Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт шалгуулж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж энэ оны эхний хагас жилийнхээ ажлыг тайлагналаа. Тус газар нь эхний зургаан сарын байдлаар  гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл хүлээж авснаас 52-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 53-ыг нь харьяаллын дагуу өөр байгууллагуудад шилжүүлсэн байна. Харин 159 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Одоогоор 37 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Тус байгууллага он гарснаас хойш 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх жилийнхээс 26.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нь 40 хүнд холбогдох найман хэргийг шүүх шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаар нь ангилбал 4.9 хувь нь улс төрийн, 9.8 хувь нь төрийн захиргааны, 4.7 хувь нь төрийн тусгай, 6.8 хувь нь төрийн үйлчилгээнийхэн аж. 

Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбумыг нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилж, анхан шатны шүүхээс найман тэрбум шахуу төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан гэх мэт тоон баримт дурдсан юм. 

Засгийн газар хууль бус томилгоогоо эргэж хараагүй учраас УИХ-д ханджээ

Үүний дараа нэр бүхий албан тушаалтнуудын талаар тодотгож мэдээллээ. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нэг ангид хамт сурч байсан нэр бүхий хүмүүсийг татварын байгууллагад томилжээ.  Нөгөө хүмүүс нь уг албан тушаалд томилогдох шалгуурыг хангаагүй байсан аж. Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан томилогдохдоо Тагнуулын байгууллагын хууль зөрчиж, мэдүүлгээ буруу мэдүүлсэн нь тодорхой болжээ. 

Тэднийг албан тушаал бууруулж хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т танилцуулга хүргүүлсэн байна.  

Үүнээс гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нь аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргыг томилохдоо хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогджээ. АТГ-аас авлига ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилж байна гэж Б.Бадраа даргад удаа дараа хандсан ч шийдвэрээ өөрчлөөгүй гэнэ. Тиймээс мөн ЗГХЭГ-т  хандаад байгаагаа АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир мэдээлсэн юм. Түүний мэдээлснээр Засгийн газар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа,  Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ нарын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилжээ. Энэ асуудлаар ЗГХЭГТ-т хандсан ч хариу ирүүлээгүй аж. Тиймээс УИХ-д танилцуулгаа хүргүүлээд байгаа гэнэ. 

Ойг далимдуулан хууль бусаар хандив цуглуулжээ

Энэ жил цөөнгүй сумд ойгоо тэмдэглэх гэж байгаа. Үүнтэй холбоотой орон нутгийн Засаг дарга нар хууль бусаар хандив цуглуулж байсан нь илэрчээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга болон VI багийн Засаг дарга тухайн орон нутагт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хууль бусаар хандив авч байсан нь тогтоогджээ. Эдгээр Засаг дарга нарын албан тушаалыг бууруулах албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн байна. 

Ерөнхий сайдын охин, ахлах зөвлөхийг нь шалгаж байна

Нийслэлийнхнийг хямд нүүрсээр хангах Засгийн газрын хөтөлбөрийг далимдуулан төсвийн хөрөнгийг завшсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа аж. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол үүссэн юм байна. Энэ хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнийг сайд байх үеийнх нь туслахууд, эхнэрийнх нь дүүгийн хүүхэд гэх зэрэг төрөл, садангууд нь холбогдон шалгагдаж байгаа аж. Ерөнхий сайдын нэртэй уягддаг өөр нэг асуудал нь түүний охин А.Саранзаяад холбогдох хэрэг. А.Саранзаяа Төрийн санд ажиллаж байхдаа хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн хэрэгт шалгагдаж байгаа. Анх түүнийг “Цэвэр агаар” сангийнхны гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ч өөр баримт гарсан учраас хэргийг нь тусгаарласан аж. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ы яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд нэмж хоёр хүнийг сэжигтнээр татжээ. 

Таван толгойн захирал хувийнхаа шатахууныг зарж, 470 сая төгрөгөөр машин авчээ

Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Тэрбээр Таван толгой компанийн захирлаар ажиллаж хөрс хуулалтын ажил хийж байсан бусад аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүдэд хувийнхаа колонкоор дамжуулан шатахуун түгээдэг байжээ. Энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар мөрдөн шалгаж байгаа аж. 

“Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгөөс төсвийн урсгал зардалд  зарцуулахгүй байх учиртай. Гэтэл төслийн хөрөнгөөс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авчээ. Энэ нь хууль зөрчиж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байгаа аж. 

Засгийн газрыг залилав уу

Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нийт 38 орчим хувьтай байгаа аж. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулчихжээ.  Ингэснийхээ хүчинд төсвөөс  46.3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулжээ. Энэ мөнгөө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрчээ. Эдгээр асуудлыг шалгаж байгаа аж. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэдгээ онцолсон юм. 

Ц.ӨРНӨХ

Б.УРАНЧИМЭГ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *