Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1 нээс ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ дараах заалтуудыг мөрдөнө

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг
хэлэлцэж батласан билээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг
1996 онд баталсан. Гэсэн ч хуулийн төслийг сайжруулах, нөгөөтэйгүүр
одоогийн мөрдөгдөж буй хуулийн хариуцлагыг улам нэмэгдүүлэх заалт
оруулах цаг нь болсон гэдгийг чуулганы үеэр гишүүд онцолж байлаа. Иймээс
уг хуулийн төслийг хэлэлцэн батлаж, ирэх 9 дүгээр сарын 1-ээс эхлэн
дагаж мөрдөхөөр болсон байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар
заалтууд багтсаныг хүргэж байна.


26.1.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс
бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед
тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй
тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


26.2.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад
тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог
шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192
мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


27.1.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа,
мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг
зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл
жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох
эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл
хүлээлгэнэ.


27.2.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96
мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


27.3.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд
согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/ торгож, долоо хоногоос
гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.


27.4.
Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл
жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.


28.1.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу
ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


28.2.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу
ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.1.
Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь
муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож
замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр
/48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.2.
Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн
хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.3.
Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын
хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй
тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн
этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


32.2.
Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос
(чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал
үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл
жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


33.2.
Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах
албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын
хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19
мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


40.2.
Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал
сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх
төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл
хүлээлгэнэ.


44.1.
Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган
зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар
нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


54.4.
Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


54.5.
Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр
/48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *