Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ

Өнөөдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Прокурорын байгууллагын ойд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрбээр энэ үеэр прокуроруудад баяр хүргэхийн ялдамд авлига, хээл хахуулийн эсрэг тууштай тэмцэхийг санууллаа. Мөн Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа албан ёсоор мэдэгдэв.

Тэрбээр “Албан тушаал, авлигын хэрэгт шүүх, прокурор, хуулийн байгууллагынхан ялгаатай хандах ёстой. Прокурорын алба хашиж буй хэн бүхэн авлигачдыг авлига авахыг болиулахыг шаардах эрхтэй. Тэдний өмнө бөхөлзөх ёсгүй. Тэднийг цээрлүүлэх эрх нь, хууль нь байгаа. Тэрхүү эрхийнхээ дагуу авлигын эсрэг манаандаа үнэнч зогсохыг та бүхэнд сануулъя. Авлигын хамгийн том аюул бол ард түмний төрийг өөрийнх болгодогт байгаа юм. УИХ-ын гишүүдийг нам фракци, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хувааж байгаад өөрийнх нь хэлсний дагуу ажиллах хүнийг сайд, даргаар сонгоход хүргэж байна. Тиймээс энэ аюулын төлөө хамтдаа тэмцье. Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна” гэв.

Харин Өршөөлийн хуульд хориг тавих талаар ” Гадны дайсны эсрэг санаа нэгдэн тэмцдэг шигээ авлигын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна. Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *