Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний дэд сайд олон улсын хуралд ерөнхий илтгэгчээр оролцлоо DNN.mn

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Бангкок хотноо үргэлжилж буй“Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх сайд нарын бага хурал”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзав. Монгол Улс энэ удаагийн бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, идэвхтэй байр суурь илэрхийлж байгааг хатагтай Армида Алисжабана тэмдэглээд, бага хурлын үеэр “Саадгүй, тогтвортой холболтыг хангах замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” асуудлыг хэлэлцэхэд ерөнхий илтгэгчээр ЭХ- ний дэд сайд М.Баярмагнай оролцож буйд талархал илэрхийлэв.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн тогтвортой эрчим хүчний талаарх 7 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн улс орнуудад бодлогын зөвлөгөө өгч, эрчим хүчний хүртээмж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх талаар судалгаа хийж, сургалт зохион байгуулж ирсэнд дэд сайд М.Баярмагнай талархал илэрхийлжээ.

Тус комиссын эрчим хүчний хэлтсээс “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн тогтвортой эрчим хүчний талаарх 7 дугаар зорилтыг гишүүн улс орнууд хэрэгжүүлэх үүднээс “Үндэсний замын зураглал” төслийг Монголд хэрэгжүүлэхээр болсныг сайшаав. Энэ төслийн дүнд эрчим хүчний салбарын хэтийн төлөв, эдийн засаг, нийгэм, санхүүгийн үр дагаварын хамт тооцоолж, хэрэгжүүлэхэд манай Засгийн газар илүү үндэслэлтэй шийдвэр гаргахыг дэмжинэ гэж найдаж буйгаа дэд сайд М.Баярмагнай онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *