Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголчууд 2016 онд худалдаж авсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн Оросын эзэмшиж байсан хувийг Монголд аваад ирсэн. Үүний дараа луйвардаж авсан байна гэж бөөн хэл ам, хэрүүл шуугиан, улс төр болов. Сүүлдээ УИХ-аар хэлэлцээд 49 хувийг төр авах ёстой гэсэн 23 дугаар тогтоол гарлаа. Угаас байсан 51 хувь дээрээ “Монгол Зэс”-ийнхний мөнгөө төлж, ОХУ-аас авчирсан 49 хувийг нэмж, төрийн зуун хувийн мэдлийнх болгохоор шийдвэр гарсан. Ингээд Төлөөлөн удирдах зөвлөл сонголоо. Гэтэл 49 хувийнхан буюу “Монгол зэс”-ийнхэн хувийн өмч булаалаа гээд шүүхэд хандчихав. Ингэж шат шатны шүүхээр явсаар Дээд шүүх өнгөрсөн лхагва гаригт шийдвэрээ гаргажээ. Дээд шүүхийн шийдвэрээс өмнө энэ асуудлыг хэлэлцэж, 49 хувийн талд шийдвэр гарсан гээд Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах тухай ч яригдаж байлаа.
Дээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрийг гаргасан байна гэж үзжээ. Нэг ёсондоо Эрдэнэтийн 49 хувь бол хувийн өмч гэдгийг энэ шийдвэр хүлээн зөвшөөрчихлөө. 49 хувийнхан улсын Дээд шүүхийн шийдвэрийг дагахгүй өөр хэний шийдвэрийг дагахав. УИХ, Засгийн газар ч бай Дээд шүүхийн шийдвэрийг л дагах ёстой.
Тэгээд ч Эрдэнэт төрд 100 хувь ирсэн зурвас үед Арбитрийн шүүхэд Монголын төр ялагдаад 112 сая ам.долларын хэрэгт орчихсон сууж байгаа. Төр аж ахуй эрхэлж байгаа царай нь энэ. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр өрөнд оруулсан “Жаст”-аар тэр 112 сая.ам долларыг төлүүлнэ гэж дээр дооргүй том, том ярьж байна. Сард 1.3-1.4 сая ам.доллар хүүнд төлөхөөр нэмэгдэж байна гэж эх сурвалж хэлж байгаа. “Жаст”-ын Ш.Батхүүгээс одоо юу авах юм. Стандартаас авсан мөнгөөрөө юм хийх гэж үзсэн. Тэр Хадгаламж банкнаас эхлээд капитал ихтэй байсан. Үүнээсээ чамгүй ашиг олох боломжтой. Гэтэл Ш.Батхүүгүүгийн хамгийн том бизнес болсон Хадгаламж банкийг хурааж авах шийдвэрийг төр гаргасан. Хамгийн сонирхолтой нь ганцхан өдрийн дотор эрх хүлээн авагч томилоод банкийг нь лацадчихсан. Гэхдээ энэ процесс хуулийн дагуу явсан гэхэд маш эргэлзээтэй. Тэр том банкийг хаачихаад “Хадгаламж” банкаас хамаагүй бага “Төрийн” нэртэй банкинд шилжүүлсэн. Энэ нь өөрөө тэр хүний төлбөрийн чадварыг үндсэнд нь зогсоочихож байгаа юм. Ерөөсөө Батхүүгийн зээл авах үндсэн шалтгаан нь энэ. Ингээд Эрдэнэттэй зууралдсан. Өнөөх хуурамч гарын үсэг энэ тэрээ хийж будлиан хутгасан л даа. Баахан хүний өмнөөс хуурамч гарын үсэг зурж, Стандарт банкнаас зээл авснаа өөрөө хүлээдэг. Харин МАН Хадгаламжийг дампууруулж, дараа нь Төрийн банк болгочихсон хэрнээ одоо Төрийн банкийг хувьчлах жагсаалтад оруулчихсан байх жишээтэй.
Ингэж банкийг нь дампууруулж, хуйвалдаад хамаг мөнгийг нь авчихаад одоо юу ч үгүй үлдсэн хоосон хүнийг шоронд хориод юу авах юм. Тэр хүнд одоо “сахар”л байна. Жирийн хүний бие дэх сахарын хэмжээнээс дөрвөөс тав дахин их байгаагаас болж бие нь муудсанаас өөр байгаа юм түүнд алга. Ш.Батхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэтийн өрийг би төлье. Гэхдээ Хадгаламж банкны мөнгийг минь гаргаад өгчих” гэж л хэлдэг. Тэр авсан, энэ авсан, тэрнээс авна гэж тодорхой нэр хэлж чадахгүй түнтгэнээд л байгаа болохоос угтаа луйвардсан эзэд нь тодорхой.
Эрдэнэтийн 49 хувийг нь эздэд нь өгвөл таарна. Ядаж Стандарт банкны өрөөс төлөлцөх биз. Тэр мөнгө хаана хэнд очсоныг зарлаж олж авах байлгүй. Эрдэнэт үйлдвэр сонгуулиар ялсан намын өмч юм шиг явж ирсэн. Ялсан намын хүн толгойтой болгон хэрэгтэй, хэрэггүй бараа шахдаг. Эрдэнэтийн ажилчид бүү хэл улсаараа хэрэглээд барахааргүй их бэлгэвч хүртэл шахчихсаныг бид мэдсэн шүү дээ. Ядаж 49 хувийнхан өөрсдийнхөө хувийг авчихвал тэр шахаа гээч нь зогсоно. Анх 49 хувийг “Монголын Зэс” корпораци авч байх үед л шахаа зогсох нь мэдрэгдэж эхэлсэн. Хэн гэдэг улстөрч, ямар барааг зах зээлийн үнээс хэр өндөр өртгөөр Эрдэнэтэд шахаж байсан мэдээлэл эхнээсээ ил болж олныг алмайрууллаа даа. МАН-ын тодорхой улстөрчдийн эсэргүүцлийн дараа энэ асуудал эргээд намжсан. Уг нь 49 хувийнхныг Эрдэнэтэд хөл тавьснаар үйлдвэр өмнөхөөсөө огцом ашигтай ажиллаж эхэлсэн шүү. Ажилчдынхаа цалинг гучин хувиар нэмсэн. Хувийн компанийн менежмэнт орж ирээд өнгө аяс өөр болж эхэлмэгц өнөөх шахааны улстөрчид айж эхлэв. “Монгол Зэс”-ийнхэн эзэмшсэн хувийнхаа хэрээр нээлттэй ажиллах боломж нь хэвээр байсан бол өдийд улстөрчдийн булхай бүр ч ил тод болж, Монголын эдийн засагт том нөлөөтэй Эрдэнэт тэр чигтээ шилэн болох байсан. Өмнө нь Эрдэнэт үйлдвэр жилд ганц удаа нээлттэй тендер явуулдаг байсан бол 2017 онд нээлттэй тендер 500-г зарласан байна лээ. 49 хувийнхан орж ирснээр ийм болов. Эрдэнэт рүү шахдаг шахаа шахагдаж байгаагийн том илрэл.
49 хувийг авахдаа хуйвалдаж, луйвардаж авсан гэж элдвээр хэлээд хоёр жил боллоо. Тэр яаж авсан тухай энд ярих гэсэнгүй. Авснаас хойших процесс юу болж байгааг өгүүлж байна. Яаж ч бодсон эзэнтэй болж байна. Муу сайн ч гэсэн гаднаас тэд аваад ирж. Эргэж нялцганахгүй 49 хувийг нь өгвөл олон зүйл голдрилдоо орох бололтой. Эрдэнэтийн энэ үймээний нийтэд өгч байгаа гол сургамж нь ямар аргаар яаж авсан нь хамаагүй, хувийн өмчийг төр хурааж авах эрх байхгүйг баталлаа. УИХ, Засгийн газар аль нь ч бай хувийн өмчид халдаж болохгүй, тогтоол, шийдвэр юу ч гаргаад нэмэргүйг Дээд шүүх сая харууллаа. 49 хувийг өмчийн эздэд буцааж өгөхгүй луу унжвал Стандарт банкны өрнөөс эхлээд хүү нэмэгдээд явах, цаашлаад гадаад зах зээл хэцүү байгаа үед зэсийн үнэ дэлхийн зах зээлд унаад байхад эдийн засгаа бодсон ч тэр даруйхан шилжүүлж, эздэд өгсөн нь дээр юм байна. Шүүхийн процесс ерөнхийдөө өндөрлөлөө. Одоо төр, 49 хувийнхантай ширээний ард сууж ойлголцож, авах ёстой хувийг нь өгч халуун чихийг нь эздэд нь атгуулаад л өгчих. Өөр гарц үлдээгүйг Дээд шүүхийн шийдвэр хэлээд өглөө. 49 хувийнхныг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болжээ.