Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэтийн 49 хувь ард түмэнд хамаагүй, ганц ХХБ-ны мэдэлд байснаас Оростоо байсан нь дээр

Д.Дамба-Очир гишүүн саяхан Эрдэнэтийн 49 хувьтай холбогдуулж ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн сануулгыг дамжуулсан. Тэрээр “Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр, Худалдаа хөгжлийн банк хоёр булаацалдаад байгааг Оросын тал сайн мэдэж байгаа. Хэрвээ биднийг хоорондоо тохиролцохгүй бол 49 хувиа буцааж авна гэж Ерөнхий сайдын Оросод хийсэн айлчлалын үеэр Медведев мэдэгдсэн шүү, нөхөд өө” хэмээн ард түмнийг айлгаж байгаа маягтай хэлж байна лээ. Өнгөрөгч оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшлийн 49 хувийг Монголын хамгийн том арилжааны банкны нэг болох Худалдаа хөгжлийн банкны “Монголын зэс корпораци” хэмээх охин компани нь 400 сая ам.доллараар худалдаж авсан билээ.

Түүнээс хойш Эрдэнэтийн 49 хувийг тойрсон маргаан үргэлжилж, бараг л хоёр жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Шулуухан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь Монголын мэдэлд шилжсэнээр Монголын ард түмэнд ямар ч ашиггүй. Тиймээс Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байгаа 49 хувь Монголын нэг компанийн мэдэлд биш Орост байх нь бараг дээр болов уу. Ингээд бичихээр Орост тал зассан, Монголоо гэх сэтгэлгүй, эх орондоо хайргүй, элэг буруу гэж хэлэх байх л даа. Хамгийн гол нь Монгол Улсад, жирийн ард иргэдийн ахуй амьдрал ямар үр өгөөжтэй вэ гэдэг үүднээс ингэж бичиж буй юм. Эрдэнэт үйлдвэр зэс молибденийн хүдрийн олборлолт баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг. Финляндын “Оутокүмпү”, Америкийн “Фелпс Дож”, Их Британийн “Brook Hunt & Asso¬ciates”, Австралийн “Бейтмэн инженеринг”, Солонгосын “Самсунг” корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн харилцаатай энэ том үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд ирнэ гэдэг сайхан.

Гэвч эдийн засгийн энэ их үр ашиг нь дан ганц Худалдаа хөгжлийн банк, “сахал” Эрдэнэбилэг гэгчид л хамаатай, Монголын ард иргэд огтхон ч хамаагүй гэж бодохоор хайран. Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энэ их эргэлтийн хөрөнгө Эрдэнэбилэг болоод түүнийг тойрсон хэдхэн гэр бүлд ашигтай. Тэд л дийлдэхийн аргагүй баяжина. Манай улсад арван хувийн ашгаа л өгөх юм байгаа биз. Түүнээс илүүг хялайлгана гэж горьдохын хэрэггүй. Харин Оростоо байвал бүр тодруулбал,600 гаруй охин компаниараа дамжуулан Орос улсын 60 гаруй бүс нутагт үйл ажиллагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолдог “Ростех” корпорацийнхаа мэдэлд байвал хамаагүй илүү ашигтай байна гэж бодоод байх юм.

“Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд ирлээ”, “Төрийн өмч хувийн өмч болоход ямагт эрүүл үр дүн гардаг”, “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэж бид баахан хөөрч давхисан. Гэвч бодит амьдрал дээр ард иргэдэд нялзах өчүүхэн ч төдий зүйл байхгүй атал алийн болгон монгол хүн авлаа гэж хөндлөнгөөс хий хоосон хөөрцөглөх юм бэ. Тэртэй тэргүй Худалдаа хөгжлийн банкныхан баян хүмүүс. Эрдэнэтийн 49 хувийг авчихаар эдийн засгийн эргэлт нь ямар болох нь мэдээж. Уг банктай холбоотой нөхдийн хүүхдүүд дэлхийн хамгийн үнэтэй, нэр нөлөө бүхий том сургуулиудад мөнгөөр зодож суралцана. Гадны орнуудад, наран шарлагын газар далайн эрэг дээр үнэтэй хаусууд худалдаж авна. Дэлхийн шилдэг сургуулийг төгссөн нэр нүүр, боловсролоороо лахайдаж Монголын улс төрийг хэдэн жил удирдах байх. Ийм л үр дүн харагдаж байгаа. Монголд үр ашигтай, иргэд өгөөжөө өгсөн зүйл харагдахгүй байна. Ер нь тэгээд монгол хүн баяжих тусам, хөрөнгө чинээтэй болох тусам ард түмэндээ тустай зүйл хийж байсан тохиолдол бараг л байхгүй дээ.

Монголд баяжсан хүн л Монголоо сөнөөж, бусдынхаа идэх хоолыг булааж авахын төлөө шунаглан дайрцгаадаг. Үр дүнд нь өнөөдөр манайд дундаж давхарга гэсэн ойлголт байхгүй болсон. Энэ бол улс орон сүйрч доройтохын гол дохио. Улс төрд шургалсан олигархиуд Монголыг ядуурлаас гаргахыг хүсэхгүй байгаа. Хөрөнгө чинээтэй цөөн тооны хэдхэн компани монополь эрхтэйгээр ноёлж Монголыг бүхэлд нь залгисан. Жирийн иргэн бизнес эрхлэн, айл өрх бүр хувийн үйл ажиллагаа явуулан аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй. Монополь эрхтэй, мөнгөтэй хэдхэн компани нийгмийн бүхий л талбарыг эзэгнэсэн. Дэлхийн брэнд гаргасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр нөлөө бүхий том компани манайд байхгүй. Тийм болохоор гадаадад худалдаа үйлчилгээ эрхэлж, гадныхны анхаарлыг татах зүйл бид хийж чаддаггүй.

Дэлхийд эдийн засгийнхаа үзүүлэлтээр тэргүүлж байгаа том гүрнүүд биднээс юм худалдаж авна гэвэл өөрсдийгөө доромжилсон болно. Манай хоёр хөрш Монголд үйлдвэрлэсэн гэвэл юу байсан ч тоохгүй. Мөнхийн ус байсан ч Монгол гэвэл авч уухгүй. Яагаад гэвэл монголчуудыг бүдүүлэг харанхуй, юм хийж сураагүй гэдгийг мэддэг учраас. Бидний үхээнц дорой, зөвхөн монголчуудаа л мөлжих гуйлгачин сэтгэлгээ хөршүүддээ хүртэл ийм үнэ цэнэгүй болсон. Яг энэ үүднээс аваад үзэхэд мөнгөтэй болсон Худалдаа хөгжлийн банк ард түмэнд наалдацтай зүйл хийнэ гэж үү. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны мэдэлд ямар ямар газрууд байгааг захаас нь дурдъя. “Монголросцветмет” компани Эрдэнэтийн 49 хувьтай хамт 100 хувь тус банкны мэдэлд ирсэн. “Монголросцветмет” компанийг “Эрдэнэт үйлдвэр”-тэй харьцуулахааргүй ч уул уурхайн салбарт жин дарах томоохон компаниудын нэг. Монголын жоншны салбарт олборлолт, экспортоор тэргүүлэгч компани. Хайлуур жоншны таван уурхайд олборлолт явуулдгаас гурав нь ил уурхай юм. Бүтээгдэхүүнээ ОХУ, АНУ, Тайланд, Тайваньд гаргадаг. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийг эзэмшдэг. Үүнээс гадна Баргилтын төмрийн хүдрийн орд, Зэрэгцээ алтны ордыг эзэмшдэг. Монголд ашигт малтмалын хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын нэг гэгддэг. Нийт 31 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас ердөө хоёр нь хайгуулынх бөгөөд Увс аймаг дахь талбайн хайгуулын дүнд 15 тонн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ хийсэн тухай компанийн вэб сайтад байдаг юм гэсэн. Үлдсэн 29 тусгай зөвшөөрөл нь бүгд ашиглалтынх бөгөөд 14 нь жоншны, долоо нь алтны тусгай зөвшөөрөл. Хамгийн том орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад байдаг Асгатын мөнгө, холимог металлын орд юм.

Худалдаа хөгжлийн банк сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаагийн гол жишээ нь “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ компаниуд билээ. Мөн Багануурын газрыг авсан гэж Ц.Нямдорж хэлж байсан.

Ер нь энэ банкны ороогүй, хошуу дүрээгүй салбар гэж байхгүй. Хэвлэл мэдээлэлд дайрч орсон. Бидний сайн мэдэж байгаагаар Америкийн Нью-Йорк хотод төвтэй дэлхийн хамгийн алдартай “Блүүмбэрг” телевизийн сувгийг Монголд оруулж ирсэн. Ийм том мэргэжлийн хүчирхэг байгууллагыг оруулж ирнэ гэдэг манай телевизийн зах зээлд асар аюултай. Монголын хэвлэл мэдээлэл байтугай монголчууд нийлээд энэ телевизийн хаана ч хүрэхгүй. Бүх л хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын байрыг булааж байна гэсэн үг. Уг телевизээр зөвхөн барууны баячуудыг л сурталчилж байдаг. Үндсэндээ барууны топ баячууд Монголын банкирууд л гарч байдаг. Түүнээс жирийн нэг иргэн гарна гэж үгүй. Тэдэнд монголчуудын ахуй амьдрал огтхон ч падгүй юм шиг харагддаг. “Бидэнтэй хамтран ажил, тэгэхийн тулд монголчууд шулуулах хэрэгтэй” гэх гадны баячуудын үзэл санааг зогсоо зайгүй сурталчилж байх шиг. Энэ нь монголчуудад маш их хор хөнөөлтэй байх нь дамжиггүй. Мөн ерээд оны сүүлээр Их хурлын тогтоолоор хаагдаж байсан “Засгийн газрын мэдээ” гэж сонинтой. Нэрнээс нь аваад үзэхээр төр засгийн сонин ч юм шиг. За тэгээд fм, цахим сайт болоод интернэт орчинд дийлдэшгүй. Худалдаа хөгжлийн банк ийнхүү уул уурхай, эдийн засгийн гол салбаруудыг хувьдаа аваад зогсохгүй, Монголын хэвлэл мэдээлэл, телевизийн зах зээлийг эзэрхийлэхийг зорьж байна. Цаашлаад сургууль, эмнэлгийн салбар руу орно. Бас л энэ салбарт хүч сорьж, бор зүрхээрээ зүтгэж байгаа бүгдийнх нь хоолыг эрх мэдэл, мөнгөөр далайлган булаан авна. Эл бүгдийг нь төр засаг мэдэж байгаа ч нүдээ аниад чимээгүй өнгөрөөдөг. Ардын иргэдийн ажлын байр, бизнес ингэж хумигдсанаар ядуурал, гуйланчлал газар аваад байгаа. Тийм болохоор мөнгөтэй, дархан эрхтэй нөхдийг улам баяжуулахын хэрэг юу байна гэх бодол төрдөг.

Мөн Оростой холбоотой ганцхан жишээ хэлье. Монгол Оросын хамтарсан төмөр зам байна. Энэ байгууллагад газраа луйвардуулсан тохиолдлыг та дуулсан уу. Төмөр замын нэртэй болгон яг л хуучнаараа урьдынхаараа бий. Яаж зүгээр байхав гээд манайхан 1000 машин зардаг газрыг аргалаад авчих санаатай байсан. Шилэн Цогоо оролдсоор байгаад төмөр замдаа буцаагаад авчихсан дуулдсан. Ингэж л эзэнтэй гэдэг нь алхам тутамд мэдрэгдэж бүх зүйл нь хоёр улсын хууль журмын дагуу явдаг. Хэрвээ төмөр зам Монголын мэдэлд бүрэн шилжсэн бол гэр хорооллын утаан дундуур айл тойроод явж байгаа. “Наад газар чинь төмөр зам тавихаар гэрээ хэлцээ хийсэн, болохгүй ээ” гэж хэлсээр байтал нэг эрх мэдэлтэй нөхөр нь газрыг нь зарчихна. Тэгээд л гэр хорооллын утаа дундуур, айлын хашаа байшин тойроод төмөр зам тавихаас өөр ямар ч аргагүй болно. Монголын бүхий л зүйл хууль дүрэм гэдгийг мэдэхгүй, ийм дампуу байдалтай байдаг. Баяжиж хөрөнгө мөнгөтэй болсон нөхдүүд нь ард түмнийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Харин ч улам л шунаглан дайрцгааж бусдынхаа бизнесийг булааж, монголчуудаа шулахыг бодно. Тийм болохоор Эрдэнэтийн 49 хувь дан ганц банкны мэдэлд бус Орост очвол арай илүү хяналттай, арай илүү татвар төлж, ард түмний амьдралд дээр юм болов уу даа гэх горьдлого төрөөд буй минь ийм учиртай. Түүнээс Монголдоо хайргүй, элэггүйдээ ингэж хэлж байгаа юм биш.

Д.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэтийн 49 хувь ард түмэнд хамаагүй, ганц ХХБ-ны мэдэлд байснаас Оростоо байсан нь дээр” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваагаригийн дугаар 20нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Шинэ Монголын утга соёлын амьдарлын салшгүй нэг хэсэг болсон Монголын урчуудын эвлэлийн 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Манай сонины танайд өнжье буланг Монголын урчууд эвлэлээс бэлдсэнийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог,баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд“Эрдэнэтийн 49 хувь ард түмэнд хамаагүй, ганц ХХБ-ны мэдэлд байснаас Оростоо байсан нь дээр” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Өнгөрсөн баасан гаригын чуулганы хуралдаан 10 цагт эхэлсэн юм. УИХ-ын чуулганы хуралдааны талаар тавдугаар нүүрэн дэх “Монгон Улсын засаг захиргаа, нутаг дэвсргэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд МАН тав хоногийн завсарлага авав” сурвалжилгаас уншаарай.

Засгийн газрын хуралдаанаар төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насны онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтас хэргийг улсын нууцаас гаргах шийдвэрийг гаргасан билээ. Энэ талаар баримт үйл явдлын долоодугаар нүүрэн дэх “С.Зоригийг хөнөөсөн хэрэг улсын нууцаас гарснаар захиалагч нь ерөнхийдөө тодорхой болох уу” сурвалжилгаас хараарай.

йл явдлын XI нүүрнээс “Арилжааны банкууд охин компанитай байж болохгүйг монголчууд яс махандаа шингэтэл ойлголоо” сурвалжилгыг үзээрэй.

“Гоёл-2018” наадмын “Ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр шалгарсан М.Болорхишигтэй хийсэн ярилцлагыг XII хүлээн аваарай. Тэрээр “Гоёл наадам цаашдаа хүрээгээ улам тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг болоосой“ гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *