Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв. Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уламжилсны хариуд Абэ Шинзо чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх хоер талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *