Энэтхэгт хур бороо багассаны улмаас тариалалтад саад учирчээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн цагаан будааны хамгийн том экспортлогч орон экспортоо хязгаарлав. Тодруулбал, талбайд хатаах, тээвэрлэх, тээрэмдэх явцад бутарч үйрсэн будааны хэлтэрхийг экспортлохыг хориглож, хэд хэдэн төрлийн цагаан будааны экспортод 20 хувийн татвар ногдууллаа. Энэ хязгаарлалт өчигдрөөс /2022.09.09/ эхлэн хэрэгжив.
Энэтхэг улс дэлхийн 150 гаруй оронд цагаан будаа экспортолдог. Энэ нь нийт цагаан будааны тээвэрлэлтийн 40 гаруй хувь юм. Хэрвээ тээвэрлэлтийг бууруулбал хэдийнэ туйлдаа хүрээд буй хүнсний үнийг улам өсгөх эрсдэлтэй. Татварыг нэмэгдүүлснээр худалдан авагчид Энэтхэгээс татгалзаж, Тайланд, Вьетнам руу хошуурч болзошгүй аж. Түүнээс гадна Пакистан, Мьянмар гэсэн өрсөлдөгчид бий.
Бутарч үйрсэн будааг Африкийн цөөн хэдэн ядуу орны хэрэгцээнд зориулан импортолдог. Тэгвэл шинэ хязгаарлалтын дагуу бутарсан будааны экспортыг бүрэн хориглов. Харин татварын хувьд Энэтхэгийн экспортын 60 гаруй хувийг бүрдүлдэг цагаан, бор будаанд хамаарах аж.
Баруун Бенгал, Бихар, Уттар Прадеш зэрэг цагаан будаа үйлдвэрлэдэг гол мужуудад дунджаас бага хэмжээний хур тунадас орсон. Ирэх саруудад экспорт хамгийн багадаа 25 хувиар буурна гэж Энэтхэгийн цагаан будаа экспортлогч Сатям Балажее компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Тус улс цагаан будаанаас гадна улаан буудайн экспортыг хэдийнэ хориглож, элсэн чихрийн тээвэрлэлтээ хязгаарлаад буй.
Энэтхэгийн цагаан будааны экспорт 2021 онд 21.5 сая тонн хүрсэн нь дэлхийн дээд амжилт болсон юм. Тайланд, Вьетнам, Пакистан, АНУ гэсэн дөрвөн улс нийлээд ч энэ тоонд хүрч чадаагүй аж.