Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 21-нд Зулын 25, Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ой тохионо


Энэ сарын 21-нд өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу монголчуудын нэрлэж заншсанаар Зулын 25-ны билэгт сайн өдөр тохиож байна. Мөн Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ой давхар тохиож буйгаар ихэд бэлгэшээлтэй үйл явдал болж байгаа юм. Энэ бэлгэшээлтэй өдрийг тохиолдуулаад Жадо Ринбүчи багшийн айлдварыг сүсэгтэн олон та бүхэнд хураангуйлан хүргэж байна.

Богд лам Зонхов нь Бурхан багшийн бошгын дагуу бол Манзушир бодьсадвын хувилгаан ажээ. Богд лам Зонхов эхийн хэвлийд оршсон, лагшин мэндлэхэд нь гарсан олон сонин гайхамшигт шинж тэмдгийг ярихаа орхиё. Хамгийн гайхамшигтай нь юу байсан бэ гэвэл Богд Зонхов багаасаа хорвоогийн жамыг мэддэг, хорвоогийн юмс шимгүйг ухаардаг хүүхэд байжээ. Бид нар төрөлхөөсөө таван мэдрэхүйд буюу сайхан дүрс, дуу, амт, үнэр, хүрэлцэхүйд шунаж байдаг. Харин Богд Зонхов багаасаа хэн ч зааж тайлбарлаагүй атал таван мэдрэхүйд шунадаггүй, түүнийг шимгүй, хоосон гэдгийг ойлгодог байсан нь үнэхээр гайхамшигтай. Богд лам Зонхов эглийн дүрээр төрсөн боловч эгэл биш төрөлхтөн гэдгийн суурь баталгаа нь тэр юм. Богд лам Зонхов номыг ёс төдий сураагүй бөгөөд Бурхан багшийн аман зарлиг Ганжуур, цаашлаад Энэтхэгийн Нагаржуна тэргүүтэй мэргэн бандида нарын Ганжуурт хийсэн тайлбар зохиолууд болох Данжуур, ер нь тухайн үед Төвдөд байсан ном судруудыг маш гүнзгий няхуур үзэн судалж, харьцуулж хянасан байдаг. Яг л өнөө үеийн шилдэг профессорууд олон ном зохиолуудыг хооронд нь харьцуулан шүүж, үзэж судлаад, түүндээ түшиглэн судалгааны бүтээлүүд, шүүмж бүтээлүүд гаргадаг шиг. Түүгээр ч зогсохгүй сурч мэдсэнээ гарын авлага болгох (практик дээр батлах) буюу бясалгал бүтээл хийж, онол практик хосолсон эрдэм олсон нь бас л сонин гайхамшигтай. Энэтхэгийн эрдэмтэн Нагаржунагийн зохиосон ном бүтээлүүдийг үзэж байхдаа үг бүрийн номын утгыг дэлгэрэнгүй тайлбарлан тэмдэглэдэг, ном зүй хийдэг байж. Тэр үед ийм зүйл хийдэг Богд лам Зонхов шиг эрдэмтэн, лам бараг байгаагүй байх. Зохиосон номныхоо тоогоор бол Богд лам тийм ч гайхмаар биш, 18 боть ном л зохиосон. Төвдөд Пөтэн, Подон гэж хоёр Гэгээн байсан. Пөтэн гэгээн гуч, дөчин боть ном зохиосон бол Подон гэгээн 100 гаруй боть ном зохиосон гэдэг. Богд ламын зохиосон ном ердөө 18 боть ч чанарын хувьд харьцуулшгүй сайн юм. Яагаад гэвэл “Хоосон чанарыг би ингэж ойлгож авлаа, хоосон чанарын ийм эрдэмтэй боллоо” гэх мэт зөвхөн онолын мэдлэг төдийхөн өнцгөөр биш, харин онолын эрдмээ практик дээр баталсан хос мэдлэгийн үүднээс эх сурвалжид тулгуурлан номоо бүтээлээ туурвисанд байгаа юм. Богд лам Зонхов 100, 120 наслаагүй, ердөө 62 насалсан. Тийм боловч энэ богино хугацаанд санаанд багтамгүй их зүйлийг судалж мэдэж, хийж бүтээсэн байдаг. Таалал төгссөнөөс нь хойш өдгөөг хүртэл Богд ламынх шиг тийм гүн гүнзгий тайлбартай, чанартай ном бүтээлүүд гараагүй. Мөн таалал төгсөхдөө тарнийн ёсны төгсгөлийн зэргэмжийг бясалгаж, гэгээн гэрлийг барьж, төгс гэгээрсэн юм. Номонд хэрхэн шамдсан нь үнэхээр гайхамшигтай, түүнчлэн Буддын ном бүтээлүүдийг хооронд нь утгын хувьд ч, орчуулгын хувьд ч харгалдуулан хянан шүүж, тайлбар зүүлт хийсэн нь ч гайхамшигтай, түүнээс ч илүүтэй энэ бүгдийг анхааран авч онолд суурилсан практик эрдэм олсон нь бүр ч гайхамшигтай. Богд ламын үндэслэсэн гэлүгба урсгал буюу шарын шашны тухайд ярихад, мөнхрөх, тасрах хэмээх хоёр халилд уналгүй төв үзлийг үнэн зөв тайлбарласан байдаг. Яаж ингэж төв үзлийг яг үнэн зөвөөр тайлбарлаж вэ гэхээр Энэтхэгийн алдарт мэргэн бандида нар болох Нагаржуна гэгээн, Чандракирди, Аръяандэв гэгээн нарын бүтээсэн төв үзлийн номуудыг хооронд нь харьцуулан судалж, нарийн дүн шинжилгээ хийсэн байдаг. Иймд бид Богд лам Зонховын ачийг бас эрдмийг санаж залбирч байх нь чухал.

-Монголчууд яагаад Богд Зонхов хэмээх төвд хүний үндэслэсэн гэлүгба буюу шарын шашныг авах болов?

-II Далай лам Содномжамцыг Монголын Алтан хан урьсан. Тэр хоёр Монголд уулзсан. Ингээд III Далай лам эрдэм, энэрэл төгс дээд төрөлхтөн гэдгийг батлан мэдсэн Алтан хан болон ард иргэд, улаан сахиус түүний нөхөр сэлт, газрын эзэд, лус савдаг бүгд III Далай ламд шавь орсон. Ингэж XVI зуунд Монголд шарын шашин анхлан дэлгэрсэн ба III Далай ламын айлдсан Бодь мөрийн зэргийн “Тунгаамал алт” хөтөлбөрийг анхааран авч эрдмийн оргилд хүрсэн олон лам хуваргууд гарсан. “Тунгаамал алт” бол маш их адистидтай ном гэж монголчууд шүтдэг болсон. Яагаад гэвэл Бодь мөрийн зэргийн “Тунгаамал алт” хэмээх хөтөлбөр, тайлбарыг III Далай лам Монголчуудад зориулан зохиосон юм. Түүнийг монголчууд цээжилж, утга аньсыг нь бясалгаж, эш онолын эрдэм олсон төрөлхтөнүүд зөндөө олон төрөн гарсан. Монголчууд Богд Зонховын зохиосон Бодь мөрийн зэргийг анхааран авч бясалгаад эрдэм онолыг олж үр дүнг нь үзсэн энэ шалтгаанаар Богд Зонхов, түүний үндэслэсэн гэлүгба буюу шарын шашныг хүлээн авч ард нийтээрээ шүтэх болсон юм. Цаашлаад анхдугаар Богд Жавзандамба хутагт өндөр Гэгээн Занабазар эхлээд IX дүр хүртэлх бүх Богд Жавзандамба хутагтууд шарын шашин шүтдэг, Богд Зонховын ном бүтээлийг үзэж судалдаг байсан. Түүнчлэн Гунгаачойлин, Дашчойнпил, Идгаачойнзинлин хэмээх чойрын гурван дацан, Зүүн хүрээ бүгд Богд Зонховын ном бүтээлийг үзэж судалдаг. Ийм учир Монголын соёл, ёс заншил, зурхай, уламжлалт анагаах ухаан, гүн ухаан бүгд шарын шашинтай машид нарийн уялдаа холбоотой. Өнөө үед ч монголчууд Богд лам Зонховд мөргөж, залбирдаг хэвээрээ. Энэ жил Богд лам Зонховын жанч халсны 600 жилийн ой тохиож байна. Бид бүгдээрээ Богд Зонховтой номоор шүтэн барилдсан.

-Богд Зонховыг монгол удамтай хүн гэж монголчууд бид ярьдаг. Таны бодол?

-Тийм яриа байдаг. Богд Зонховын эцгийг Лүмбүгэ, эхийг Шинса-Ачой гэдэг байсан. Лүмбүгэ гэдэг монгол язгуур бий гэдэг. Яагаад гэвэл Богд Зонховын мэндэлсэн Түвдийн Амдо нутгийн (Hөх нуурын) Зонха гэдэг газар монголчуудтай маш их холбоотой, (монголчууд олноор суурьшсан) ялангуяа өвөр монголчуудтай нарийн холбоотой. Тиймээс Богд Зонховыг гарцаагүй монгол язгууртай гэж бодож байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *