Categories
мэдээ нийгэм

Эрвээхэйн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байна

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд 9300 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ. Одоогоор 4000 га талбайд дээрх ажлыг гүйцэтгэжээ.

Ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн 4-5 дугаар сард Улаанбаатарын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд зохион байгуулж, нийт 654 кг өндгийг булж устгав.

-Нийт 654 кг өндгийг булж устгав-

Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэжээ. Хортон шавжийн өндгийг түүж устгах явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшалыг судалж үзэхэд эрвээхэйн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байна.

Хэт халалт, хуурай гандуу байдал хортон өсөх бас нэгэн шалтгаан болдог аж. Өндөглөх үедээ гэрэлд татагддаг тул хот, суурин газарт илүүтэй ажиглагдана. Иймд нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхийн талаарх мэдээлэл болон түүнтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.

Эрвээхэйн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байна

Онцлог шинж:

  • Өрөөсгөл хүр эрвээхэй нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхэй гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм.
  • Хүрэнцэр 5-р сарын сүүлчээс 6-р сард маш идэвхтэй хооллоно. 7-р сарын сүүлчээр хүүхэлдэйд шилжиж мөн сарын сүүлч, 8-р сард эрвээхий нисч эхэлнэ. 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндгөө хад асга, уулын энгэрт, элбэгшсэн үедээ байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахаад өөрөө үхдэг.
  • Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй (22:00-02:00), нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх эрсдэлтэй.
  • Хүрэнцрийн үе шатандаа мод, бутны навч шилмүүсээр хооллож ойн санд хөнөөл учруулдаг.

Урьдчилан сэргийлэлт:

  • Идэвхтэй цагуудад нь тагт, цонхоо хаах
  • Тагт, цонхондоо хамгаалалтын тор хийх
  • Өндөг шахах боломжтой газруудыг шалгаж байх
  • Өндөглөсөн газруудыг цэвэрлэх
  • Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх

Устгах аргууд: Мэргэжлийн байгууллагууд өндөг үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиахимийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхэй үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгадаг.

Гэрийн нөхцөлд өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхэйг 20-30 см ухсан нүхэнд булж устгана. Ингэхдээ бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *