав. Эрэгтэй багаас удаах байруудыг “Мон Бер”, “Соёмбо” багууд эзэлсэн бол “Оддын охид”, “Money Polo” багууд эмэгтэйчүүдийн төрөлд мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

Энэ жилийн тэмцээний үеэр мөн “Европ дахь Монголчуудын заалны хөл бөмбөгийн аварга шалгаруулах Анхдугаар тэмцээн”, билльярдын тэмцээн, хөтөчтэй аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь урьд урьдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс онцлог болов.

Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээн өргөн хүрээнд болж баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид зэрэг нийт 1100 гаруй Монголчууд Вена хотноо хуран цуглаж спортоор нөхөрлөсөн арга хэмжээ болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *