Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуулийг сайн судлах ёстой гэлээ

Энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд УИХ нухацтай хандах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцлов.

УИХ-ын сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдсэн учраас 2012 онд амласан амлалтуудаас юу нь хэрэгжсэн, юу нь хэрэгжээгүй вэ гэдгээ нухацтай хэлэлцэх ёстой гэв. Тэр дундаа өнгөрсөн жил төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарсан шалтгааныг судлахыг бас тодотголоо. Орлого төвлөрөхөд юу саад болов, хүнд хэцүү үед ямар компани татвараа төлсөн, ямар компани төлөөгүй вэ гэдгийг УИХ-ын төвшинд сайн ярихыг чухалчлав. Мөн банкны системийн хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 754 тэрбум төгрөгт хүрсэн нь 2013 оныхтой харьцуулахад 4-5 дахин өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, 2013 онд банкны хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 180 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 2014 онд 754 тэрбум төгрөгт хүрчээ.

Зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь хувийн хэвшлүүд банкнаас зээл авч, улсын ажлыг хийсэн. Харин төр цаг хугацаандаа багтаж хувийн хэвшлүүдээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадаагүй нь эцсийн дүндээ банкны хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн байх талтай гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үзэж байна. Иймд энэ асуудлыг тал бүрээс нь нухацтай ярилцах ёстой гэв.

Мөн Эрүүгийн хуулийг нухацтай хэлэлцэх ёстой. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн төсөлд шинэ сайн заалтууд тусгасан ч зарим заалт учир дутагдалтай гэнэ. Тухайлбал, уг төсөлд улстөрчийн биед хүрвэл 5-12 хүртэл жилээр ял өгөхөөр заасан нь эрх мэдэл бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд газрыг үл маргах журмаар барьцаалагч авахаар болж байгаа нь буруу. Захиалгын хуулийн эсрэг бие даагч гишүүд хатуу тэмцэх болно гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *