Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван талт уулзалт хийнэ DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод өчигдөр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан улсын ерөнхий сайд А.Н.Арипов, Монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан улсын анхны ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Ш.Мирзиёевтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсын ерөнхийлөгч Ш.Мирзиёев-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан улсын зах зээл манай сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Узбекистаны тал хоёр орны

харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, Узбекистаны талаас Хөдөө аж ахуйн сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдлээ. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар “Ковид-19” цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *