Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

ЛУВСАНДАШИЙН ДАШДОРЖ

(1961-2024)

Бидний хайрт аав, халамжит хань, өвөө, ах, дүү, дотнын найз, эрхэм хүн, төрийн зүтгэлтэн, эдийн засагч Лувсандашийн Дашдорж 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Дашдорж нь 1961 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Сэдгочоогийн Лувсандаш болон Цагааны Дуламсүрэнгийн гэр бүлд отгон хүү нь болон мэндэлжээ. Тэрээр 1969-1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцаж төгссөн. 1979-1984 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцан хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийг эзэмшиж, 1994-1995 онд Японы Сайтамагийн Их сургуульд суралцаж эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан. Л.Дашдорж нь ажил хөдөлмөрийн гараагаа Сангийн яамнаас эхлүүлсэн бөгөөд 1984-1992 онд тус яамны Улсын нэгдсэн төсвийн газарт мэргэжилтнээр, 1992-1994 онд тус яамны Валют, эдийн засгийн газарт эдийн засагчаар, 1994-1996 онд Төрийн сангийн газарт ахлах эдийн засагчаар, 1996 онд Төсвийн бодлогын газарт Төрийн сангийн хэлтсийн даргаар, 1996-2000 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан. Тэрээр 2000 оноос “Галт Гарьд” санхүүгийн зөвлөх компанийн ерөнхий захирлаар ажиллажээ. Л.Дашдорж нь 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн сахилга батыг сахиулах, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжсэн томоохон хууль, санаачилгуудыг хариуцан ажилласан юм. Үүнд, 2011 онд шинэчлэн батлагдсан Төсвийн тухай хуульд иргэдийн оролцооны талаар тусгайлан тусгаж, Орон нутгийн хөгжлийн сан байгуулах тогтолцоог бий болгосноор иргэд төсвийн төлөвлөлт, шийдвэр гаргалтад шууд оролцох, улмаар төсвийн төвлөрлийг бууруулах, иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй байв. Мөн улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг ил тод болгож, олон нийтийн хяналтыг тогтоох зорилготой Шилэн дансны тухай хуулийг санаачлан 2014 онд батлуулж байсан бол Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг ахалж, байгалийн баялгаас үүсэх орлогыг хуримтлуулах замаар ирээдүй хойч үедээ өвлүүлэх тогтолцоог бий болгосон уг хууль нь 2016 онд батлагдсан юм. Талийгаачийн Монгол Улсын хөгжил дэвшил, төсөв, санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөр, шулуун шударга, эелдэг нөхөрсөг, хошин зан чанар, гэр бүл, найз нөхдөө эрхэмлэсэн амьдрал нь бидний сэтгэлд үүрд санан дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон

 

 

One reply on “ЭМГЭНЭЛ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Чонос овогт

Хөөдөөгийн ЭРДЭНЭБААТАР

/1970-2018/

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Монголын яруу найргийн нэгэн тод од Хөөдөөгийн Эрдэнэбаатар 2018 оны 03-р сарын 08-нд таалал төгсөж, үзэг нэгт бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.

Х.Эрдэнэбаатар 1970 онд Ховд аймгийн Дуут сумын “Шар ламын өвөлжөө”-нд малчин ардын гэр бүлд төржээ. 1978-1988 онд Ховд аймгийн Дуут сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1996 онд Жамъянгаравын нэрэмжит “Дорно Дахины Утга Зохиолын Дээд сургууль”-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

1990-1992 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, аймгийн анхны чөлөөт хэвлэл “Оргил” сонинд тусгай сурвалжлагч, 1996-1998 онд Ховд аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны салбар зөвлөлийн тэргүүлэгч, 1998-2000 онд Ховд аймаг дахь “Баруун Монгол Нийгмийн ухааны дээд сургууль”-ийн захирал, Ховд аймгийн ЗДТГ-ын нийгэм, соёл хариуцсан мэргэжилтэн, Ховд аймгийн орон нутаг судлах музейн даргаар тус тус ажиллаж байв. Мөн “Баруун монголын Соёлын өвийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Алтай” салбарын тэргүүн, МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт албуудыг хашиж байв.

Монголын мөнгөн үеийн яруу найргийн гол төлөөлөгч Х.Эрдэнэбаатар нь “Сарны жим” яруу найргийн анхны шүлгийн түүврээрээ их утга зохиолд орж ирж, яруу найргийн “ГУНУ” урсгалыг өөрийн номын багш О.Дашбалбарын хамт үүсгэн байгуулалцсан билээ.

Тэрбээр “Ойрад аялгуу”, “Сэргэн мандлын сар”, “Хат урсгал”, “Зүүн гарын эзэнт шүлэгс” яруу найргийн номууд туурвижээ.

Түүний уран бүтээл, авьяасыг билгийг төр засаг болон мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж Ховд аймгийн шилдэг шүлэг шалгаруулах “Алтайн дуулал” наадмын хошой тэргүүн шагнал, 1995 онд МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1999 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2001 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны “Болор цом” наадмын эзэн, 2016 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагджээ.

Яруу найрагч Х.Эрдэнэбаатарын “Урианхайн хөх уулс”, “Арван гуравдугаар сарын шүлгүүд” зэрэг гэгээн уянгалаг мөр бадаг, “Эх нутагтаа би хайртай”, “Санаж явах ижий” зэрэг дуунууд нь уншигч, сонсогчдын зүрх сэтгэлд тодоос тод дуурсагдсаар байдаг.

Бидний үзэг нэгт журмын нөхөр Х.Эрдэнэбаатарын гэгээн дүр, авьяас билиг, хүнлэг сайхан сэтгэл, шударга үнэнч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан байх болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *