Categories
мэдээ цаг-үе

Энэ жил 126 мянган тонн ургац алдах төлөвтэй байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өчигдөр хүлээн авч уулзан зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар санал солилцсон юм. Уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

Төрийн тэргүүний зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж буй шалтгаан нь улс орны хэмжээнд гантай нутгууд маш их байгаа тул өвлийн бэлтгэлжилт ямар байгаа талаар мэдээлэл авах гэдгийг хэлсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ жил ургац алдах мэдээлэл байна уу. Тариа хураалт яахаар байна. Компаниудтай уулзав уу, гурилынхаа үнийг алдчихлаа. Зуд болох яриа түлхүү яриад эхэллээ. Сая түймэр гарсны дараа араас нь ажилласан шиг биш асуудлыг урьдчилан ярих гэсэн юм. Хөдөө аж ахуйн салбар онцлог салбар тул мэдээлэл авах гэсэн юм” гэлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Ерөнхийлөгчид мэдээлэхдээ “Манай орны хувьд зуншлага нэлээд оройтож, нийт нутгийн 60 хувь нь гандуу, 20 хувь нь гантай, 20 орчим хувь нь зуншлага сайхан байна. 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 28-ны өдөр тогтоол гарсан. Тогтоолыг 21 аймаг, нийслэлд хүргүүлж нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна” гэв.

Энэ жилийн хувьд хур багатай гандуу байгаагийн зэрэгцээ хадлан тэжээл хомс байх магадлалтай тул дээрх тогтоолын хүрээнд хадлан бэлдэх ажлын хүрээнд Засгийн газраас 700 сая төгрөгийг аймгуудад хүргүүлээд байгаа юм байна. Өнгөрөгч долдугаар сарын 27-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 21 аймгийн удирдлага, Хөдөө аж ахуйн газрын дарга нарыг байлцуулан цахим хурал хийж мэдээлэл авчээ. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хадлан тэжээлийг бэлдэх, махны худалдаа борлуулалтыг дэмжих чиглэлээр аймгийн Засаг дарга нар болон газрын дарга нарт үүрэг өгөөд байгаа аж. Яамны зүгээс бүх аймагт очиж ажиллах даалгаврыг газрын дарга нартаа өгөөд ажиллуулж байгаа гэдгийг П.Сэргэлэн сайд онцолсон юм. Тэрбээр ургац хураалтын тухайд “Монгол Улсын хэмжээнд 517 мянган га-д төмс, хүнсний ногоо, тосны ургамал, улаанбуудай тариалснаас 367 мянган га-д нь улаанбуудай тариалсан” гэв.

Энэ оны тухайд өмнөх оноос 5000 га-гаар ахиу улаанбуудай тариалаад байгаа юм байна. Улаанбуудай тариалалтын бэлтгэл ажлыг дэмжих чиглэлээр ажлын хэсгүүд гарган бүс нутгуудад ажиллуулжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өгдөг бүхий л дэмжлэгүүдийг олгосон гэдгийг хэлж байв. Салбарын яамны зүгээс энэ жил хүнсний ногоо тариалагчдаа бодлогоор дэмжиж эхэлсэн байна. Тэр утгаараа улсаас өгдөг дэмжлэг, тусламжид хамруулж эхэлснийг салбарын сайд онцоллоо. П.Сэргэлэн сайдын хэлснээр “Хүнсний ногоо эрхлэгчид дотоодын хэрэгцээнийхээ 40-50 хувийг хангаж байгаа бөгөөд энэ жил мөн энэ хэмжээний ургац авахаар тооцож байгаа. Гэхдээ үр тарианы нийт ургацынхаа 40 орчим хувийг алдах нөхцөл бүрдээд байна. Саяхан Үр тариа эрхлэгчдийн холбооныхонтой уулзсан. Эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс, ахмад тариаланчид, яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн дөрвөн ажлын хэсэг гарч голлох дөрвөн бүст ажиллах гэж байна. Түүнчлэн мал аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлдэх мөн дөрвөн ажлын хэсэг гарч наймдугаар сарын 7-нд илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно” гэлээ. Үр тарианыхаа 40 хувийг алдана гэдэг нь 70 мянган га-гийн ургац алдана гэсэн үг. Тиймээс ургац алдсан талбайн ургамлыг тэжээлд шилжүүлэх боломжтой юм.

Манай орны ургацын дотоодын жилийн хэрэгцээ 320 мянган тонн байдаг ч 240 мянган тонн гурил бэлдэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юм байна. Энэ жилийн тухайд 126 мянган тонн ургац алдах төлөвтэй байгаа тул ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай холбогдож хадлан бэлтгэх, үр, улаанбуудайн асуудлаар санал солилцжээ.

Харин малчдын хувьд 2991 малчин 9.2 сая малтайгаа өөр аймгийн нутагт отор хийх гэнэ. Долдугаар сараас хойш бороо хур сайтай байгаа тул газрын гарц нэмэгдэж, бэлчээрийн даац харьцангуй гайгүй байх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч бэлчээрийн хадлан салбарынхны сэтгэлийг зовоож байгаа асуудлын нэг болжээ. Дорнод, Сүхбаатар зэрэг аймгууд нь Монгол Улсын хадлангийн 90 хувийг хангадаг бол Засгийн газрын тогтоолоор өвс, хивэгний экспортыг хориглосон гэдгийг хэлж байсан юм. Яамны зүгээс ган гачигтай холбоотойгоор малчдынхаа малыг борлуулах тал дээр анхаарал хандуулан ажиллаад эхэлжээ. Энэ хүрээнд Иран улсад 6000 тонн мах экспортлох гэрээ байгуулан ажиллаж байгаа бол Вьетнам улсад ямааны мах экспортлож байгаа аж. ОХУ, Казахстан, Катар зэрэг улсуудад мах экспортлож эхэлсэн бөгөөд Иран улсын зүгээс долоо хоногт 4000 тонн мах авах санал ирүүлсэн ч манай орны махны үйлдвэрүүд хамтраад ч долоо хоногт энэ хэмжээний мах нийлүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байх юм. Салбарын сайдын зүгээс ажлын хэсэг гаргуулан ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүс долоо хоногт хэдэн тонн мах бэлтгэх боломжтой талаар судалж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар тодруулахад П.Сэргэлэн сайд “Онгоцоор тээвэрлэж байгаа. Онгоцныхоо асуудлыг худалдан авч буй тал, худалдан борлуулж байгаа талууд гурвалсан гэрээ хийж байж шийднэ” гэсэн юм. Одоогийн тухайд авто машинаар экспорт хийж байгаа нь хэд хэдэн орны хил дамжин явах нь түвэгтэй байгаа ч ОХУ-ын тээврийн компани тээвэрлэлтийг хийж байгаа” гэдгийг хэлж байв. Иран улс руу экспортлож буй нэг кг мах 3.8 ам.доллар бол БНХАУ руу экспортлоход 1.61 ам.доллар байгаа тул Иран улс руу цаашид экспортлох боломжтой гэлээ. Махны холбоодтойгоо ярилцан боломжит нөөцөө тодорхойлоод энэ сарын дундуур П.Сэргэлэн сайд Иран улсад айлчилж махны экспортын гэрээг байгуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийг сонсож байгаад “Бид ийм үед ганцхан ОХУ руу ханддаг. Эхнээс нь хурдан гэрээ хэлцээгээ хийхгүй бол сүүлд нь асуудал үүсдэг. Одоо хэчнээн бороо ороод ч 40 хувийн ургац алдах байдал багасахгүй. Улаанбуудай, гурил, махны үнэ, хадлангийн асуудлаар дахиад л бид ОХУ руу хандана. 700 сая төгрөгөөр хэчнээн тонн хадлан, хаанаас бэлдэх юм” гэхэд П.Сэргэлэн сайд “Манай орны бүх нутаг хадлангаа алдчихсан юм биш. Бид газар дээр нь танилцаж байгаа. Бороо хур орсонтой холбоотойгоор хадлангийн гарц өтгөрөх боломжтой болж байна” гэдэг хариулт өгсөн юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Манай хадлангаа авсан хүмүүст тусламж хүрдэггүй, хадлангаа аваагүй хүмүүс нь тусламжид хамрагдан хождог тал бий” гэдгийг анхааруулаад нэг кг гурилын үнэ 1000 төгрөгөөс давчихсан байгааг анхааруулав. Өмнө нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн үндсэн хэд хэдэн бараа бүтээгдэхүүний үнийг барьсан ч улс төржүүлсэн. Тиймээс салбарын голлох яамны хувьд саналаа тавих хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Иран руу мах экспортлох асуудал дээрээ онцгой анхаарахгүй бол энэ мэтчилэн явж байгаад зогсчихдог гэдгийг сануулав. Түүнчлэн Вьетнам руу мах гаргахад тээврийн асуудал хүндрэлтэй гэдгийг хэлээд БНХАУ-ын нутгаар транзит явах асуудал бараг байхгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлж байлаа.

Мөн тэрбээр “Манай орны хувьд долоо хоногт 4000 тонн мах бэлтгэж Иран руу экспортлох хэцүү ч бог мал ихтэй тул зохион байгуулалттай ажиллаж чадвал нөөц их бий” гээд махны холбоод хоорондоо нэгдэн ажиллаж байгааг сонирхоход П.Сэргэлэн сайд “Махны холбоод нэгдэж чадсан” гэдэг хариулт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Яаралтай энэ бүхэн дээр арга хэмжээ авахгүй бол юу юугүй аравдугаар сар гарч анхны цас орно. Хөдөө аж ахуйн салбар дээр хэлсэнчлэн онцлогтой салбар тул миний зүгээс юу хийх боломжтой байна вэ гэдгийг тодруулахаар уулзаж байгаа юм” гэдгийг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Гурил, махан дээр ямар бодлого явуулах гэж байна вэ. Тухайлбал, гурилын үнэ дээр” хэмээн тодруулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Бид ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай холбогдсон. ОХУ-ын Барнаул, Алтайн хязгаараас гурил импортлох санал тавьсан.

Ургац хураалтын улсын комиссын дүн гарсны дараа хэр хэмжээнд авах мэдээллийг өгөхөөр болсон. Хадлан өвсний тухайд ч мөн бид саналаа тавьсан. Цаашид бид газар тариалангийн салбараа усжуулалттай болгох тал дээр анхаарал тавьж байгаа. БНХАУ-ын 24.5 сая ам.долларын тусламжийн хүрээнд усжуулалтын асуудлаа шийднэ. Аж ахуйн нэгжүүд ч мөн адил саналаа тавьж байна. Хэдийгээр ийм гантай байгаа ч усжуулалтын системтэй газруудаасаа бид ургац алдахгүй. Тиймээс цаашид энэ чиглэлд бодлогоо бариад явбал гурилын үнэ тогтвортой байх боломжтой” гэсэн юм. Түүнчлэн Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын мах, сүүг борлуулах тал дээр анхаарч, дэмжиж байгааг онцолсон юм.

Төрийн тэргүүн Х.Баттулга “Өмнө нь би Хөдөө аж ахуйн сайд байхдаа салбарын бодлогыг гаргаж байсан. Монгол Улсын хөдөө аж ахуйн бодлого атал нөгөө намын хүний хийж байсан ажил гэсэн утгагүй зүйл ярьдаг. Хүн, нам нь солигдож болно. Малчин, мал хоёр солигдохгүй юм. Хөдөө аж ахуйн биржийг ажиллуулаад ямар сайхан болгож байв. Арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийлгэсэн. Үүнийг ярьж байгаа хүн алга. Мэдээж яам бодлогын хувьд махны экспортыг дэмжих байх. Өөрсдөө мал тууж ирээд нядлаад зарна гэж байхгүй. Бодлогын энэ зүйл нэг жилийн хугацаанд ерөөсөө сонгогдсонгүй. Хүнсний ногоочдын өмнө тулгамдсан гол асуудал зоорь. Мөн хүлэмжийн аж ахуйд Чингис бондоос нэлээд мөнгө зарцуулсан. Тэр мэдээнүүд яаж нэгтгэгдэж байна вэ. Энэ ямар түвшинд байна вэ. Бид нутаг дэвсгэрийнхээ нэг хувь хүрэхгүй газар хадлан, тариалан эрхэлдэг. Тариалалтын тал дээр 100 хувь усжуулах бүрэн боломжтой. Өмнө нь хийсэн бодлогыг үргэлжлүүлээрэй” гэхэд П.Сэргэлэн сайдын зүгээс “Ажил аваад өмнө хийж хэрэгжүүлж байсан бодлогын ажлыг хэрэгжүүлж байгаа” гэдгийг онцоллоо. Х.Баттулга Төрийн тэргүүн Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстойг сануулаад “Гуравхан сая хүнтэй ийм баян орон дандаа ядарсан зүйл ярьдаг байж болохгүй. Хүнсний ногоог урдаас авахыг 100 хувь зогсоох хэрэгтэй гээд бодлогыг гаргасан байгаа. Хөдөө аж ахуйн бодлого хүн, нам нь солигдсон ч явж л байх ёстой” гэдгийг хэлснээр уулзалт өндөрлөлөө.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *