Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрис “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд” сургалт , дадлагад идэвхитэй оролцож байгаа орон орны цэргийн албан хаагчид, тэр дундаа Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалд талархаж буйгаа илэрхийллээ.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад Монгол Улсын Батлан Хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцон сургалт, дадлагын хүрээнд үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Мөн энэ удаагийн сургалт, дадлагад дэлхийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцсон. Тухайлбал Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *