Сүүлийн 3500 орчим жилийн хугацаанд битүү боодолтой байсан эртний Египетийн хааны занданшуулсан шарилыг орчин үеийн дижитал технологийн аргаар анх удаа задалж харуулжээ.
Уг мумми нь Нийтийн Тооллын Өмнөх 1525-1504 оны үед Египетийг захирч байсан Нэгдүгээр Аменхотеп хааных юм.
Аменхотепын муммийг 1881 онд эртний Египетийн бусад хаад, хатдын шарилуудын хамт Луксор хотоос илрүүлж, дараа нь Кайр хотод шилжүүлж байжээ.
Муммийн гадна талын гоёмсог чимэглэл, багийг хөндөлгүй хадгалах зорилгоор цөөн хэдэн шарил өнөөдрийг хүртэл задлагдаагүй үлдсэн байсан юм. Тэдний нэг нь Аменхотепын мумми байжээ.
2019 онд Египет судлаач Захи Хавасс, Кайрын их сургуулийн профессор Сахар Салем нар сүүлийн үеийн компьютер томографын машины тусламжтайгаар Аменхотепын муммийн “дижитал задаргаа”-г хийж эхэлсэн байна.
Тэдний судалгааны үр дүн өчигдөр “Frontiers in Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгааны тайланд өгүүлснээр Аменхотепын царай төрх аавынхтайгаа тун төстэй байсныг тогтоосон байна. Эзэн хаан нас барахдаа 35 орчим настай байсныг бас тогтоожээ. Харин нас барсан шалтгааныг илрүүлж чадаагүй байна.
Шарилыг занданшуулахдаа хоёр гарыг элгэн дээр нь зөрүүлэн эвхэж тавьсан байжээ.
Бусад хаадын муммигаас ялгаатай нь тархийг гавлын яснаас гаргалгүй хэвээр үлдээснийг тогтоосон байна. Шарилтай хамт 30 ширхэг эрдэнийн чулуу, үнэт эд зүйлс оршуулсны дотор 34 ширхэг алтан хэлхээ бүхий бүс байжээ. Дайн самууны үед Аменхотепын муммийг тонож, дахин оршуулсан гэж эрдэмтэд үздэг. Энэ үеэр шарилд учруулсан гэмтлүүдийг засварласнаас гадна тоногдсон үнэт эд зүйлсийг дахин байрлуулсан гэж судалгааны тайланд дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters