Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа || DNN.mn

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” (цаашид “журам” гэх)-ын дагуу зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.

Тавигдах шаардлага:

Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан:
– Сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;
– Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
– Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.

Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч:
– Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй гэж үнэлэгдсэн байх;
– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч:
– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;
– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:
– Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байрт шалгарсан;
– Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан;
– Шатар, даамын төрлөөр “Олон улсын холбооны мастер” цол хүртсэн.

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн:
– Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан;
– Олон улсын англи хэлний IELTS-ийн шалгалтын 7-аас доошгүй, IBT TOEFL-ийн шалгалтын 100-аас доошгүй онооны шаардлага хангасан.

Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:
1) 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:
– Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;
– Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10 суралцагч;
– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;
– Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.

2) Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг https://www.meds.gov.mn/post/115744 холбоосоор авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *