Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 13 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулиар эмнэлгийн мэргэжлтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, есөн зуун мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдлыг гэм буруугийн санаатай хэлбэрт хамруулж, санаатай үйлдсан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оногдуулах зохицуулалт юм байна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.3 дугаар зүйлийн 1-д “ял албадлагын арга хэмжээ нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна” гэж, 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан боловч мөн хуулийн 11.5 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.3 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйээр учруулах”, 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргүүдтэй гэм буруугийн хэлбэрийн хувьд ижил үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг эмнэлгийн мэргэжилтний өвчтөнд тусламж үзүүлэх явцад гардаг гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээ нь дээрх хэргүүдийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас илүү хүндрүүлэн хуульчлагдсан байна хэмээн үзжээ. Түүнчлэн зарим улсын Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлагыг харьцуулан судалж үзсэн байна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмнэлгийн мэргэжилтний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь энэ салбарт орох гадаад, дотоодын хөрөнг оруулалтыг багасгах, эмчийн мэргэжил эзэмших залуусын тоо буурах, улмаар эмнэлгийн мэргэжилтний хомсдолд хүргэж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж болзошгүй байдалд хүргэх магадлалтай хэмээн үзжээ. Иймд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн мэргэжилтнэд оногдуулах ялын бодлогыг хөнгөрүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.