Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Цаашид:

1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгах. Нэн ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, дулааны цахилгаан станц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг,Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай,авто зам, дэд бүтцийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах

2. Төрийн байгууллага бүр төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, ард түмний татварын мөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулдаг байдлыг таслан зогсоох. Орон тоо хэтрүүлэх, онц шаардлагагүй байхад гадаад, дотоод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх

3. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллагашударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх

4. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах

5. Төрийн ажлыг тунгалаг, олон түмний хяналтад байлгах зорилгоор төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ил тод нээлттэй болгож, нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх

6. Төрийн албаны залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэн, ажлын ур чадвар, дадлага туршлага, ажилласан жилийг харгалзан шатлан дэвшүүлэхэд төрийн байгууллага бүр анхаарах

7. Батлагдсан орон тоо хэтрүүлдэг нийтлэг дутагдал байгаад дүгнэлт хийх. 2019 онд төрийн бүх шатны байгууллагад чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хийж, албан хаагчдын чиг үүрэг, ажлын байрны давхардал, хийдлийг арилгах

8. Төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсэн чиг үүрэгтэйгээ таарахгүй, давхардал, хийдэлтэй байгааг нэн даруй засах

9. Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах

10.Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй сайн уялдуулан хуульд заасны дагуу дахин боловсруулж,ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулан, муу ажилласанд нь хариуцлага тооцож байх

11.Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийх, ажлын байрны дэг журмыг чанд мөрдөн ажилладаг болгох

12.Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажил цалгардуулсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болонажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцож байх

13.Шатлан дэвшүүлэх “мерит” зарчмийг баримтлан төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид, ил тод нээлттэй байлгаж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан бүх байгууллагад сургалт зохион байгуулах

14.“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хийгдэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх

15.Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжиж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *