Эрүүл мэндийн яам улиран одож буй 2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлэн иргэдэд даатгалын үр шимийг тэгш хүртээмжтэй хүргэх, санхүүгийн дарамтыг бууруулахад онцгой анхаарч ажиллалаа.
Донорын тухай хуультай болсноор иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг авах эрх зүйн орчин бүрдэж зардлын дийлэнх хувийг улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас гаргадаг боллоо. Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо эмчилдэг болж, гадаад мөнгөн урсгалыг буурууллаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлснийг ДЭМБ сайшааж, “Дэлхийн загвар хөтөлбөр” болгосон нь та бидний хамтын үр дүн билээ.
“1:2” зорилтыг дэвшүүлэн давтан сургалт зохион байгуулж сувилагчийн тоог 2 сарын дотор 223-аар нэмэгдүүллээ.
Царцаагдсан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт 5 эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа.
Анх удаа орон даяар 18-аас дээш насны иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, 48804 иргэнд 12 төрлийн 84719 оношилгоо, эмчилгээ хийлээ. Ирэх онд ч энэ ажил үргэлжилнэ.
Айлчлан ирж буй 2019 онд эдгээр амжилтаа улам батжуулж, “Эрүүл мэндийн яам- 8/2020” зорилт дэвшүүлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоог бүрдүүлэн, санхүүгийн дарамтгүй, чанартай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд эргэлт гаргахын төлөө ажиллах болно.
Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.