Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Алтангэрэлийн Дагвацэрэн

(1945-2022)

Бидний энхрий хайрт
аав, анд нөхөр, шилдэг мэргэжилтэн Алтангэрэлийн Дагвацэрэн хүнд
өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. А.Дагвацэрэн нь 1945 онд
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг болох Дулааны энгэрт малчин ард
Алтангэрэлийн гэр бүлд төрж тус сумын 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Иркутск
хотын Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетэд суралцаж уулын
инженер-геофизикч мэргэжил эзэмшсэн. Уул уурхайн салбарт тэрээр 50 жил ажиллахдаа
нэг ч удаа суурин алба хашаагүй, хээрийн геологи хайгуулын ажилд тасралтгүй
ажиллаж судалгааны ажлыг зохион байгуулан, удирдан ажиллаж байв. Ажиллах
хугацаандаа олон арван орд газар илрүүлэн нээж, эх орондоо хувь нэмрээ оруулсан
гавьяатай хүн билээ. Тухайлбал, 1978 онд Оюу толгойн зэсийн илрэлийн районд
хийсэн геологи-геофизикийн судалгаа, 1980 онд Таван толгойн чулуун нүүрсний
ордын районд хийсэн геофизикийн судалгаа, Баян-Эрхэтийн битумын илрэлд хийсэн
геофизикийн судалгааны ажил, 1989 онд Тамсагийн Хотосын геофизикийн комплекс
судалгааны ажил, 1988-1991 онуудад Хэрлэн голын сав газрын Нялгын хөндий,
Төгрөг Дэлгэрхаан, Баянбулагийн хотгоруудад хийсэн нефтийн судалгааны
геофизикийн ажил, 1999 Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Өлтийн талбайн
Хүрэн хошуу, Цагаан толгойн сайрын алтны ордын хайгуул гэх зэрэг олон ажлуудыг
удирдан гүйцэтгэсэн. Эдгээр орд газруудаас ихэнхи нь үйлдвэрлэлд нэвтрэн Монгол
Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Таван толгойн
ордын хайгуул хийж байх он жилүүдэд нүүрсний эрлийн ажил явуулж ордын зүүн талд
Бор толгойн, ордоос хойш Ухаа худагийн нүүрсний илрэлийг анх тогтоож хайгуулд
шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид үр өгөөжийг нь
хүртсээр байгаа билээ. А.Дагвацэрэнгийн нөр их хөдөлмөрийг төр засгаас өндрөөр
үнэлж “Тавдугаар таван жилийн гавшгайч”, “Тэргүүний геологич”, “Хөдөлмөрийн
хүндэт медаль”, төрийн шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж урамшуулсан юм. Мөн
тэрээр өөрийн замналаар худал хуурмаггүй таван зөв хүнийг нийгэмдээ төрүүлж,
өсгөсөн өрх толгойлсон эцэг хүн. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигтээ
сайн сайхны төлөөх уйгагүй тэмцэл, сурч мэдэх хүсэл тэмүүллийн эх булаг байлаа.
Та минь эцсийн мөчөө хүртэл танин мэдэх, судалж дүгнэх ажил хийж байсан нь үр хүүхэд,
хойч үедээ үнэлж баршгүй үлгэр дуурайлал боллоо.

Та минь хөх тэнгэртээ амар
амгалан нойрс доо. Ум сайн амгалан болтугай.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хороо, Монголын геологийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Дорнод Монголын хайгуулчдын холбоо, Геологи-Уул уурхайн салбарын ахмадын холбоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *