Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эцэг, эхчүүд санал гаргавал бага ангийнхан 100 хувь цахимаар хичээллэх боломжтой

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1, МСҮТ-ийг тус сарын 14, их, дээд сургууль, коллежийн хичээлийг аравдугаар дугаар сарын 5-наас эхлүүлэхээр болсон билээ. Мөн хүүхэд хоорондын зай 1-1.5 метр, нэг ангид 20-25 хүүхэд ногдохоор төлөвлөж байгаа учир ачаалал өндөртэй аймаг, нийслэлийн улсын сургуулиудын хувьд гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар хичээллэх шаардлагатай болж байгаа аж. Харин анги дүүргэлт бага сум, багийн сургууль, хувийн сургуулиуд танхимд таван өдрөөр хичээллэнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онолын хичээлийг цахимаар, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг долоо хоногт 2-3 өдөр танхимаар зохион байгуулна. Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг явуулахаар төлөвлөсөн байна.

ЭЦЭГ, ЭХИЙН АЖИЛЛАГАА, АНХААРАЛ ХАЛАМЖ ӨНДӨР БАЙНА

Энэ жилийн тухайд эцэг, эхийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, сонор сэрэмж, ажиллагаа ихээхэн байх аж. Бага ангийн тухайд зарим хичээлээ танхимд үзэх тохиолдолд 30-50 хүүхэдтэй анги байлаа гэхэд хоёр бүлэгт хуваана. Даваа гаригт хоёр бүлэгтээ дараалж заагаад, бусад гарагуудад ээлжилж заах хувилбар байгаа аж. Ерөнхийдөө дотоод зохион байгуулалтыг тухайн сургуулийн нөхцөл байдал, онцлогт тохируулж удирдлагууд, багш нар, мөн Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулах юм байна. Дунд ангид нэг ангийн бүх бүлгийг хольж, 20, 20-оор нь бүлэг үүсгэж хичээлээ интеграчлан заах боломжтой хэмээн тооцжээ. Нэг анги гэсэн ойлголт байхгүй болж, багш нар заадаг хичээл, даасан анги хамаарахгүй хамтарч ажиллах хэрэгтэй болж байгаа аж.

Түүнчлэн, нэг бүрчлэн халуун хэмжиж, хоорондын зай барьж сургуульдаа орох гээд ачаалал зохион байгуулалтын асуудлыг тооцох хэрэгтэй аж. Хичээл эхлэх, завсарлагаа, тарах цагуудыг ялгаатай байх зохицуулалт хийнэ. Тухайлбал, 08:00, 08:20, 08:40 гэх зэргээр ялгаатай тогтоох юм байна. Баруун талын хаалгаар орсон сурагчид зөвхөн гурав, зүүн талын хаалгаар бол хоёр, төв хаалгаар орсон сурагчид зөвхөн нэгдүгээр давхарт хичээллэнэ. Энэ бүхний гол зорилго нь бөөгнөрөл үүсгэхгүй явдал аж. Эцэг, эхчүүдэд хүүхэд тус бүрийн хувийн ариун цэврийг сахиулах, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх зэрэг зөвлөгөөг сургуулийн зүгээс тогтмол өгч, хэрэгжүүлэхийг шаардах юм байна. Хичээллэх үед сурагчид үзэг, дэвтэр зэргээ дамжуулах нь эрсдэлийг нэмэгдүүлэх тул хүүхдийнхээ суралцах бэлтгэлийг бүрэн хангаж явуулах хэрэгтэй аж. Хичээл эхлэхээс өмнө 3-5 минут “COVID-19”-өөс сэргийлэх зөвлөгөөг өгнө.

Эцэг, эхчүүд сургууль руу нэвтрэхгүй, хүүхдээ авахдаа амны хаалт зүүх, сургуулийн орчим байрлуулсан тэмдэг тэмдэглэгээг сайтар мөрдөх зэрэгт анхаарах хэрэгтэй аж. Мөн цаг агаарт тохируулж хүүхдээ хувцаслах, дархлаажуулалтад анхаарах зэргээр эцэг, эхийн үүрэг хариуцлага эрс өсөх нь ээ. Есдүгээр сард багш нар сургалтдаа ашиглах багшлах арга зүйн зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байгаа бөгөөд үүнийг ашиглахдаа сурагч бүрийн тухайн судлагдахуунаар мэдлэг, чадварын түвшин, хөгжлийн суурь чадварууд ямар байгааг оношилох гэнэ. Оношилгоог хэрхэн хийх аргачлалыг багш нарт зориулан зөвлөмжид тусгажээ. Эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдэдээ зорилго тавьж тодорхой үйл хийн, үр дүнг нь үзэхийн тулд тэвчээртэй ажиллах чадвар, бусадтай харилцахдаа анхааралтай сонсож, мэдээллийг тогтоон зохистой хариу үйл үзүүлэх чадвар, өөрийн зан үйлээ хянаж бусадтай хамтрах чадвар, өөрийн санаагаа оновчтой логиктой илэрхийлэх чадвар зэрэг харилццааны явцад ажиглагдах чадварууд ямар байгааг ажиглана. Мөн хүүхдийн жингийн байдал, хөдөлгөөний хурд эвсэл, хөдөлгөөн хийх сонирхол ямар байгааг дүгнэнэ. Эцэг, эхийн анхаарал татахуйц чадварын хоцрогдол хүүхдэд ажиглагдвал багштай зөвлөх, шаардлагатай бол сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авах ёстой аж.

ЭЦЭГ, ЭХЧҮҮД СОРИЛТЫГ ХАМТДАА ДАВАН ТУУЛАХ ЁСТОЙ

(БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир)

-Танхимаар гурав, цахимаар хоёр өдөр хичээллэж байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Зайлшгүй ийм зохицуулалтад орох хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг бид сайн ойлгох ёстой. Улсын онцгой комисс хуралдаж, Засгийн газраас шийдвэр гаргаад наймдугаар сарын 31 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан. Ер нь дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй, ялангуяа, дотооддоо алдсан улс орнуудын нөхцөл амаргүй байна. Тиймээс танхимын сургалтыг явахад зайлшгүй зарим дүрэм журмыг мөрдөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Хамгийн гол зүйл бол бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зай барих асуудал байгаа. Иймд хүүхэд хооронд 1-1,5 метрийн зай бариад танхимын сургалт явуулахад одоо байгаа боломжоор нэг ангид 20-25 хүүхэд ногдохоор байна. Ялангуяа, нийслэлийн сургуулиудын бүлэг дүүргэлт ямар байгааг та бүхэн мэднэ. Анги 35 хүүхэд хүртэл дүүргэлттэй байна. Тэгэхээр нэг ангид 20-25 хүүхэд байлгахын тулд тодорхой хэмжээгээр хичээллэх өдөр, хичээлийн тоог бууруулж байж энэ зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Тийм болохоор долоо хоногийн гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар хичээлээ үзэх зохицуулалт хийсэн.

Сургууль өөрийнхөө онцлогт тохируулаад ямар агуулгаа яаж авч явах вэ гэдэгт Боловсролын хүрээлэнгээс нарийвчилсан зөвлөгөө заавруудыг өгөх юм. Тийм болохоор ямар ч байсан хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Хүүхдүүд багштайгаа нүүр тулаад зөвлөгөө заавраа аваад шууд харьцаад явах учир хүүхдүүдийн сурах үйлсэд нэлээн дэмтэй. Багш нарын арга зүйд шинэлэг өөрчлөлт гарсан зохион байгуулалт хийгдэнэ гэж харж байгаа.

-Ялангуяа бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд нэлээн санаа зовж байна. тэдний танхим болон телегээр судлах хичээлд ямар зохицуулалт орох вэ?

-Ер нь бага анги дээр долоон хичээл байгаа. Монгол хэл, математикийг суурь болгохыг санал болгож байна. Хөгжим, биеийн тамир, хүн ба орчин, иргэний ёс зүйн боловсрол, зураг технологи зэрэг хичээлийг танхимын бусаар үзнэ. Гэхдээ монгол хэл, матетамикийн хичээл дээр интеграц хийгээд явах агуулгууд байгаа гэж харж байна. Бид нарийвчилсан зөвлөгөө өгнө, дээрээс нь манай мэргэжлийн багш нарын баг өөрсдөө ярилцаад явах ёстой. Телегээр хичээл нь орж байгаа бусад багш нар нь бага ангийн багш нартаа туслах хэлбэрээр ажиллах зэргээр олон хувилбар менежмэнтийг бодож сэтгэж ажиллах учиртай. Үүн дээр нээлттэй маш олон боломжууд гарч ирнэ. Магадгүй дотооддоо алдаагүй, ханиад томуу нь гайгүй, танхимын сургалтыг хөгжүүлээд явах харьцангуй боломжтой нөхцөл үүсэх юм бол хичээлийнхээ тоог нэмэх боломжууд гарна гэж харж байна.

-Зургаан настнуудын тухайд заавал танхимаар хичээллэх ёстой юу?

-Энэ жил 82 мянга гаруй хүүхэд урьдчилсан байдлаар элсэнэ гэсэн төлөв байгаа. Гэхдээ тодорхой заавар журмын дагуу малчны хүүхэд долоон настайдаа элсэж болох зохицуулалт бий. Мөн таван настай хүүхдийг элсүүлэхгүй гэсэн журам байгаа. Тэгэхээр энэ заавар журмаа мөрдөөд хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Мөн ялгаагүй танхимын болон танхимын бус хэлбэрээр явна. Гэхдээ танхимын бус нэгдүгээр анги дээр арай онцлогтойгоор хэрхэн зохион байгуулах уу гэдэгт Боловсролын хүрээлэн тодорхой заавар зөвлөмжөө өгнө.

Хүссэн хүсээгүй бид шинэ сорилттой тулгарч байна. Бид энэ сорилтыг аль болох хохирол багатай давж туулахын тулд байгаа боломжоо шавхах ёстой. Үүнд эцэг, эхчүүдийн оролцоо хамгийн чухал. Тийм болохоор аль болох сурах насанд нь элсүүлээд явчих юм бол хүүхдэд илүү үр дүнтэй байна. Ирээдүйг нь харах ёстой. Гэхдээ танхимын болон танхимын бус хувилбарууд зэрэгцээд явна. Үнэхээр эрсдэл байгаа гэж тооцоод ээж, аав өөрсдөө санал гаргах юм бол хүүхдээ танхимын бусаар явуулаад ирцээ тооцуулах боломжтой. Магадгүй нэг ангийн таван хүүхдийн ээж аав нь бид хүүхдээ явуулахгүйгээр цахимаар хичээлийг нь судлуулаад дүнгээ тооцуулъя гэвэл болно. Үүнийг нь нээлттэй байхаар зохицуулалт хийнэ.

-Ариутгалыг хэрхэн хийх вэ?

-Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яам, манай яам хамтраад 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах зөвлөмжийг гаргаж байгаа. Энэ зөвлөмжид халдваргүйжүүлэлтийг яаж хийх, цэвэрлэгэ үйлчилгээг ямар давтамжтай байлгах, ямар бодисоор хийх зэргээр нарийвчилсан зохицуулалтууд байгаа. Бид мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн байгууллагаар цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа. Гэхдээ үүнд шаардагдах зардлыг тооцоод орон нутгийн Засаг даргын нөөц, тухайн сургуулийн төсөвт шийдэж өгөх асуудлыг давхар ярьж байна.

Хичээл эхлэхэд сарын хугацаа дутуу байна. Энэ хооронд багш нар, хичээл сургалтын танхимаа бэлтгэх, эцэг, эхчүүдэд системтэй заавар зөвлөгөө өгөх зэрэг олон ажил байгаа. Тэгэхээр санаа зовохоос илүү хувь хүн бүр болгон дор бүрнээ бэлтгэлээ мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, зааврын дагуу хангаж ажиллах юм бол энэ сорилтыг эрсдэл багатай даван туулах боломж бүрдэнэ.

ЦАХИМ БҮРТГЭЛ 28-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдүгээр ангийн цахим элсэлтийг өнөөдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Боловсролын мэдээллийн технологийн төвөөс par­ent.edu.mn эцэг, эх асран хамааглагчдад зориулсан цахим системийг хөгжүүлж суралцагчийн ирц, сурлагын амжилт, гэрийн даалгавар, сургалтын байгууллагын талаар мэдээлэл авах, анги удирдсан болон хичээл заадаг багштай холбогдож, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлжээ. Хүүхдээ бүртгүүлэхийн тулд тус сайтад өөрийн цахим шуудангийн хаягаа ашиглан шинэ хэрэглэгчээр бүртгүүлнэ. Дараа нь системд хэрэглэгчийн эрхээр нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулж баталгаажуулна. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг бүртгэлийн хэсэгт оруулж хамран сургах тойргийн аль сургуульд элсэх боломжтойг харна. Элсэх хүсэлт илгээнэ. Илгээсэн мэдээллийг сургуулийн сургалтын менежер хүлээн авч шийдвэрлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд очиж бүртгүүлнэ. Хамран сургах тойргийн мэдээллийг 70113032, 70113088 дугаараас авах боломжтой аж.

ТӨЛБӨРИЙГ САНХҮҮГИЙН ДАРАМТ ҮҮСГЭХГҮЙГЭЭР АВНА

Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулах бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулна. Суралцагч, багш, ажилтныг халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай журам, заавар, удирдамж, зөвлөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр сар, улирлаар төлөх уян хатан зохицуулах арга хэмжээ авна.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *