Categories
мэдээ нийгэм

Эмийн зохистой хэрэглээний аян эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд эмийн зохистой хэрэглээнд нэгдсэн хяналт шалгалт хийсэн тухайгаа өчигдөр мэдээлсэн юм. Эл хяналтаас үндэслэн өнөөдрөөс эхэлж оронд даяар эмийн зохистой хэрэглээний аянг зохион байгуулахаар болжээ.

Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхт аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэхэд сургах, эмийг жороор олголтыг сайжруулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах аж.

Мөн Эрүүл мэнд спортын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Эм холбоо” ТББ, иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран сэдэвчилсэн нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дотоодын үйлдвэрийн антибиотик эмийг 100 хувь, импортын эмийг түүврийн аргаар сонгон авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд хийсэн шалгалтад нийт 32 эмийн үйлдвэрийн 83,3 хувь, эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90,4 хувь, 1688 эмийн сангийн 25-30 хувийг тус тус хяналт шалгалтад хамруулахад дараахь зөрчил илэрчээ. Тухайлбал, 27 эмийн үйлдвэрийн зах зээлд нийлүүлсэн давхардсан тоогоор 1176 нэрийн эм биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, 52,2 хувь нь шаардлага хангасан эмийн лабораторигүй, 91 хувь нь үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдлын судалгаа хийлгээгүй байсан аж.

Харин улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын явцад 3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь эмийн хадгалалтын горим зөрчсөн, 57,5 хувьд тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан зэрэг дутагдлууд илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *