Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч өө, нөгөө 30 айлын хүүхдүүд сургуульд сурч байгаа юм биш биз

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд өрсөлдөх үедээ уул уурхайгаас олсон ашгийг хуу хамдаг, Монголын баялагт эзэн суусан 30 айл өрх байна, тэдэнтэй эвлэрэхгүй гэсээр сонгуульд орсон. Ингэж ярисаар сонгуульд ялалт байгуулж чадсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ард түмнийхээ эв нэгдлийг хангана, гэхдээ 30 айлтай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ ч дахин хэлсэн. Энэ харин сонин сонсогдож байлаа. Төрийн тэргүүн тэр 30 айлын тухай дахин, дахин яриад байгаа болохоор нийгэм ч гэсэн сонирхоод эхэллээ. Харин өнгөрсөн долоо хоногт тэдний нэг нь сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдгийг зарлав. Эхний нэг нь зарлагдав, цаана нь одоо 29 айл үлдэж байна. Тэд хэн бэ гэх асуулт, хүлээлт ард түмэнд бий. Энэ бүхэн нэг л танил харагдахгүй байна уу. Хуучин коминтерны үеийнх шиг хэлмэгдлийг өнөөдрийн ардчилсан нийгэмд цухалзуулаад эхэллээ гэж та бүхэнд бодогдохгүй байна уу. Дээхнэ үед яадаг байсныг ихэнх хүн гадарлана даа. Тухайн үед нийгмийн зүтгэлтэн, сэхээтэн гурав, дөрвөн зуун айл байсан байх. Тэд цувраад л буруудаж эхэлдэг. Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэх зэргээр. Хувьсгалын эсэргүү гэж зарлагдахлаар сурах бичигт хэвлэгдсэн тэдний зургийн нүдийг нь сохлоод, зургийг нь балладаг байсан гэсэн. Жишээ нь Г.Дэмид жанжин буруутлаа гэхэд л түүний зургийг баллан сурах бичгээс урж тасдаж хаян элдвээр муушаасан цуглаан зохион байгуулах гэх мэтчлэн. Тэгээд ар гэрийг нь хүний тооноос хасч хүүхдүүдийг нь сургуулиас хөөдөг. Хөөхдөө хүүхдүүдийг хоёр эгнээ болгон жагсааж байгаад дундуур нь гүйлгэн элдэж эгнэн зогссон хүүхдүүдээр нулимуулж гаргадаг байлаа. Багш нар нь бүх сурагчдынхаа өмнө овог нэрээр нь дуудаж байгаад “Эсэргүүний зулбасаг, ардын сургуульд явах эрхгүй, хөөн явуулж байна гэж зарлан тунхагладаг байсан. Сургуульд явах гэвэл төрсөн эцгээрээ овоглож болохгүй хаа хамаагүй санаанд орсон овог нэртэй сурч болдог тохиолдол хаа нэг байсан. Үүнийг дурдаад байгаа шалтгаан нь нөгөө 30 айлын хүүхэд сургуульд сурч байгаа юм биш биз гэж бодоод л. Хэрэв сурч байгаа бол одоо тэдний эцгийнх нь нэр тодрохтой хамт л сургуулиас нь хөөгөөд байх хэрэгтэй болж. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатарын хүүхдүүдийг сургуулиас одоо даруй хөөх байлгүй. Яагаад гэвэл яг гучаад оных шиг тэр 30 айл сонгуулийн эрхгүй, сонгох сонгогдох эрхгүй юм чинь хүүхдүүд нь ч сурах эрхгүй гэж үзэхэд буруудах юун. Одоогийн 30 айлын хүүхэд бодвол өндөр төлбөртэй, гайгүй гэсэн сургуульд сурдаг байлгүй. Баячуудын хүүхдүүд сайн сургуульд явж таарна л даа. Хөөх хөөхдөө зүгээр нэг явуулчихгүй бүх хүүхдээр нулимуул.Ингэж байж л манай Ерөнхийлөгчийн тэр 30 айлтай хийж байгаа тэмцэл төгс болно биз дээ. Угаасаа Ерөнхийлөгчийн гаргаж буй ааш авир ийм л зүйл хүсэж буй мэт харагдаж байна. Өөрөө энийгээ мэдэж байгаа болов уу. Ард түмний итгэлийг хүлээсэн монгол төрийн тэргүүн хүн ийм ааш авир гаргаж болдог юм уу. Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”гэж заасан байдаг. Түүнчлэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй.Энэ үүднээс улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээгээр алагчлахаас хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж дурджээ. Ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуульд ч тэр, олон улсын хүний эрхийн пактуудад ч хориглочихоод байгаа биз дээ. Гэтэл Ерөнхийлөгчийн ард түмэн дундаасаа 30-н айл тасдаж аваад гадуурхаад байгаа үйлдэл энэ бүхэнтэй зөрчилдөөд байгаа юм биш үү.

Хүн төрөлхтний түүхийг сөхөөд үзвэл олон зуун жилийн турш бие биенээ ялгаварлан гадуурхаж ирсэн байдаг. Нэг давхаргыг нөгөөгөөр нь үзэн ядуулж сөргүүлэн тавьдаг түүхтэй байлаа. Бусдаар үзэн ядуулах гол шалтгааны нэн тэргүүнд арьсны өнгө, хөрөнгө чинээ бичигддэг. Ердөө хэдхэн жилийн өмнө ардчилал, хүний эрхийг дээдлэхийн тэргүүн эгнээнд явдаг Америкт л гэхэд өнгөт арьстныг бараг л хүн биш гэж үздэг байв. Тиймээс ариун цэврийн өрөө, автобусны суудал нь хүртэл тусдаа байсан. Тэр бүү хэл харуудын хүүхдийн сургууль хүртэл ондоо. Өнгөт арьстай хүүхэд хүссэн сургуульдаа сурдаггүй, дуртай газраараа явж болдоггүй байлаа. Ингэж ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хэрэг учраас америкчууд үүнийгээ больсон. Өөрөөр хэлбэл бид бие биеэсээ ялгарах зүйлгүй, адилхан гэдгээ ойлгосон хэрэг.Бас мьянмарчууд байна. Тэд өнөөдөр дэлхийг шуугиулж байна. Өөр шашин шүтдэг хэсэг хүмүүстэйгээ эвлэрэхгүй гээд эх орноос нь хөөчихлөө. Ингэж шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг дэлхийн хүн төрөлхтөн тэр чигтээ эсэргүүцдэг. Ийм зүйлээс болж иргэн хүнийг эх орноос нь хөөж болдог ямар ч хуулийн заалт байхгүй. Нэг ёсондоо тэд Үндсэн хуулиа уландаа гишгэж байгаа юм. Бас олон улсын өмнө нэр хүндээ алдаад зогсохгүй, амласан амлалтуудаасаа буцаж буйгаа харууллаа. Эд бол дэлхийн хүн төрөлхтөнд тохиолдсон саяхны жишээ. Үнэхээр л хулгай зэлгий хийгээд гэмт хэрэгтэн болчихоогүй бол хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Үүнтэй адил сонгох, сонгогдох эрх гэж бий. Өөрөөр хэлбэл албан тушаал хаших эрх. Сонгогдох буюу албан тушаал хаших эрхэд харшлах зүйл байдаг. 25 нас хүрээгүй, эрхзүйн чадамжгүй гэхчлэн заалт байх нь байгаа. Гэхдээ хий хардаж албан тушаал хаших боломжийг үгүй хийхийг манай улсын байтугай олон улсын ямар ч хуульд заагаагүй. Үнэхээр гэм буруутан гэдгийг зөвхөн шүүх, хуулийн байгууллага л тогтоож зарладаг. Тогтоогдоогүй байхад, нотлогдоогүй байхад тухайн хүнийг хэн ч буруутгах ёсгүй. Тэр тусмаа төр тэргүүлж буй Ерөнхийлөгч хүн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж улсынхаа иргэнийг адалж, ялгаварлан гадуурхаж хавчиж болдоггүй юм. Дээр өгүүлсэн иргэдээ хавчиж гадуурхдаг, ялгаварладаг түүхийг орчин үеийн Монгол оронд давтах, хэрэгжүүлэх гээд байгаа юм биш биз дээ. Ийм маягаар сэтгэж байгаа нь бид хөгжиж буйн илрэл үү, ухарч буйн дохио юу. XXI зуунд хэсэг бүлэг хүнийг гадуурхах нь хүний эрхийг зөрчихөөс гадна ард түмнийг хувааж буй хэрэг биш үү. Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх, үүрэг гэж байдаг. Ерөнхийлөгч тэр эрх, үүргийнхээ эсрэг дуугарч эхэллээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчиж байна. Монгол Улсад төрийн албан хаагч хуулиар заагаагүй үйлдэл хийхийг хориглодог. Тэр тусмаа Ерөнхийлөгч хуулиа ягштал дагах ёстой. Монголын ямар ч хуульд уул уурхайн баялгаас илүү хувь хүртэж байгаа бол гэмт хэрэгтэн, эсхүл хууль зөрчигч болно гэсэн заалт байхгүй. Дээрээс нь тэр хүмүүс уул уурхайн лиценз олонтой байдаг юм бол тэр лицензыг манай улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу л эзэмшиж байж таарна. Монгол Улсын иргэн уул уурхайн лиценз эзэмших нь хууль бус хэрэг биш. Монгол Улсын иргэдийг анги давхарга хөрөнгө чинээгээр нь ингэж ялгаварлаж болохгүй гэдгийг зөвлөхүүд нь хэлж өгмөөр байна. Сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихөөд байхад сонгуулийн үеийн сэтгэлийн хөөрөл одоо хүртэл үргэлжилж байгаад гайхаш барагдах юм.Ерөнхийлөгч 30 айлыг ялгаж байгаа нь эв нэгдлийг илэрхийлж буй илрэл мөн үү гэвэл биш. Яахав сонгуульд өрсөлдөж байгаа бол 30 айл гэх зэргээр гэж улс төр хийж болох л байх. Улс төрийн хар пиар хийж байна гэдгийг ард түмэн ялгаад ойлгочихно. Харин сонгогдож гарч ирсэн хойноо нөгөө хэдийгээ намнах гэж буй аятай хөөцөлдөөд байх нь хэр зохимжтой юм бэ. Хэрэв цаашдаа энэ үзэл баримтлалаараа явах юм бол дээр дурдсанаар 30 айлын хүүхдүүдийг сургуулиас хөөх, хүний эрхийг нь хасах зэргээр 30, 40-өөд оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болох нь. Өнөөдөр 30 айлыг тасдаж аваад нийгмээс гадуурхаж байна. Жилийн дараа энэ тоо 300 хүрвэл яах вэ. Ерөнхийлөгчийн иргэдээ ялгаварлаж байгаа энэ үйлдэлтэй санал нийлэхгүй байгаа надаас авахуулаад хэлмэгдүүлэх, гадуурхах хүнийхээ тоог улам лавшруулаад байх юм биш биз. Бичсэнтэй чинь санал нийлэхгүй байна, энэ рүү нулим гэж нийгмийг хөөргөөд байвал яах вэ. Энэ мэтээр явсаар Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хэрэгт холбогдож Цэцэд дуудагдвал яах вэ. Тэгдэггүй юм гэхэд ард түмнээ анги давхарга хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж харьцдаг явдал энгийн зүйл болбол яах болж байна. Үүнийг манай ардчиллыг үүсгэн байгуулсан түүний баталгаа бат цайз болсон Ардчилсан нам өөгшүүлээд байгаа юм биш үү гэж харагдаад байхлаар чинь цаашдаа яах болж байна аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Ерөнхийлөгч өө, нөгөө 30 айлын хүүхдүүд сургуульд сурч байгаа юм биш биз” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины Нэгдүгээр нүүрнээс уламжлалт “Танайд өнжье” буланд Цаст Очирваань хайрханд онцгой ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газарт зочлоход… хэмээх сонирхолтой бичлэгийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ерөнхийлөгч өө, нөгөө 30 айлын хүүхдүүд сургуульд сурч байгаа юм биш биз” нийтлэл хэвлэгдлээ.

Тавдугаар нүүрт Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов гэсэн УИХ-ын чуулганы мэдээлэл оржээ.

Долдугаар нүүрэнд Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайхантай хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байна.

Есдүгээр нүүрэнд Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд болсон ослын бодит байдлын талаар Фото сурвалжлагаар өгүүлжээ.

Оддын амьдрал нүүрэнд Савелий Крамаровын “эрүүл, зөв” амьдралын гашуун сургамжийн талаар сонирхолтой нийтлэл гарчээ.

Тэмдэглэлт ой нүүрнээс “Монголын оюун санааны “Од” Очирбатын Дашбалбарын мэндэлсний тэгш ойг тэмдэглэн өнгөрүүллээ” гэсэн сонирхолтой сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *