Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон баривчилгаа эзнээ олоогүй гэв үү? DNN.mn

“Эрдэнэс Таван толгой” компанийг тойрсон баривчилгаа нэлээд анхаарал татаж байна. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлсний маргааш нь компанийн гол албан тушаалтай хоёр хүнийг АТГ-аас баривчлан саатууллаа. Тэд бол “Эрдэнэс Таван толгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нар. АТГ-аас Х.Нурлатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Х.Нурлатын хувьд ШУТИС-ийн ЭХИС-ийн цахилгаан, системийн инженер мэргэжилтэй бөгөөд Шубаркаль компанид уулын инженерээр ажлын гараагаа эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой” ХК-д сүүлийн зургаан жил ажиллажээ.

Харин Б.Отгонжаргал нь тус компанид жил гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн.

Тэрээр өмнө нь УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ХХАХҮЯ-нд албаны дарга, БСШУЯ-нд хэлтсийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүнийг мөн албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуулийнхан буруутгаж, албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ. Нэгжлэгийн үеэр их хэмжээний бэлэн мөнгө, эд мөрийн баримтуудыг хураасан байна. Түүнээс гадна “Бенз жи-500” загварын автомашиныг нь битүүмжилжээ. Б.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон баривчилгаа үүгээр дуусахгүй бололтой. Шийдвэр гаргах түвшний нэр бүхий хоёр албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд ойрын хугацаанд баривчилж болзошгүй гэнэ. Үүнээс гадна хэд хэдэн хүнээс АТГ-ын мөрдөгчид тайлбар мэдээлэл авсныг эх сурвалж хэлэв.

Хуулийнхны энэ удаагийн баривчилгаа нь “Эрдэнэс Таван толгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, оффтейк гэрээний асуудал хөндөгдөхтэй давхацсан нь олон нийтийн анхаарлыг төрүүлээд байгаа. Албаны эх сурвалжийн мэдээллээр дээрх баривчилгаа нь оффтейк гэрээтэй хамааралгүй гэж байв.

Өөр нэг эх сурвалж “Эрдэнэс Таван толгой” компанид олон жил бугшсан нүүрсний наймааг илрүүлэх эхлэл болж байна. Гэвч гол эзнийг шалгаж эхлээгүй. Тойрсон хүмүүсийг нь шалгах нэрээр Засгийн газраас тогтоосон онц дэглэмийн хугацааг өнгөрүүлж мэдэхээр байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *