Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцахаар болжээ. Энэ талаар ЭМ-ийн сайд А.Цогцэцэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төвийн багийнхан өнөөдөр 13:00 цагт ЭМЯ-ны байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.
Элэг шилжүүлэн суулгах зардлын 30 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгал, 15 саяыг төр нь хариуцна. Харин ясны чөмөг шилжүүлэн суулгах зардлын хэдийг нь улсын төсвөөс гаргах нь тодорхой болоогүй байгаа аж. УТНЭ-ийн дарга Б.Бямбадорж “Энэ бол маш сайхан мэдээ. Гэхдээ эрхтэн шилжүүлэн суулгахад 100 хувь гаднаас багаж хэрэгсэл авдаг. Тиймээс долларын ханш тогтвортой байхаас шалтгаалан тухайн өвчтөний ар гэрт ачаа ирэх, эсэх нь тодорхойлогдоно” гэв. Дашрамд дуулгахад, 2016 онд УТНЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан 10 хүнд элэг,24 хүнд бөөр, зургаан хүнд нүдний эвэрлэг, хоёр хүнд чөмөг шилжүүлэн суулгажээ.
О.ӨНӨР