Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухаанд тулгуурласан бодлого хэрэгжүүлнэ гэв


Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Сүүлийн 5 жилд Ерөнхий сайд анх удаа эрдэмтэн судлаачидтай ийн өргөн хүрээнд уулзав. Ерөнхий сайд эрдэмтдээ сонсож, шинжлэх ухаанд тулгуурласан бодлого хэрэгжүүлнэ гэж хэлсэн нь эрдэмтэн судлаачдад ихээхэн ихээхэн итгэл төрүүлсэн юм. Энэ уулзалтын үеэр яригдсан асуудлыг илүүтодруулах зорилгоор ХИС-ийн захирал, академич Б.Чулуундоржтой ярилцлаа.


-Их сургуулиуд Засгийн газрынхаа захиалгаар судалгааны ажил хийж гүйцэтгэдэг. Хөгжилтэй орнуудын туршлагыг харвал энэ захиалгат судалгаа нийгмийн аль салбар руу илүү түлхүү ханддаг бол?

-Гадаадын улсуудад Засгийн газрын захиалга, санхүүжүүлэлтээр хийдэг их сургуулийн судалгааны зонхилох хувь нь батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, экологи, эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой болон нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг.

-Их сургуулиудын санхүүжилтийнхээ нэлээдгүй хэсгийг үйлдвэрлэл, бизнесийн захиалгат төслөөс бүрдүүлж байдаг. Манай их сургуулиудад ийм боломж бий юу?

-Манай оронд ХАА, эрүүл мэндийн салбар, хүнсний үйлдвэрлэлийн салбарт бизнесийн байгууллагын захиалгаар судалгаа хийж үр дүнг хэрэглээнд оруулах өргөн боломж, бодит хэрэгцээ байна.

БНСУ-д их сургуулиудын судалгааны санхүүжүүлэлтийн 30 гаруй хувь нь жижиг, дунд бизнесээс эх үүсвэртэй байна.

Томоохон технологийн чиглэлийн судалгааг үндэсний Samsung, Hyundai г.м компаниуд нь санхүүжүүлж байна.

Японд сүүлийн 10 жилд Их сургуулийн судалгааны үндсэн дээр зөвхөн нэг жилд дунджаар 1300-1600 патентыг хэрэглээнд оруулж гадаадын судлаачидтай хамтран эзэмших патент 2 дахин нэмэгдэж патентаас олох орлого нь эрс өсчээ. Энэ бол ШУ-ны байгууллага, Их сургууль нь бизнесийн байгууллагатай ойр хамтран хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

-Манай оронд ШУА ба их сургуулиудын хамтын ажиллагаа өргөжиж байна. Өөрөөр хэлбэл судалгааны байгууллагууд салбар дундын судалгаанд илүү ач холбогдол өгч байх шиг байна?

-Эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгамдсан цогц асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны салбар хоорондын зааг дээр судалгаа хийх учир шинжлэх ухааныг нэг байгууллагын ханаар, өмчийн хамаарлаар хязгаарлах хандлага үеэ өнгөрөөсөн. Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд нээлттэй лабораториуд байгуулж эрдэмтдийн хамтарсан багууд ажилладаг нь дэлхийн тэргүүлэх орнуудын нийтлэг жишиг болжээ.

Иймээс аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд өндөр хөгжилтэй орнуудад шинжлэх ухаан нь цөөн тооны судалгааны бранд их сургуулийн хүрээнээс хальсан.

Үүний сонгодог жишээ бол биотехнологийн салбарт хувийн болон нийтийн өмчийн байгууллага, Их сургуулиуд хамтран ажиллаж амжилтад хүрсэн АНУ зэрэг орнуудын туршлага болно.

ОХУ, БНХАУ-д цахиурын хөндий мэтийн төвүүдэд чадвартай эрдэмтэн судлаачдыг салбар бүрээс татан оруулжэдгээр төвүүд нь технологийн шинэчлэлийн суурь болж байна.

-Дэлхийд шинжлэх ухаан нь хамтын ажиллагааны гол талбар болж байна. Хамтран ажилласнаар судалгааны чансаа мэдээж өснө байх, тийм үү?

-Манайх дотооддоо хүчээ нэгтгэн хамтран ажиллаж байж олон улсын тавцанд өрсөлдөж чадна. Өнөө үед хил дамнасан эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа нь судалгааны ажлын бүтээмжийг дээшлүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулахад чухал түлхэц болж байна. Олон улсын хөндлөнгийн үнэлгээ, импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны өгүүллийн талаар шинжээчдийн хийсэн дүгнэлтийг үзвэл олон орны эрдэмтдийн хамтын бүтээлийн эзлэх хувь 1997 онд 15,6 хувь байсан бол 2018 онд бараг 3 дахин нэмэгдсэн.

Оксфордын их сургууль зэрэг нэртэй сургуулиуд ийм инновацын төвүүддээ гадаадаас, тухайлбал БНХАУ, Саудын Арабаас бизнесийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татан харилцан ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

-Өндөр хөгжилтэй орнууд зөвхөнтодорхой судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг бид хамгийн зөв хандлага гэж ойлгодог. Зөв үү?

-Эдгээр оронд экологи, хүн амын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжил төлөвшил, татварын бодлого, ажилгүйдлийг бууруулах, нийгэмд хүчирхийлэл, екстремизмийг хязгаарлах, хүний кибер орон зайд ажиллах чадварыг хөгжүүлэх, нийгмийн мэдээллийн эко орчинг бүрдүүлэх зэрэг асуудлаар шинжлэх ухааны бодит судалгаа, шинжээчдийн дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргадаг нь ардчилсан Засаглалын ёс зүйн хэм хэмжээ болжээ.

-Ярилцлагын төгсгөлд таны саналыг асууя гэж бодлоо. Монгол улсын Засгийн газар шинжлэх ухааныг хэрхэн дэмжиж, судлаачидтайгаа хэрхэн хамтран ажиллах боломж байна гэж та харж байна вэ. Саналаа хэлэхгүй юу?

-Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны ажлыг дэмжихэд Засгийн газраас дараах асуудлуудыг анхааран судалж бодлогын болон эрх зүйн зохицуулалт хийвэл Монголд шинжлэх ухаан ба үйлдвэрлэл, бизнесийн нягт уялдааг хангахад чухал санагдана. Үүнд, Их сургуулиудын судалгааг хөнгөлөлттэй зээлийн механизмаар дэмжих, эрдэмтэн судлаачдын оюуны өмч, бүтээл, патентыг баталгаажуулан арилжааны хэлбэрт оруулах, гарааны компани, зөвлөн туслах фирм зэрэг нийтийн болон хувийн өмчийн түншлэлийн бүтцүүдийг дэмжин бие даан ажиллах эрх зүй, санхүүгийн механизмыг тодорхой болгох судалгааны ажлыг санхүүжүүлсэн бизнесийн байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн саналыг хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *