Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн 2019 оны шинэ жилийн мэндчилгээ
Монгол эх орныхоо уудам нутагт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэдээ, эх нутгаасаа алс хол, өргөн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт ахан дүүсээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Цаг хугацааны түүх болон улиран одож байгаа 2018 он бол амьдрал өрнөж, ажил ундарсан жил байлаа. Монголчууд бид чамлахааргүй ололт амжилт гаргаж, түүхэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.
Төр улсын үндэс болсон айл, өрхүүд маань 80 орчим мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж Монголчууд бид улам олуулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо таван толгой тус бүрт өсөж 67 саяд хүрлээ.
Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч унаж байсан бол 2017 онд 5.8 хувь, 2018 онд 6.4 хувьд хүрч эдийн засаг тасралтгүй өсөн дэвжиж байна.
Гадаад валютын нөөц 2016 онд 1 тэрбум ам.долларт хүрч унаж байсан бол 2018 оны эцэст 3.5 тэрбум ам.доллар болж өсөн нэмэгдлээ.
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэмэгдүүлж үнэллээ. Ингэхдээ Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байна гэсэн дүгнэлтийг үндэслэл болгосныг онцлон хэлье.
Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг зориг гарган шуурхай эхлүүлсэн жил байлаа. Өнөөдөр тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил болох цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр зам, авто замын ажил 50-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлжээ.
Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудал бол төв цэвэрлэх байгууламж юм. Сүүлийн 20 гаруй жил шийдэгдээгүй энэ асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, шинэ төв цэвэрлэх байгууламж барих төслийн ажлыг эхлүүлж чадлаа.
Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь ундаалах цэвэр усны нөөц нэмэгдүүлэх тулгамдсан асуудлыг шийдлээ.
Улиран одож буй 2018 онд Монгол Улс “Хүнс экспортлогч орон” болно гэсэн зорилтоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас тариаланчиддаа бодлогын дэмжлэг эрчимтэй үзүүлсний үр дүнд Монголчууд бид Улаан буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаж чадлаа. Сүүлийн 20 жил шийдэгдээгүй байсан “Газар тариалангийн бүс нутаг”-ийг зарлаж, эрчимжсэн мал аж ахуйг нүүдлийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилтыг ч хэрэгжүүлж эхэллээ.
Эрхэм хүндэт нийт ард иргэд ээ,
2018 он бол шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн он жил байлаа.
Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэд, та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа хариуцлага дэг журам тогтоох явдал юм. Монгол хүн бүр айх аюулгүй, эрх чөлөөт, шударга нийгэмд амьдрах учиртай.
Төрд бугласан утаа мананг арилгах, Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид няцалтгүй үргэлжлүүлнэ гэдгээ баярын энэ өдөр би дахин хэлэхийг хүсч байна. Эгэл жирийн иргэдийн бодлын зангилаа, хүсэл тэмүүлэл, нэгдмэл нэг хүчээс илүү гарах хүч хүмүүний амьдралд үгүй билээ.
2019 он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно оо.
Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье.
Ирж буй шинэ ондоо иргэн бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.
Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.